Галт зэвсгийн тооллогын талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбатаас тодрууллаа.
-Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд “Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага явуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу улсын хэмжээнд “Зэвсэг-2018” нэгдсэн үйл ажиллагааг өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа. Тооллогын ажил эхэлсэнээс хойш өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30.4 хувьтай явж байна.
-Хоёр сарын хугацаанд үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?
-Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого явагдаж байгаа талаар иргэд, олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Мөн эрэн сурвалжилж байгаа болон бүртгэлд хамрагдаагүй нуугдмал галт зэвсгийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох зэрэг чиглэлээр бүх шатны Засаг дарга нартай хамтран ажиллана. Үүнээс гадна, цагдаагийн байгууллагаас иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй шуурхай хүлээн авч галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг эх сурвалж шаардахгүй бүртгэж, гэрчилгээжүүлэх юм. Мөн өөрийн эзэмшилд байх зарим галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, өвлүүлсэн гэх мэт оршин суух хаягийг өөрчлүүлсэн зөрчлийг арилгуулж байгаа.
-Ямар зориулалттай галт зэвсгийг өмчлөх, эзэмших боломжтой бэ?
-Иргэний зориулалттай ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор галт зэвсгийг Монгол Улсын иргэн өмчилж, эзэмшиж болно. Түүнчлэн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчлөх, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг ашиглах боломжтой юм.
-Хүн бүр галт зэвсэг өмчлөх, эзэмших боломжтой юу?
-Галт зэвсгийн хуульд зааснаар 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно. Энэхүү шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээд хуульд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүсдэг. Дээрх шаардлага хангасан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.
-Галт зэвсэг тоолуулаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.6 зүйлийн 5.6.5 дахь хэсэгт зааснаар иргэнийг 40 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэдэг.
-Гээгдүүлсэн тохиолдолд хаана хандах ёстой вэ?
-Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг болон гэрчилгээг гээгдүүлсэн тохиолдолд журамд заасны дагуу цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх ёстой.