ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Оюундарь: Цахиур нь цухуйж эхэлсэн цагаас хүүхдийн амны хөндийг цэвэрлэх ёстой

O.Admin
2018-11-02

Амны хөндийн эрүүл мэнд монголчуудын хувьд тэр бүр анхаарал хандуулдаггүй орхигддог боловч нөгөө талаар тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн. Тиймээс амны хөндийн эрүүл мэнд, амны хөндийг хэрхэн зөв арчлах  талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Б.Оюундариас тодрууллаа.

-Амны хөндий цэвэрлэх дадал буруу хэвшүүлсэн хүмүүс их байдаг. Хүн яг хэзээ, яаж шүдээ угаах ёстой вэ?

-Монголчууд ихэнхдээ шүдний цэвэрлэгээг буруу давтамжтай хийх, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг буруу хэрэглэснээс амны хөндийн эрүүл байдал алдагдахад хүргэдэг. Мөн хоол хүнсний чанар, хооллох давтамж зэрэг нөлөөлнө.  Тухайлбал, шүдний оо, сойзоо зөв сонгож чаддаггүй.  Сойзыг ямар хугацааны дараа солих талаар мэдээлэлгүй хүмүүс их байдаг. Тиймээс өөрийн амны хөндийд тохирсон оо, сойзыг авч хэрэглэх нь үр дүнтэй. Амны хөндийг цэвэрлэх дадлын хувьд өдөрт гурван удаа, гурван минутаар угааснаар өвчлөлөөс сэр­гийлэх боломж­той. Ингэхдээ өглөөний цайгаа уусны дараа ажилдаа гарахын өмнө шүдээ угааж хэвших хэрэгтэй. Өглөө босоод амаа угаачихаад цайгаа уугаад гарвал ямар ч үр дүнгүй. Өдөржин өнгөртэй шүдтэй явж байна гэсэн үг. Мөн өдрийн хоол идчихээд шүдээ угааж байх хэрэгтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна. Бас орой унтахын өмнө шүдээ угаах нь үр дүнтэй. 

-Шүдний сойзыг сонгох­доо үсийг нь яаж мэдэж сонгох ёстой вэ? 

-Шүдний сойзыг сонгохдоо савалгаан дээр нь зөөлөн буюу Soft, дунд зэрэг medium, хатуу strong гээд бичсэн байдаг. Зөөлөн үстэй сойзыг шүд нь хэт мэдрэг, эсвэл буйлны үрэвсэлтэй хүмүүс хэрэглэвэл тохиромжтой. Дунд зэргийн үстэй сойзоор амны хөндий нь хэвийн, эрүүл шүдтэй хүмүүс хэрэглэнэ. Харин хатуу үстэй сойзоор хиймэл шүд угааж хэрэглэдэг. Мөн шүдний утас, ам зайлагч гэх мэт ам арчилгааны нэмэлт хэрэгслүүдийг хэрэглэх нь зөв. 

-Шүдний утсыг монгол­чууд тэр бүр хэрэглэж хэвшээгүй. Мөн шүд хоорондоо зай завсар үүсгэдэг гэдэг ойлголт бий. Энэ буруу ойлголт уу? 

-Энэ буруу. Шүдний утсыг яагаад хэрэглэх ёстой вэ гэвэл шүд угаахад сойзны үс шүдний завсар орох боломжгүй бүдүүн байдаг учраас шүдний завсар болгоныг цэвэрлэж чаддаггүй. Тиймээс шүдний утсаар нэмэлт цэвэрлэгээ хийж, шүдээ бүрэн цэвэрлэж байгаа юм. Тэгэхгүй бол шүдний завсрын цооролт үүсгэдэг. Мөн шүдний утаснаас гадна ам зайлах уусмалыг хэрэглэж болно. Ам зайлах уусмалыг хэрэглэснээр илүү үр дүнтэй. 

-Ам зайлах шингэнийг хэрэглэж хэвшээгүй хүмүүс цөөнгүй. Яагаад хэрэглэх ёстойг тайлбарлаж өгөхгүй юу?

-Ам зайлах шингэнүүд нь ооны адил дотроо найрлага зориулалтаасаа хамаараад олон төрөл бий. Мэдээж амны хөндий нь хэвийн, зовиургүй бол өргөн цэвэрлэх зориулалттайг, харин шүд нь мэдрэг эсвэл буйл нь үрэвсэлтэй бол нэмэлт найрлагуудтай эмчилгээний ам зайлах уусмалуудыг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөе.

-Бага насны хүүхдийн шүдэнд  ямар шүдний оо сонгох ёстой байдаг вэ?

-ДЭМБ-аас зургаагаас доош насны хүүхдүүдэд фторгүй шүдний оо зөвлөдөг байсан. Гэхдээ  сүүлийн үед фтортой оогоор угаах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг иргэдэд хүргүүлж байна. Хүүхдийн шүдийг фтортой оогоор угааж байгаа бол түрхэх хэмжээгээр нь фторын агууламжийг хянах боломжтой. 0-3 настай хүүхдэд маш бага хэмжээтэй түрхэц байдлаар оог хэрэглэх хэрэгтэй. 3-6 насны хооронд жижиг вандуйны хэмжээтэй түрхэж хэрэглэнэ. Хүүхэд томрох тусам ооны хэмжээгээ өөрөө тохируулаад хэрэглэж болох юм.

-Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, тэр дундаа шүдийг хэдий үеэс  нь эхэлж анхаарч, цэвэрлэх ёстой вэ?

-Хүүхдийн цахиур цухуйж эхэлсэн цагаас л тохирсон бүтээгдэхүүнээр амны хөн­дийг нь арчилж, өнгөрийг цэвэрлэх ёстой. Хамгийн эхлээд нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгах хэрэгтэй. Аажим аажмаар насанд нь тохирсон сойз, оог хэрэглэж цэвэрлэнэ. 

-Бага насны хүүхдийн шүдний өвчлөл ихэссэн. Энэ чухам юунаас шалтгаалж байна вэ?

-Хүүхдийн шүдийг буруу арчлах, дутуу цэвэрлэх зэргээс ихэвчлэн шалтгаалдаг. Мөн үүнээс гадна хоолны найрлага чанар, хооллох давтамж зэргээс ихээхэн хамаарна. Сүүлийн үед чихрийн агууламж өндөртэй шүдэнд наалдах чанар нь их амттан, ундааны хэрэглээ ихэссэн. Мөн хатуулаг ихтэй хүнсний хэрэглээ багассан, зөөлөн чанарын хоол хүнс ихээр хэрэглэх болсон  нь шүд цоорох өвчин, түүний хүндрэл, цаашилбал нүүр амны гажиг үүсэхэд ихээр нөлөөлж байна. Иймээс хүүхдийнхээ болон өөрсдийн шүдийг зөв арчилж цэвэрлэснээр шүдний цоорол, түүнээс гарч болох хүндрэлүүд, ерөнхий биеийн олон төрлийн өвчлөлүүдээс сэргийлэх боломжтой юм.  

Г.Батчимэг