Тал наран мандаж, харанхуй бүрий ноёрхсон амьдралтай хүмүүс бидний дунд байсаар л байна. Ийм 30 гаруй хүний амьдралд бүтэн нарыг мандуулж яваа нэгэн гэр бүлийн “Ачлалт хүүхдүүд” ТББ-ын асрамжийн төв байдаг аж. Манай сонины сурвалжлах баг Баян-хошууны Хөтөлд байрлах тус асрамжийн төвийг зорилоо. Төвийн үүдээр ормогц шаргал цамц, хөх өмдтэй 40 гаруй насны эмэгтэй инээмсэглэн, найрсгаар угтаж авсан нь танилынхаа гэрт зочилж буй мэт сэтгэгдэл төрүүлэв. Түүнд хаанаас, ямар шалтгаанаар явж байгаагаа хэлэхэд үүдний өрөөнд байрлах цагаан буйдан дээр сууж, ярилцлаа. Үүний дараа бидэнд асрамжийн газраа танилцуулахаар болсон юм. Тэрбээр “Намайг Болороо гэдэг. Эмч мэргэжилтэй. Ханийнхаа ажлыг дэмжин асрамжийн газрын удирдах зөвлөлийн гишүүн, эмч, нярав, тогооч, асрагч гээд өөрийнхөө хийж чадах бүхий л ажлыг хийж байна даа” хэмээгээд инээмсэглэв. Түүнээс “Ачлалт хүүхдүүд” ТББ хэдэн онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ” хэмээн сонирхон асуухад “Анх 2015 онд ханийн хамт харж хандах, дэмжиж туслах хүнгүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтрийн асаргаа шаардлагатай өндөр настай таван хүнийг өөрийн байрандаа байрлуулан асрах үйлчилгээг үзүүлсэн. Бид өдийг хүртэл энэ ажлаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж байна. Олон ч түрээсийн байр сольж нүүсэн дээ. Хэвтрийн олон хүн аваад нүүх амаргүй. Одоо бол дахин нүүх шаарлагагүй болсон.
Банкнаас 350 сая төгрөгийн зээл авч энэ байрыг худалдаж авсан” хэмээн ярьсан юм. Түүнтэй ярилцах үед тэд бол зарим нэг хүмүүсийн хэзээ ч хийж чадахгүй үйлдлийг зориглон хийж чадсан хүмүүс гэх сэтгэгдэл төрснөө нуух юун. Бидний ярилцаж суусан тус өрөөнд гурван модон ширээг байрлуулан тус бүр дээр нь шатар, даам, шагай тоглох буланг тохижуулсан харагдана. Мөн ахмадын чөлөөт цагаа өнгөрөөх бүжгийн талбайг тохижуулан, амарч суух буйданг хүртэл байрлуулжээ. Хэсэг зуур ярилцсаныхаа дараа тэрбээр дээд давхарт байрлах өрөөнүүдийг танилцуулахаар дагуулан гарлаа. Хоёр давхрын хаалгыг татан орвол хөх хивс дэвсэж, тухлан суух шаргал буйданг гурван шилэн хаалганы дэргэд байрлуулан тавьжээ. Баруун талын шилэн хаалгыг онгойлгож харахад, үл ялиг гэрэл тусах цонхны хажууд бор шаргал модон тавцан дээр дөрвөлжин саарал зурагтыг байрлуулсан байв. Толгой толгойг нь нийлүүлэн тавьсан зургаан ор эмх цэгцгүй харагдаж байлаа. Дараагийн өрөөнд орж сонирхвол өмнөхөөс ялгарахгүй тохижуулсан нь харваас илт. Зарим өрөөнд дөрвөн орны толгойг нийлүүлэн тавьж, нөгөө л нэг дөрвөлжин саарал зурагтыг байрлуулжээ. Өмнөх өрөөнүүдийг бодвол их л эмх цэгцтэй байсан юм.
Хоёрдугаар давхрын өрөөнүүдийг үзсэний дараа гурван давхарт гарав. Гурван давхар руу өгсөх шатны хананд долоон зургийг эгнүүлэн өлгөж, гурван давхрын шилэн хаалганы хажууд алган дээр байршинг дүрсэлсэн “Ачлалт хүүхдүүд”ТББ-ын логог томоор байршуулжээ. Хаалгыг татан орвол таван модон бор хаалга эгнэн харагдана. Тус давхарт үзлэг, ажил, асруулагчийн гурван өрөө байрладаг аж.
Асруулж байгаа хүмүүсийн өрөө рүү ороход өвчиндөө шанласан ,нүд халтирам дүр төрх өөрийн эрхгүй нүднээ тусна. Өрөөнөөс гараад дараагийн өрөө рүү орох зүрх хүрсэнгүй.
Я.Болороогоос “Таньд зүрх шимширмээр, эмзэглэмээр ямар зүйл байдаг вэ. Асрамжийн төв ажиллуулахад тохиолдож байгаа хүндрэл бэрхшээл юу байна” гэж асуухад, “Манай асаргаанд найман сайхан хүүхэд төрүүлсэн ээж байгаа. Хүүхдүүд нь сайхан амьдралтай байж нэг нь ч ээжээ авч асрахыг хүсдэггүй. Үүнийг харахаар л их эмзэглэдэг. Асрамжийн газарт ажиллах хүн олдохгүй нь их хэцүү. Энэ ажлыг хийхэд маш олон асрагч сольсон. 2-3 өдөр ажлаад том хүний өтгөн, шингэн цэвэрлээд ирэхээр зугтдаг. Энд асруулж байгаа хүмүүс өөрийн эрхгүй өмдөндөө бие засдаг. Хэвтрийн хүмүүс орондоо бие засна. Харин сэтгэцийн өвчтэй хүмүүст бол ердийн үзэгдэл. Үүнээс л асрагчид их дайждаг, зугтдаг” хэмээлээ. Тус байгууллага одоогийн байдлаар дөчөөс дээш насны долоон асрагчтай. Өдөрт гурван асрагч ээлжинд гарна, 24 цаг гараад 48 цаг амардаг гэсэн юм.
Хэвтрийн асруулагчийн өрөөнөөс гарах асрагчтай хэсэг хором ярилцан зогслоо. Түүнийг Д.Нямгэрэл гэдэг. Оёдолчин мэргэжилтэй, 45 настай тэрбээр энэ байгууллагад ажиллаад гурван жил болж байгаа гэв. Тэрбээр “Өөрийн хүүхэд, ах, эгч, аав, ээжээс минь ялгаагүй хүмүүс. Анх их хүндрэлтэй байсан. Одоо бол түүртээд байх зүйл байхгүй. Эд нар минь л өвчин зовлонгүй байгаасай” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байлаа.
Тэд байгаагаа бусадтай хуваалцаж, хүмүүсийг халамжилснаар сэтгэлийн асар их цэнгэл олдог бололтой. Магадгүй бүр авч байгаагаасаа илүү өгч байгаа нь тэр гайхалтай мэдрэмжид илүү дөхдөг юм болов уу гэсэн бодол толгойноос салахаа болив. Тус асрамжид байгаа 30 асруулагчийн 14 нь хэвтрийн өвчтөн, найм нь сэтгэцийн ямар нэг хэлбэрийн эмгэгтэй, үлдсэн найман асруулагч бие махбодийн байнгын согогын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс аж. Хүн бүхэн өөрийн гэсэн дурсамж туулж өнгөрүүлсэн замналтай. Энд байгаа 30 хүн ч өөрийн гэсэн дурсамж, элгэндээ нааж энхрийлдэг ээж, эрхэлж нялхардаг аавтай байсан. Харин тэдний ихэнх нь үр хүүхэд, гэр бүлтэй байсангүй. Хүүхэдтэй нэг нь тэднээсээ хол хөндий байсан нь энэ өдөр харгалзах хүн гэх хаяг зүүлгэжээ. Тэдний дунд насаараа сэхээтэн гаралтай гэгдэж, сайхан ажилтай, сурч мэдсэнээрээ гайхагдаж явсан нэг нь ч бий. Биднийг очиход Англи хэлээр сэтгүүл уншиж хорвоогийн явдлыг эргэцүүлэн суух буурал, сэтгэхүйн өсөлт нь зогссон н.Жамъянсүрэнгээс эхлээд гэр бүлийн хоёрт болон асруулагчдад хүүхэд шиг эрхлэх ахмадууд олон. Өглөө ирчихээд тэдэнтэй сайн байна уу гэж мэндлэх хэцүү байсан бол үдэш болоход баяртай гэж хэлэх бүр ч хэцүү байлаа. Ёстой л амьдралын нар ээж буйч, сэтгэлийн гал үгүй нүдний цог нь буусан буурлуудын эгэл ертөнцөд ийм ажээ.
Батчимэг