ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Мөнхгэрэл: “Kinder police” аян ирэх сараас хэрэгжинэ

O.Admin
2018-10-25

Ирэх сараас хэрэгжиж эхлэх “Kinder police” аяны  талаар  Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч  М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-“Kinder police” аяныг яагаад хэрэгжүүлэх болов?

-Зам тээврийн ослын улмаас жилд  50-60 орчим хүүхэд нас барж, 1000 гаруй хүүхэд  ямар нэгэн байдлаар гэмтсэн байдаг. Насны ангиллаар нь авч үзвэл,  86 хувь нь 0-14 насны хүүхэд байсан. Осолд өртсөн цагийг авч үзвэл,   цэцэрлэг, сургууль орох болон тарах  цагуудад  хамгийн их өртдөг болохыг тогтоосон. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг,  эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Төсөл хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, зам тээврийн ослын тоо буурсан байгаа. Тийм учраас эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор ирэх сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна.

-“Kinder police” аянд хэчнээн цэцэрлэг, эцэг эх оролцох вэ?

-Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10 мянга гаруй эцэг эх, асран хамгаалагч оролцоно. Энэ төслийг арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн байгаа. Бид хантааз хэрэгслүүдээ захиалчихсан,  ирэхийг нь хүлээж байна. Ирэнгүүт нь хөтөлбөрөө эхлүүлнэ. Цэцэрлэгийн орчинд хүүхдийг хэрхэн зөв тээвэрлэн хүргэж байгаа. Зам гарц гаргалгааг хэр зөв гарч байна гээд бүх талаар хяналт тавина. Бидний энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахаа нэлээд олон цэцэрлэг илэрхийлж, хамтран ажиллахаар болсон. Цаашид нийслэлийн бүх цэцэрлэгүүдтэй хамтран ажиллана.

-Цэцэрлэгийн эргүүл юу  хийх вэ?

-Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг,  эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсохгүй. Хүүхдээ хүргэж буй асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэхийг заана. Мөн хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осол­гүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллана. Эргүүлээр ажиллах эцэг,  эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлагыг өгнө.

-Сургалтын талаар тодруулбал?

-Сургалтаар хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө өгөх талын мэдлэг олгоно.  “Blind spot” буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ зэрэг агуулгуудыг заана. Цэцэрлэг бүрт хүүхдийн тээвэрлэлтийн дүрэм журам хэрэгтэй материалыг бүгдийг нь тараасан байгаа. Бэлтгэл ажлаа дуусаад шууд хүмүүсээрээ хяналтаа тавиулж эхлүүлнэ. Эцэг,  эхчүүд биднийг дэмжин, хүүхдийнхээ төлөө хамтран ажиллаасай.

Г.Батчимэг