Шинжлэх ухааны салбарт онцгой хувь нэмэр оруулж, шилдэгээр тодорсон эрдэмтдийн нэгээр АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Батчулууны Хонгорзул тодорчээ. Түүний хийсэн “Үүдэл эс ба түүний үүр” сэдэвт судалгааны ажил анагаахын шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн бүтээл болсон аж.
Тэрбээр нас залуу ч өнчин тархины үүдэл эс гэдгийг судалж, шинэ нээлт хийж, даацтай судлаач гэдгээ харуулав. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Түүний гараа сайн байжээ. Судлаач бүсгүй Япон улсын “Жичи” Анагаахын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас Монголдоо ирж, АШУҮИС-д багшилж байгаа юм. Оюутан ахуй цагаасаа өнчин тархины талаар голлон судалсан тэрбээр өвдсөн хүний эсийг авч, өвчнийг анх үүссэн шатнаас нь эхлэн судлаад эмчилгээний шинэ арга гаргаж авахыг мөрөөддөг тухайгаа хэдхэн сарын өмнө ярьж байсан.
Тэгвэл тэрхүү мөрөөдөлдөө ийнхүү нэг алхмаар ойртлоо. Б.Хонгорзул судлаач зөвхөн Монголын шилдэг биш юм. Тэрбээр дэлхийн энтэй судлаач гэдгээ харуулсан. Өнгөрсөн зургадугаар сард дэлхийн шилдэг эрдэмтэд чуулдаг Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад эх орноо төлөөлөн оролцохоор 6000 гаруй судлаачаас сонгогдож байлаа. Япон Улсын Жичигийн Анагаахын их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа тус сургуульд судлаачаар ажиллах санал авч байсан аж. Түүний чадварыг дэлхийн шинжлэх ухаан үнэлж байна.