ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Даваацэрэн: Гадны хөрөнгө оруулалтуудыг авч музей байгуулах чиглэлээр ажиллана

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-11-06

Улсын хэмжээнд 36 музей үйл ажиллагаа явуулж буй ч барилга байгууламжууд нь насжилт өндөртэй, стандартын шаардлага хангадаггүй тул БСШУСЯ-наас тэдгээрийг эрэмбэлэн, эхний ээлжинд дөрвөн музейг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс тодрууллаа.  

-Дөрвөн музейг шинэчлэхээр болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-БСШУСЯ-наас музейн барилга байгууламжийг шинэчлэхтэй холбоотой эрэмбэ дараалал гарга­сан. Өнөөдөр музейд ашиглагдаж байгаа барилга байгууламжийн ашиглалтын байдал шаардлага хангахгүй байна. Тийм учраас ашиглагдаж байгаа 80 гаруй барилгыг алийг нь нэн тэргүүнд шинэчлэх, алийг нь их засвараар засах, алинд нь сэргээн засварлалт хийх вэ гэх мэтээр эрэмбэлсэн. Энэ дагуу 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Байгалийн түүхийн музей, Өмнөговь, Баянхонгор, Орхон аймгийн музейг шинэчлэхээр оруулсан. 

-Ямар нэгэн шалгуураар эдгээр дөрвөн музейг сонгосон уу. Энэхүү ажил ямар шатандаа явж байгаа юм бол? 

-Барилга байгууламжийн ашиглалтын байдал, тухайн бүс нутагтаа ямар үр өгөөж өгөх вэ гэдгийг харгалзан үзэж сонгосон. Тодруул­бал, Баянхонгор аймгийн музей зам харилцаа сайтай баруун, зүүн чиглэлийн аялал жуулчлалыг дагасан боломжийн байршилтай байгаа юм. Харин Өмнөговь аймаг нь урагшаа чиглэсэн, Орхон аймаг нь Хөвсгөл тийшээ чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Одоогоор Өмнөговь аймгийн барилгын ажил эхэлсэн. Нөгөө хоёр аймгийн хувьд урьдчилсан бэлтгэл ажил хангагдсан. Барилга байгууламжийн зураг төсөл бэлэн болсон. Газрын асуудлыг шийдсэн. Одоо хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэх түвшинд явж байна. 

-Тэгэхээр Байгалийн түүх­ийн музей хэзээ ажиллаж эхэлнэ гэсэн үг вэ? 

-Байгалийн түүхийн музейг шинээр барих асуудал яригдаж байгаа. Буцалтгүй тусламжийн хүрээнд барих хүсэлтийг 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгчид тавьсан. Солонгосын зүгээс асуудлыг судалж үзэх зорилгоор өнгөрсөн аравдугаар сард судлаачид ирж нөхцөл байдалтай танилцсан. Хоёр талаас холбогдох мэргэжилтнүүд КОЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газарт байнга мэдээлэл харилцан солилцож байгаа. Анх 58 орчим сая долларын асуудал яригдаж байсан. Солонгосын тал амаргүй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэдэг утгаар саналыг дахиж харгалзаж, судалж үзээч гэдэг саналыг ирүүлсэн. Үүний дагуу БСШУСЯ-наас санал боловсруулж, хоёрдагч хувилбарыг явуулсан. Газрын болон хөрөнгө оруулалтын асуудалд өмнөхөөсөө өөр хувилбараар явж байгаа гэсэн үг. Одоогоор Солонгосын талаас байр суурь илэрхийлсэн зүйл ирээгүй байна. Музейн барилга байгууламж өртөг зардал өндөртэй. Одоогоор ямар нэг хувилбар дээр эцэслэж тогтоогүй байгаа учир хэзээ гэдгийг хэлэхэд эрт байна. Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн тохиолдолд аль болох хурдан ашиглалтад оруулна. 

-Бусад музейн санхүүгийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ? 

-Эдгээр барилга байгуулам­жийг шинэчлэхдээ холбоотой асуудлыг зөвхөн улсын болон орон нутгийн төсөвт даатгаж үлдээх бодолгүй байгаа. Болж өгвөл гадаад эх үүсвэрүүдээс, мөн хувийн хэвшлээс хөрөнгө оруулна гэсэн хувилбаруудыг эрэлхийлж байна. Хэдийгээр мөрийн хөтөлбөрт ороогүй ч гэсэн хөдөө хээр оршиж байгаа түүхийн дурсгалуудыг хамгаалах зорилгоор гадны хөрөнгө оруулалтуудыг авч музей байгуулах чиглэлээр ажиллана. 

-Эдгээр музейг шинэч­лэхийн тулд тэнд байгаа эд өлгийн зүйлийг хаана хадгалах вэ?  

-Музейн үйл ажиллагааг зосоож байгаад ажиллана гэдэг төвөгтэй. Сан хөмрөгүүдэд хуваарилж хадгалж таарах байх. Аюулгүй, шаардлага хангасан нөхцөлд тухайн эд өлгийн зүйлс үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалж таарна. Байгалийн түүхийн музейн хувьд ард талын сан хөмрөгийн зориулалтаар барьсан дөрвөн давхар барилгын хоёр сан хөмрөгт байгалийн цуглуулгуудыг хадгалж байгаа.