Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналтын талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газар хяналт шалгалт хийсэн. Хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, найм буюу 6.6 хувь нь цайны газаргүй байсан. Үүнээс гадна, шалгалтад хамрагдсан сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76.36 хувьтай байна. Цайны газруудын 89 буюу 74.78 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй, 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилдэг байна.
-Шалгалтын явцад илэрч байсан нийтлэг зөрчил юу байсан бэ?
-Хяналт шалгалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргаагүй. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг гэрчилгээ, шинжилгээний дүн бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй хэд хэдэн сургуулиуд байсан. Шалгалтын явцад Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд нарын хамтран гаргасан сургуулийн дотоод орчинд худалдаалагдахгүй хүнсний бүтээгдэхүүн А448, А 208 тоот тушаалын хэрэгжилтэд бас хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад сургуулийн орчимд хориглосон бүтээгдэхүүнийг худалдаалж байсан хэд хэдэн сургууль байлаа. Тодорхой арга хэмжээ авсан байгаа.
-Илэрсэн зөрчлүүдэд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Шалгалтаар эрүүл ахуйн, хүнсний стандартын чиглэлээр нийт 847 зөрчил илрүүлж 56.7 хувийг арилгуулан, 44 байгууллагад улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн шийтгэл ноогдуулсан. Мөн “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч ажиллалаа. “Үдийн цай” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, иргэнд хоёр удаагийн сургалт зохион байгуулж сургуулийн ойр орчимд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний нэрсийг 262 сургууль, түүний цайны газарт нааж байршууллаа.
-Үдийн цайны цэсний стандарт гэж байдаг. Энэхүү стандартаа хангаж чадаж байгаа болов уу?
-“Үдийн цай” хөлбөрийн хэрэгжилтийг 73 хувийн хэрэгжилттэй байна гэж дүгнэсэн. Хөтөлбөрийн цэс батлагдсан байдаг. Шалгалтаар цэсийн зохицол болон дотоод хяналт хангалтгүй гэж дүгнэсэн. Үнэ мөнгөний хувьд нэг хүүхдийн үдийн цай 600 төгрөгийн төсөвтэй байдаг. Санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт холбогдох байгууллагууд санал нэгдээд, ажиллаж байгаа.
-Үдийн хоол, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандартыг зөрчсөнөөс болж хүүхэд хоолны хордлого авсан тохиолдол байгаа юу?
-Сүүлийн гурван жилд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хордлого авсан тохиолдол гараагүй. Сургууль, цэцэрлэгийн орчинд хордлого гарсан тохиолдолд тухайн газарт ажилласан эмнэлгийн байгууллагууд манай байгууллагад мэдээлэх үүрэг хүлээдэг. Үүний дагуу бид очиж ажилладаг.
Г.Батчимэг