ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Бөхбат: Машиндаа хэтэрхий чанга хөгжим тавихыг хориглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-29

Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт шинэчилсэн дүрмийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Шинэ дүрмийн талаар мэдээлэл өгөөч?
-Манай улсад жилд 5000 орчим зам тээврийн осол гарч, 650-700 хүн амь насаа алддаг. Мөн ослын улмаас 13 тэрбум төгрөгийн эд материалын хохирол гардаг гэсэн судалгаа бий. Осол гарч байгаад жолоочийг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсныг, эсвэл явган зорчигчийг буруутгадаг. Гэтэл ихэнх жолооч дүрмээ мэдэхгүй, мөрдөхгүй байгаатай л холбоотой. Тийм учраас шинэ дүрмийг хүнд илүү ойлгомжтой байхаар, зөвлөмж маягаар бичиж өгсөн. Дээрээс нь жолооч, явган зорчигч гэх мэт хэд хэд хэсгүүдэд хуваалаа. Өмнөх замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй зүйл шинээр нэмэгдсэн шинэчилсэн дүрмийг ирэх сарын 1-нээс мөрдөнө.  Шинэ дүрмийн талаар legalinfo.mn сайтаас орж уншиж, танилцахыг зөвлөж байна. Хэрэв шинэ заалтуудтай холбоотой ойлгомжгүй зүйл байвал энэ талаар Тээврийн цагдаагийн албанд ирж мэдээлэл авах боломжтой. Шинэчилсэн найруулгын 60 төрлийн зүйл заалтыг зайлшгүй судлах шаардлагатай гэдгийг дахин дахин сануулмаар байна.

-Шинэчилсэн 60 төрлийн зүйл, заалтаас онцлох заримаас нь дурдвал?
-Авто замын нэгдүгээр эгнээгээр автобус зорчиж байхаар зохицуулсан байсан. Тэгвэл шинэ дүрмээр такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэд машинтайгаа зорчиж болохоор зааж өглөө. Мөн шуурхай хөдөлгөөний автомашин бас зорчих эрхтэй болж байгаа. Тээврийн хэрэгсэлтэй авто замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас болон түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг хориглоно. Машиндаа хэтэрхий чангаар хөгжим сонсохыг мөн хориглож байгаа. Бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах ёстой. Явган зорчигч 10-аас доош насны хүүхэд дагуулж явбал өөрөөсөө холдуулахгүй, хөтөлж явна гэж зааж өгсөн.  Хүйтний улирал эхэлсэн, цас орсон үед тээврийн хэрэгсэлдээ заавал өвлийн дугуй тавьсан байх шаардлагатай. Гэх мэт онцлох заалтууд орсон. 

-Шинэчилсэн дүрэмтэй холбоотойгоор замын камерын тоог нэмэгдүүлэх үү. Камерын тоог нэмэгдүүлж байж дүрэм мөрдөж байгаа эсэхийг хянах боломж нь нэмэгдэх байх?
-Шар тэмдэглэгээтэй уулзваруудаар зөрчил илрүүлэгч камер нэмж суурилуулсан байгаа.  Хэрэв цагдаагийн байгууллагад боломж байвал бид явган хүний гарц болгон дээр бусад улс орон шиг жижиг оврын камер тавьж суурилуулахаар санал хүргүүлсэн. Ингэвэл гарц дээр зам тавьж өгдөггүй сахилгагүй жолооч нарын асуудал шийдэгдэж, жолооч нар хариуцлагажих боломж байгаа юм. Дүрэм гэдэг нь эцсийн бүлэгт, иргэд зорчигчдын аюулгүй байдлын төлөө гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.  

-Зарим уулзварт хийсэн шар тэмдэглэгээ арилсан гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Шар тэмдэг арилаагүй гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага төсөв, хөрөнгийн асуудлыг ярьдаггүй. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс бид үүнийг захиалж хийлгэсэн. Гэхдээ арилсан, арилаагүй гэх асуудлыг гүйцэтгэж байгаа байгууллага мэднэ. Одоогоор бидэнд арилсан гэх мэдээлэл ирээгүй байна. Агаарын бохирдол ямар байгааг л  харууллаа. Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа 300 цагдаа ямархуу хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгааг харж болно. Шар тэмдгийг тавиад тав ч хоноогүй байхад шар зураас хэрхэн бохирдсон байгааг харж болно. Гэтэл зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын уушгинд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг төсөөлөхөд бэрх. Харин шар тэмдэгт санаа зовох хэрэггүй. 

 

Шинэчлэгдсэн дүрэмд нэмэгдсэн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулна

 

-Эсрэг урсгал сөрвөл 50.000 төгрөгөөр торгуулж, эрхээ зургаан сараар хасуулна.
-Холын гэрлээ шилжүүлээгүй бол 20.000 төгрөгөөр торгуулна.
-Бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол 25.000 төгрөгөөр торгуулна.
-Үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй жолооч замын хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулна.
-Эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол 200.000 төгрөгөөр торгуулна.
-Явган хүний гарц дээр зогсвол 20.000 төгрөгөөр торгуулна.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 400.000 төгрөгөөр торгуулж, эрхээ хасуулна.
-Эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тээвр­ийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна.
-Жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлбэл 100.000 төгрөгөөр торгуулна.
-Хурдыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр торгуулна.
-Жолоо барьж байхдаа утсаар яривал 20.000 төгрөгөөр торгуулина.
-Хамгаалах бүс зүүгээгүй бол 20.000 төгрөгөөр торгуулна.
-Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулна.
-Улсын дугааргүй, улсын дугаараа далдалсан үедээ хөдөлгөөнд оролцвол 25.000 торгуулна.
-Бүртгэлгүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол 50.000 төгрөгөөр торгуулна.
-Цагдаагийн шаардлага биелүүлээгүй бол 250.000 торгуулна.
-Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 100.000 торгуулна.
-“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асаах, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явж, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлээгүй бол 50.000 төгрөгөөр торгоно.
-Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50.000 төгрөгөөр торгоно.
-Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн хүнгүйгээр буюу харгалзах хүнгүй машинд үлдээсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.
-10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглаагүй бол 50.000 төгрөгөөр торгуулна.
-Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргавал 50.000 төгрөгөөр торгоно.
-Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхад хаалга нээвэл 50.000 төгрөгөөр торгоно.
-Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.
-Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглоогүй бол 50.000 төгрөгөөр торгоно.
-Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэвэл 50.000 төргөрөөр торгоно.
-Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.
-Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн бол 50.000 төгрөгөөр торгоно.