ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Батжаргал: Бага насны хүүхдэд виферон лааг хэрэглэж болохгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-14

Дархлаа сэргээх үйлчилгээтэй “Виферон” гэх лааг хэрэглэж болохгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл ихэнх эмнэлгүүд ханиад, томуугийн үед хэрэглэхийг зөвлөдөг тус лааны талаар Хүүхдийн их эмч Г. Батжаргалаас тодрууллаа.

-”Виферон” гэх лааг хэрэглэж болохгүй гэсэн мэдээлэл гараад байна. Гэтэл ихэнх эмч нар хүүхдэд энэ лааг бичиж өгөөд байгаа шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Саяхан ЭМЯ-нд хүүхдийн эмч, мэргэжилтнүүд болон эмнэлгийн байгууллагын удирдлагууд энэ талаар мэдээлэл хийсэн. Тухайн лаа нь манай эмнэлзүйн удирдамж, стандартад ороогүй байгаа. Хоёрдугаар шатлалын эмч нар болон өрхийн эмнэлгийн эмч нар уг лааг урдаа барьдаг болоод тав, зургаан жил боллоо. Гэтэл энэ лааг гоц халдварт вирус буюу гипатит B,C вирус, улаан бурхан зэрэг өвчний үед хэрэглэдэг. Судлаад үзэхэд Азийн орнуудад лаа хэлбэрээр биш тариагаар хэрэглэдэг юм билээ. Гэвч лаа, тариа аль аль нь гаж нөлөө өндөртэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс үүнийг дархлаа дэмжих, урьдчилан сэргийлэх зорил­гоор хэрэглэж болохгүй. 

-Гаж нөлөө өндөртэй гэж байна. Ямар сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг юм бол?
-Вифероныг вирусын эсрэг хэрэглэхэд өндөр халуурах гэх мэт гаж нөлөө үзүүлдэг. Мэдээж дархлааны системд үйлчилж байгаа учраас түүнийхээ дагуу гаж нөлөө их байна гэсэн үг. 

-Гаж нөлөөтэй юм бол яагаад хэрэглэхийг зөв­лөөд байдаг юм бол. Хилээр орж ирэхийг зөвшөөрдөг гэсэн үг үү. Ямар хяналт байдаг вэ? 
-Хилээр яаж орж ирдэг талаар сайн мэдэхгүй байна. Үйлдвэрлэгч орон буюу зүүн Европ, ОХУ-д тухайн лааны үнэ ямар байгаа, манай улсад ямар байгааг харьцуулж үзэх хэрэгтэй. ОХУ-д манайд зарж байгаагаас хамаагүй өндөр үнэтэй байгаа. Тэгэхлээр хилээр оруулж ирээд хямд зарж байгаагийн цаана чанарын асуудал яригдана. Манай урд, хойд хөршүүд хуурамч зүйлийн зах зээлд гараа өргөөд өгчихсөн шүү дээ. Тиймээс үүнийг бодолцох хэрэгтэй. 

-Огт хэрэглэж болохгүй гэж ойлгож болох уу?
-Томуугийн үед бол огт хэрэглэж болохгүй. Гипатит B,C вирус­ээр үүссэн халдварын үед хэрэглэх эсэхийг мэргэжл­ийн эмчийн заавраар хэрэглэхийг үгүйсгэхгүй. Гэтэл манай эмч нар томуугийн үед бичээд байгаа юм. 

-Анаферон гээд вифе­ронтой адилхан үйл­чилгээтэй гэх эмийг их бичиж өгдөг. Энэ эм ямар байдаг юм бол? 
-Анаферон бол шулуун гэдсээр хэрэглэдэггүй. Томуугийн үед анафероныг хөнгөн хэлбэрийн үед бичиж өгөөд байгаа. Ер нь вирусын эсрэг эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор болон дархлаа дэмжих нэрийн дор хэрэглэхийг зөвлөх нь буруу. 

-Буруу гэдгийг эмч нар мэдэхгүй байна гэсэн үг үү. Үүнийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эмч нар мэдэхгүй байна гэж бас болохгүй. Ер нь бага насны хүүхдийн дархлааг эмээр дэмжихгүй гэдгийг л аль аль талдаа сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн виферон, анаферон гэх эмүүд биш энэ төрлийн бусад бүх эмийг бага насны хүүхдэд өгөх нь зохимжгүй. Хүүхдээ аль болох агаар салхинд гаргах, долоо хоногт тогтмол усанд оруулах, бүтэн биений иллэг, массаж хийлгэх зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэх нь  хамгийн зөв эмчилгээ юм. Хүний бие тодорхой хэмжээний эрдэс, минериалаар дутагдана. Гэхдээ түүнийг эмээр нөхөхөөс илүү эрүүл дадал, зөв хооллолт, хөдөлгөөн, нойр хоол стресс зэргээ зохицуулах хэрэгтэй. 

-Эмч нар бичиж өгөөд байна шүү дээ. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
-Эмнэлзүйн стандартад байхгүй гэдэг мэдээлэл гарчихлаа. Тэгэхлээр эрүүл мэндийн салбарынхаа хүрээнд уг лааг зөвлөхгүй байх талаар эмч нартаа сургалт, сурталчилгаа явуулах хэрэгтэй байх.