ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Болорчулуун: Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ

O.Admin
2018-10-24

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас тодрууллаа.

-Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт “Явган зам” аяныг хэрэгжүүлэхээр тусгасан гэсэн. Энэ аяны хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-“Явган зам” аяны хүрээнд зөрчилтэй газрыг олж, зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байгаа юм. Уг аяны хүрээнд албан байгууллагуудад Зөрчлийн тухай болон Захиргааны тухай хуулийн дагуу мэдэгдэл хүргүүллээ. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх хоёр жилд 3-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Мөн нийслэлийн иргэдэд үйлчлэх дөрвөн төвөөр дамжуулан иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан орц,  гарц, явган хүний зам талбайг хааж хийж гүйцэтгэсэн газрыг чөлөөлөх ажил хийнэ.  

-Зөрчилтэй гэж ямар газрыг хэлж байгаа юм бол. Тухайн газрыг зөрчилтэй гэж яаж мэдэх вэ?

-Тухайн байгууллага нь кадастрын зураглалаа хэтрүүлэн зам талбайг хааж хашаа, барилга барьсан бол зөрчилтэй газар гэсэн үг. Иргэдийн санал,  хүсэлтэд тулгуурлан  ажиллаж байгаа. Тус газрыг кадастар зурагтай харьцуулан тулгаж,  зөрчлийг илрүүлж байгаа. 

-Зөрчилтэй газруудад ямар арга хэмжээ авч байгаа вэ. Газраа чөлөөлөөгүй  тохиолдолд  яах вэ?  

-Тухайн газар нь кадастрын зураглалаа хэтрүүлэн зам талбай хаасан зөрчилтэй бол зөрчил арилгах талаар эхлээд мэдэгдэл хүргүүлнэ. Биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Энэхүү ажлын хүрээнд гарсан зардлыг Газрын тухай хуулийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан байдаг. Үүний дагуу ажиллаж байгаа. 

-Зөрчил илэрсэн хэчнээн байгууллагын хашаа, барилгыг албадан буулгасан бэ?

-Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам болон шатыг энэ сарын 16-ны өдөр буулгаж,  газрыг чөлөөлсөн.  Мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, “Өргөө” амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаануудыг буулгалаа. Түүнээс гадна,   “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт таван байршилд газар чөлөөлсөн. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Натур” худалдааны төвөөс Нарны зам руу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан зургаан хашаа,  Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэргийг чөлөөлөөд байна.   

-Зам талбайг чөлөөлөх ажил хэр үр дүнтэй байна вэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн газар мэдэгдэл хүргүүлсэн бэ? 

-Өнгөрсөн хугацаанд зургаан дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөх судалгаа гаргаснаас 187 байршилд газар чөлөөлөлтийн ажил хийсэн. Энэ жил нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 м/кв талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар дөрвөн газар мэдэгдэл хүргүүл­сэн. Тухайлбал, Үйлдвэрлэл, Урлалын  коллеж, Хан-Уул дүүрэг XIX хороололд явган хүний гарц, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд зам, Хүүхдийн ордон зэрэг байршилд явган хүний зам чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа. Эдгээр ажлыг хүйтний эрч чангарах хүртэл эрчимтэй үргэлжлүүлнэ.

Г.Батчимэг