Ирэх сарын 01-нээс “Нарантуул” захаас орон нутаг руу зорчигч тээвэрлэхийг хориглоно гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Зорчигч тээврийн тасгийн ахлах мэргэжилтэн О.Энхбатаас тодрууллаа.
-“Нарантуул” захаас орон нутаг руу зорчигч тээвэрлэхийг хориглож байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Автотээврийн тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хот хоорондын замд гарч байгаа осол, зөрчилийг багасгах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. “Нарантуул” захаас албан ёсны зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй маш олон зорчигч тээвэр үйл ажиллагаа явуулдаг. Манайхтай гэрээтэй зорчигч тээврийн зургаан чиглэл байдаг. “Нарантуул” зах нь зорчигч тээврийн хяналтын үйл ажиллагаа явуулах зориулалтын зогсоол, автобуудал биш. Иргэдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор орон нутгийн иргэд олон жил яваад сурчихсан. “Нарантуул” захаас явах хүсэлтэй байдаг болохоор тэнд байлгаад байсан. Ирэх сарын 01-нээс захаас явдаг чиглэлүүд Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төв буюу драгон авто вокзал, Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төв буюу тэнгэр худалдааны төвөөс явна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан байгаа.
-Захаас хэчнээн чиглэлд зорчигч тээвэрлэдэг юм бол?
-“Нарантуул” олон улсын худалдааны төв орчмоос өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа бий. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг.
-Гэрээтэй ямар зургаан байгууллага байдаг вэ. Эдгээр чиглэлүүдийг хоёр хувааж хуваарилсан гэсэн үг үү?
-“Нарантуул” худалдааны төвөөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа “Ертөнц тур” ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, “Автобус тав” ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу “Драгон” төв рүү шилжүүлэхээр болсон. Харин “Буманзамт” ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сум, Багахангай дүүргийн чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төв буюу тэнгэр худалдааны төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэд гаргахаар шийдвэрлээд байна.
-Энэхүү ажлыг хийх нь ямар ашигтай юм бэ?
-Дээрх өөрчлөлтийг хийснээр “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмоос хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгслээр хулгайгаар буюу зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгааг таслан зогсоох, хяналт тавих нөхцөл бүрдэж орон нутгийн замд гарч зам тээврийн осол аваар буурч хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах ач холбогдолтой юм. Энэ жил анх удаа хийж байгаа ажил бол биш. Өнгөрсөн онд Завхан аймгийн Улиастай руу явдаг байсан чиглэлийг Сонгинохайрхан зорчигч тээврийн төв рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн үе шаттайгаар багасгаж явж байгаад үлдсэн зургаан чиглэлийг хамтад нь шилжүүлж байгаа юм.
-Хяналтыг хэрхэн тавих вэ?
-Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс буюу Тээврийн цагдаагийн алба, АТҮТ-ийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар “Нарантуул” захад ажиллана. Зөвшөөрөлтэй байгууллагуудаа шилжүүлнэ. Зөвшөөрөлгүй байгууллагын үйл ажиллагааг цагдаа нартай хамтран зогсооно.