ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Бямбасүрэн: Шивээсийг хязгаарлах шаардлагатай болсон байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-22

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрөгч амралтын өдрүүдэд болов. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабын дарга,  хурандаа Ц.Бямбасүрэнтэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж байна. Танай дүүргийн  хувьд цэргийн насны эрчүүдийн хамрагдалт хэр байна вэ?
-2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж өнгөрнө. Манай дүүргийн хувьд энэ сарын 20-ны байдлаар цэрэг татлагын эхний тоон үзүүлэлтээр 90.5 хувьтай /2018.10.20-ны өглөө 10:00 цагт/ явж байна. Тоон даалгавраа 100 хувь биелүүлсэн гэж хэлж болно. Сүхбаатар дүүргийн хувьд цэргийн насны иргэдийн хамралт маш сайн байгаа. Энэ жил цэргийн насныхан идэвхтэй байгаа. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо Засаг даргын захирамжийн дагуу бие бүрэлдэхүүн маш сайн ажиллаж байна. Бид жил, жилийн цэрэг татлагад тоон даалгавраа биелүүлж ирсэн. Нийтдээ 90 гаруй хүн ажиллаж байгаа.

-Цэргийн алба хаана гэдэг нэр төрийн хэрэг. Сайн дураараа цэргийн алба хаах залуус хэр байна вэ?
-Хангалттай биш байна. Ихэвчлэн албан шаардлагаар явдаг  хүн олон бий. Манайхан энэ талаар маш олон сургалт зохион байгуулсан. Мөн хорооныхоо хэсгийн ахлагч бүрт даалгавар өгч явуулсан байгаа. Хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт   сургалт явуулсан. Цаашид сайн дураараа цэргийн алба хаах хүмүүсийн тоог нэмэхийн тулд ЕБС-иудад цэрэг болоод эх оронч үзлийг төлөвшүүлж өгөх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн зарим их, дээд сургуулиудад цэргийн танхим нээж байгаа. Энэ үйл ажиллагаа нь ач холбогдол болоод үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байгаа. Хуучин байсан цэрэгжилтийн танхимыг нээж, уламжлалыг сэргээж байгаад талархалтай хандаж байна. Ингэснээр эх оронч үзлийг  залууст төлөвшүүлж, цэргийн алба хаах хүний тоо улам нэмэгдэнэ гэж бодож байгаа.  

-Цэргийн алба хаах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, төрийн жинхэнэ албан хаагч болно.  Түүнээс гадна хувь хүний төлөвшилд маш их нөлөөтэй. Ер нь хэр баргийн  үгэнд гомдоохооргүй хэмжээнд хүртлээ хат суудаг?
-Тийм ээ. Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн хүнийг ажилд зуучлахад нүүр бардам байдаг. Цэргийн алба хаасан хүнийг ажилд авах аж ахуйн нэгж олон бий. Манай дүүргийн хувьд цэргийн алба хаагаад ирсэн 100 гаруй хүнийг ажлын байранд зуучилж өгсөн. Энэ нь бол цэргийн алба хаагаад ирсэн хүний нэр хүнд шүү дээ. Хувь хүнд тэсвэр тэвчээр, хатуужил, хатыг суулгаж өгдөг зэрэг олон ач холбогдолтой.

-Залуучуудын эрүүл мэндийн байдал ямар байна вэ. Цөөнгүй хэсэг нь эрүүл мэндийн шалтгаанаас болж цэрэгт явж чаддаггүй шүү дээ?
-Эрүүл мэнд бол  хамгийн чухал асуудал. Залуус шүд, дотор, сэтгэцийн эмгэг, шивээс, элэгний В,С вирус өвчнөөр их хасагддаг. Биеийн ил гарсан хэсгийн 16 хувь шивээстэй бол цэрэгт авахгүй. Тиймээс залуучууд эрүүл мэндийн асуудалдаа онцгой анхаарах ёстой юм.  Шивээс нь хэдийгээр хувь хүний эрхийн асуудал боловч хууль эрх зүйгээр цаашид үүнийг  хязгаарлах шаардлагатай хэмжээнд хүрчээ гэдгийг хэлмээр байна.