ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Одгэрэл: Антибиотикийн зохисгүй хэрэглээ үхэлд хүргэх аюултай

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-13

Антибиотикийн зохисгүй хэрэглээний талаар ХӨСҮТ-ийн Эмийн судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Т.Одгэрэлээс тодрууллаа.

-Антибиотикийн буруу хэрэглээ ямар сөрөг үр дагаврыг авчирдаг вэ. Сөрөг үр дагавартай гэж ярьдаг атлаа хяналтгүй хэрэглээ газар авсаар байна шүү дээ?

-Антибиотикийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь хамгийн түрүүнд эмчилгээг үр дүнгүй болгодог. Антибиотик гэдэг нь энгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг химийн бэлдмэл. Гэтэл үүнийг антибиотикийн мэдрэг чанар тодорхой­лох шинжилгээний хариуд үндэслэж хэрэглээгүйгээс, вирусын гаралтай халдварын үед хэрэглэх, тогтсон цагийн дагуу тодорхой тунгаар хэрэглээгүй зэрэг шалтгаануудын улмаас хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг. Ингэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар амь насанд аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг үхэлд хүргэх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Антибиотикт дасалтай болох гэж ярьдаг. Энэ нь ямар шалтгаантай байдаг юм бол?

-Антибиотикийн тэсвэр­­­­жилт гэдэг дээр хэлсэн шалтгаанууд­тай холбоо­тойгоор тухайн халдвар үүсгэгч нянд тэсвэржилт үүсдэг гэсэн үг. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс л тэсвэржилт үүснэ. 

-Шинжилгээ өгч бай­ж өөрт тохирох антибиотикоо хэрэглэх ёстой юм байна шүү дээ. Гэтэл иргэд ихэвч­лэн “амоксициллин” хэрэглэдэг. Хүн бүрийн хэрэглэх антибиотик өөр өөр гэж ойлгож болох уу?

-Өвчилсөн л бол хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Тухайн эмч энгийн гаралтай халдвар байна уу эсвэл ямар нэг үүсгэгчээр үүссэн өвчин байна уу гэдгийг тогтооно. Хэрэв энгийн гаралтай халдвараар үүссэн байвал заавал эм судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр өвчин үүсгээд байгаа тухайн үүсгэгчид ямар антибиотик тохирох вэ гэдгийг нь тодорхойлно. Хүн хүний антибиотикийн мэдрэг чанар өөр өөр гэсэн үг. Тиймээс антибиотик хэрэглэх шаард­лагатай л бол мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөх ёстой. Шинжилгээ өгөл­гүйгээр дурын антибиотик хэрэглэснээр эмийн дасал үүсэхээс гадна дархлааны системийг устгах аюултай. Дархлаа суларснаас халд­вар авах эрсдэл өндөр болно. Түүнээс гадна антибиотик гэдэг хүний бие махбодид байгаа хэвийн бичил биетүүд буюу хоол боловсруулах болон хамгаалах тогтолцоонд оролцож байдаг биетүүдийг устгадаг. Зохисгүй эмийн хэрэглээ гэдэг амь насанд аюултай гэдгийг дахин дахин сануулмаар байна. 

-Сайн дураар антибиотик­ийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ өгье гэвэл хаана хандах вэ?

-Нян судлалын шинжил­гээг бүх дүүрэг болон төрөлжсөн нарийн мэргэж­лийн эмнэлгүүдэд хийж байгаа. Тухайн иргэн өөрийн харьяаллын дагуу дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд өгнө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-д хандаж болно.

-Шинжилгээ өгөөд өөрт тохирох антибиотикоо мэдсэн бол цаашид түүнийгээ л хэрэглэнэ гэсэн үг үү?

-Үгүй, тэгж ойлгож болохгүй. Халдварын маш олон төрлийн үүсгэгч байдаг. Тиймээс өвчилсөн тохиол­дол бүрт шинжилгээ өгч, тухайн халдвар үүсгэгчид ямар антибиотик хэрэглэвэл зохих вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Түүнээс биш хүнд тохирсон антибиотик гэж байхгүй. Тухайн өвчин үүсгэгчийн төрөл зүйлтэй холбоотойгоор антибиотикууд өөр өөр байна. 

-Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулахын тулд эмнэлгийн байгуул­лагууд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Эмчилгээний төлөвлөгөө боловсруулж, эмнэлгийн бай­гууллагуудад эм зүйч болон  тархалт зүйчийг гаргаж өгөх ёстой. Ингэснээр цаашид бодлогын чанартай бичиг баримтуудад тусгаг­даж, зохистой хэрэглээг бий болгоход дөхөм болно гэж бодож бай­на. Манай лабораторийн хувьд антибиотикийн тэс­вэржилттэй холбоотой маш олон үйл ажиллагаа явуулсан. Тухайлбал, Антибиотик­ийн тандалтын сүлжээг нэвтрүүлж, эмийн дасал, тэсвэржилтийн талаар сур­галт зохион байгуулсан.