ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Нармандах: Сайн унтаж амарснаар бодисын солилцоо сайжирч, дархлаатай болдог

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-11-12

Ханиад томууны үе эхэлж байгаа энэ үед хүүхдийн дархлааг сэргээх болон хэрхэн дэмжих талаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Нармандахаас тодрууллаа. 

-Хүүхдийн дархлааг яаж сэргээх ёстой юм бол? 

-Хүүхдээ эрүүл орчинд зөв асаргаатай өсгөж, бойжуулсан тохиолдолд хүүхэд өвдөхгүй. Тэгэхээр өвдөхгүй байх боломж нь юу вэ гэхээр амьдралын энгийн дадал, хэвшил, ахуйн нөхцөл байдаг. Тухайлбал, нярай хүүхдэд эхийн хөхний сүү маш хэрэгтэй зүйл байдаг. Хөхний сүүнд хүүхдийн дархлааны бэлдмэл тэр чигээрээ урсаж байдаг. Тиймээс хөхний сүүгээр бойжсон хүүхдүүд дархлаа дуталтай болон өвчинд өртөмтгий байдалд өртөх эрсдэл байхгүй. Эхчүүд аль болох хүүхдээ хөхний сүүгээрээ бойжуулах ёстой. Зургаан сар хүртэл тасралтгүй хөхний сүүгээр бойжуулдаг. Зургаан сараас эхлээд хүүхэд нэмэлт хоолонд орж эхэлдэг. Хоёр нас хүртлээ энгийн хоолонд дассан байдаг. Улсаас хоёр жил хүүхдээ асар гэсэн чөлөө өгдөг. Энэ хугацаанд хүүхдээ хөхний сүүгээрээ бойжуулж, өөрийнхөө гараар бэлдсэн хоол хийж өгөх юм бол танай хүүхэд аюулгүй хүнс хэрэглэж байна гэсэн үг. Хүүхэд эрүүл бойжино. Мөн насны онцлогт нь тохируулж, зөв хоолоор хооллох хэрэгтэй. Хадгалалт нь мэдэгдэхгүй бэлэн хоол хэрэглэснээр хүүхэд өвчлөх хандлагатай байдаг. Чанарын шаард­лага хангаагүй муудсан, хугацаа дууссан хоол идсэнээс болж хүүхэд ходоод гэдэсний өвчинд өртөх магадлалтай. Энэхүү өвчинд өртсөнөөр хүүхдийн гэдсэнд ашигтай байдаг бактер устгагддаг учир хүүхдийн өвчин ихсэх юм уу, эсвэл дархлаа дутал үүссэнээс болж ямар нэгэн өвчинд өртөх магадлал өндөр болдог юм. 

-Тэгэхээр хүүхдийн дарх­лааг дэмжихийн тулд хооллолтод анхаарах ёстой юм байна. Ямар хоол хүнс идүүлэх хэрэгтэй вэ? 

-Хүнсний ногоо, жимс, уураг амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хамгийн гол нь тухайн хүнсний бүтээгдэхүүн шинэ байх ёстой. Муудаагүй, чанар алдагдаагүй байхаас гадна хоол бэлдэж байгаа хүн гараа сайн угааж, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой юм. Мөн насны онцлогоос хамаарч хоол хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ талаар өрхийн эмч болон хүүхдийн эмчээс зөвлөгөө авч болно. 

-Хооллолтоос гадна хув­цаслалт бас чухал байх болов уу? 

-Хувцаслалт нь хүүхдийг эрүүл өсөхөд хамгийн чухал асуудал байдаг. Сэрүүний улирал болж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй. Тухайлбал, хүүхэд чөлөөтэй хөдлөх, дулаахан байх, малгай ороолт бээлий гэх мэт бүрэн хувцаслах ёстой. Мөн ороолтоос гадна маск хэрэглэх нь чухал. Энэ нь халуун, хүйтэн хавсраад хоолой өвдөх, утаа болон шороо тоосноос хамгаалдаг. Амны маскийг өдөрт хоёрыг хэрэглэх нь тохиромжтой. Хүйтний улиралд ороолтны цаана заавал маск байх ёстой. Хүүхэд бүх арьсаараа амьсгалж байдаг. Гэтэл буруу хувцасласнаас болж хөлөрдөг. Хүүхэд хөлрөх нь биеийн шингэнээ алдаж байна гэсэн үг. Ингэснээр хамаг элементээ гадагш алдаж, цус нь өтгөрөх, хүүхдийн толгойд судас нь гүрдийж цэнхэр харагддаг. Бодисын солилцоо удааш­раад ирэхээр өв­чин үүсэх магадлал өндөр болдог байгаа. Тиймээс хүүхдэд нэгээс хоёр размер том, агаар солилцуулдаг, даавуун хөнгөн материал­тай хувцас өмсгөх нь тохиромжтой. Хүүхэд хэдий чөлөөтэй хувцастай байх тусам бодисын солилцоо сайн явагдана. Бодисын солилцоо сайн байх тусам дархлаа сайн ажиллаж, өөрийгөө хамгаалдаг. 

-Хүүхэд бүх арьсаа­раа амьсгалж байдаг гэсэн. Арьсаа хөлөр­гөхгүй чөлөө­тэй амьс­галуулахын тулд ямар зөвлөгөөг дагах ёстой юм бол? 

-Хүүхдээ долоо хоногт 1-2 удаа усанд оруулах хэрэгтэй. Харин хоёр нас хүртэл толгойг нь өдөрт хоёр удаа угаах ёстой. Хөлөрснөөс болж рахит буюу сульдаа өвчинд өртөх магадлалтай байдаг. Тиймээс толгойг нь угааснаар тайван байж, унтах хугацаа нь ч уртасдаг. Заавал саван, шампунь хэрэглэх шаардлагагүй. Хүүхэд сайн унтаж амарснаар бодисын солилцоо сай­жирч, дархлаатай болдог.