ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энхсайхан: Толгой нүцгэн явах нь цус харвалтын үндэс болдог

O.Admin
2018-10-26

Тархины харвалт түүний нас баралтаар Монгол Улс  дэлхийд дээгүүр байр эзэлж  байна.  Энэ талаар Нэгдүгээр эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайханаас тодрууллаа.

-Тархины харвалт яагаад ихсээд байна вэ. Шалтгаан нь юу байна? 

-Тархины харвалт цусны даралт ихсэх нь чихрийн шижин, тархины судасны хатуурал гэх их  олон шалтгаанаас болж үүсдэг. Манай эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх нь цусны даралт ихсэх шалтгаантай. Яагаад гэвэл, даралт буулгах эмийг тогтмол уухгүй байгаагаас болж байна. Зарим хүмүүс эмэнд дасал болно гэсэн буруу мэдээлэлтэй байдаг. Өвчин намдаах болон тайвшруулж, унтуулах эм дасал болдог. Түүнээс биш  даралт буулгах эм хэзээ ч дасал болдоггүй.  

-Сүүлийн үед тархины харвалт залуужиж байна гэсэн. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Тийм ээ, тархины харвалт жил ирэх тусам залуужиж байгаа.   Харвасан бүх хүний  20-иос багагүй хувь нь 50 хүртэлх насныхан байна. Тархины цус харвалт жилд дунджаар 100 мянган хүн тутамд 290 бүртгэгдэж, 49 нь нас бардаг. Энэ нь манай улс тархины харвалтын давтамжаар өн­дөр өвчлөлтэй орны тоонд ордог гэсэн үг. Тиймээс цус харвалттай тэмцэх цогц арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Иймд иргэд хэл яриа ээдрэх, гар, хөл сулрах, биеийн нэг тал хүндрэх, барьж буй эд зүйлсээ алдах, тэнцвэр алдагдаж, гуйвах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй юм.

-Эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар тодруулахгүй юу?

-Өндөр настнуудын хувьд судас хатууралт, сахарын өвчин, даралт ихсэхтэй холбоотой. Залуусын хувьд эдгээрээс гадна даралт ихдэлтээ хянахгүй байх, цусны өөх ихдэх, амьдралын хэв маяг, стресс голлон нөлөөлж байгаа. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах нь судасны хатууралт үүсэх нөхцөл болдог. Харин төрөх насны эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эмийг байнга хэрэглэх нь харвалтын эрсдэлт хүчин зүйл болдогийг тэр бүр мэддэггүй. Мөн толгой нүцгэн явах нь толгой өвдөх, архаг өвдөлт үүсэх нөхцөл болдог. Мигрен өвдөлт, толгой таллаж, хүчтэй өвддөг хүмүүс харвах эрсдэлтэй.

-Тэгвэл харваж байгаа хүнийг яаж мэдэх вэ?

-Дэлхийд жилд зургаан сая хүн шинээр харвалтаар өвдөж байна. 2030 он гэхэд энэ тоо 7.5 сая болох хандлагатай байна гэсэн судалгаа гарсан. Харвасан тохиолдолд шинж тэмдгийг нь мэдээд,  аль болох хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Харвалт хоёр янзаар явагддагийг иргэд тэр бүр мэддэггүй. Эхнийх нь тархины цус хомсрох харвалт буюу тархины гол артерийн судаснууд бөглөрөх юм. Энэ тохиолдолд хараа өөрчлөгдөх, хэл яриа тультрах, гуйвж дайвах, гар хөлийн мэдээ алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гурван цагийн дотор манай эмнэлэгт авчрах хэрэгтэй. Тэгвэл бөглөрсөн судсыг бүлж хайлуулах эмчилгээгээр онгойлгож, эд эсийг үхжихээс сэргийлж чадах юм. Эмчилгээний энэ шинэ арга манайд нэвтрээд гурван жил болж байна. Нөгөө нь тархины эдийн цус харвах хэлбэр. Өндөр даралтаас болоод судас ачааллаа даахгүй хагарснаас болж тархины эд эс рүү маш их хэмжээний цус юүлэгдэж ордог. Энэ тохиолдолд толгой хүчтэй өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, огиулах, татах, ухаан алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм үед яаралтай түргэн тусламж дуудаад,  даралт их байгаа бол даралтыг буулгах, бөөлжсийг амнаас нь гаргах зэрэг яаралтай арга хэмжээг авч,  аль болох ойрын эмнэлэгт очих хэрэгтэй. Гэтэл иргэд эхний гурван цагийн дотор нэгдүгээр эмнэлэгт очно гэж ойлгоод хаа холоос тээвэрлэж ирдэг. Налайх, Шувуун фабрикаас ирэх замдаа тухайн өвчтөн маш их цус алдаж өвчин нь даамжирсан байдаг. Ийм үед түргэний эмчийн заавраар ойрын эмнэлэгт хандаж амь насыг нь аврах тусламжийг юун түрүүнд хүргэх хэрэгтэй юм.

-Харвалт бүрэн эдгэрэх магадлал хэдэн хувьтай байдаг вэ?

-Эдгэрэх магадлалыг ярих хэцүү. Харвалтын хэв шинж, байршил, хэмжээнээс хамаарч эдгэрэлт янз бүр байдаг. Захын байрлалтай, том хэмжээний цус тархинд байх юм бол мэс заслын аргаар соруулж авна. Хэл ярианы төв дээр байршсан харвалтаас хэл ярианд өөрчлөлт орохоос биш гар хөл саажихгүй. Гар хөлийн саа, хэл яриа засдаг сэргээн засах эмчилгээ болон эмийн эмчилгээний үр дүн удаан хугацааны дараа харагддаг. Хүний эд эс богино хугацаанд гэмтдэг ч эргэж сэргэхдээ удаан хугацаа шаарддаг. Нэгэнт гэмтсэн эс эргэж сэргэнэ гэж байхгүй. Харин түүнийг орлон ажиллах эсүүдийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг. Тухайн өвчтөнөөс болон ар гэрийнхнээс маш их тэвчээр, хичээл зүтгэл шаардана.

-Харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?

-Тархины харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлаа хаях, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, өөх тос, давсны хэмжээг багасгах, архи согтууруулах ундаанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө тархины  харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Харин гэр бүлийн хэн нэгэн нь зүрх судасны өвчтэй, даралттай бол харвалтад өртөх магадлал өндөр. Даралтаа өдөр бүр, шаардлагатай бол хэдэн ч удаа үзэж болно. Даралтны эмийг эмчийн заавраар өдөр бүр тогтмол, таслалгүй уух хэрэгтэй.

Г.Батчимэг