ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Гантулга: Налайхын “Үйлдвэр технологийн парк”-ийн ажил эхэлсэн

O.Admin
2019-02-17

“100 айл”-ын барилгын материалын дэлгүүр, бөөний төвүүдийг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэх шийдвэр гарсан билээ. Тэгвэл бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар тус ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа. 

-Нийслэл хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд багтсан суурьшлын бүс байгуулах ажил  ямар шатанд явж байгаа вэ?

-Нийслэл хотын 2020, 2040 оны ерөнхий төлөвлөгөө, мастер  төлөвлөгөөний зураг батлагдсан. Энэ төлөвлөгөөнд 2-3 дагуул хотыг байгуулахаар төлөвлөсөн байгаа. “Хөшигийн хөндий”-д  аялал жуулчлалын болон, тээврийн үйлчилгээг дагаад 10000-15000 иргэнтэй дагуул хот босохоор  төлөвлөсөн. Багануур хотоо түшиглээд их дээд сургуулиудыг нүүлгэж, оюутны хотхон байгуулахаар  ярьж байгаа. “Эмээлт”-ийн аж үйлдвэрийн технологийн паркид хөнгөн үйлдвэрийн төв  бий болгоно. Энд  мөн л 10 орчим  мянган хүний суурьшлын  бүс бий болох ёстой. Нөгөө нэг нь Налайхын үйлдвэр технологийн парк. Налайх дүүрэг  өөрөө төмөр замтай. Хятадаас манай улс руу чиглэл орж ирж буй галт тэрэгнүүд Налайхаар дайрдаг. Налайхын үйлдвэр технологийн паркид барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, урдаас ирж буй түүхий эд барилгын материал, агуулах сав байршсан  нэгдсэн төвийг бий болгох зорилготой ажиллаж байна. “100  айлд”  барилгын  материал  зарж байгаа иргэд, дэлгүүрүүд Налайхын үйлдвэр технологийн парк руу зайлшгүй нүүх ёстой юм. Улмаар үйлдвэр технологийн паркийг салхины доор байршуулж,  агуулах саваа нэгтгэх шаардлагатай байгаа. Иргэдтэй ч зөвшилцөөд явж байна. 

-Аливаа суурин газар, цогцолбор байгуулахад дэд бүтэц хамгийн чухал бөгөөд, нэн түрүүний алхам байдаг. Тэгвэл энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Нийслэлийн  хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн  ажил хийгдээд  эхэлсэн. Налайх руу 4.6 км замын ажил өнгөрсөн аравдугаар сард эхэллээ. Олон  жил  ярьсан  ч харамсалтай нь  дорвитой ажил хийж чадаагүй. Ямар ч байсан  замаа тавиад  эхэлсэн учир цааш цаашдаа хийгдээд явах нь мэдээж. Эхлээд бохироо шийдэх, цахилгаан хангамжийн асуудлаа шийдэж өргөтгөх  гэсэн  ажлыг хийж  байна. Иргэдэд анхааруулж хэлэхэд барилгын материалын чиглэлээр үйлдвэр, бөөний  төв ажиллуулж буй компани, аж ахуй нэгжүүд эртхэн очиж газраа авах хэрэгтэй. Сонгон  шалгаруулалтад материалаа өгөөд,  үйлдвэр, болон агуулахаа барьж эхэлвэл цаг хугацаа хэмнэнэ. Хэр их  хурдтай хөдөлж чадсан нь давуу тал үүсгэдэг гэдэг бизнесийн зарчим бий. 5-10 жил газрын төлбөрөөс чөлөөлөх, татварын хөнгөлөлт  эдлүүлэх хөшүүргийн ажлууд давхар хийх боломжуудыг судалж байна.  2-3 жилийн  дараа гэхэд  ажил  жигдрэх  байх. Кабель, ган, төмөр зэрэг  үйлдвэрүүд эхнээсээ барилгаа бариад  эхэлсэн. 

-Үйлдвэр технологийн паркийг хол байршууллаа гэж зарим иргэд шүүмжилдэг?

-“100 айл” орчимд нийтдээ давхардсан тоогоор 4000 орчим иргэний 1100 гаруй том жижиг дэлгүүр,  лангуу  бий. 400 орчим үйлдвэр  байсны 200 гаруй үйлдвэрийн  үйл  ажиллагааг  зогсоолоо. Улаанбаатар хот 1.4 сая хүн амаа багтааж чадахаа байсан. Иргэд  нь эрүүл  мэнд, төрийн үйлчилгээ, худалдаа арилжаа зэрэг ямар  нэгэн  үйлчилгээ авах гэж төв рүүгээ шавдаг. Тиймээс үүнийг тараан  байршуулах хэрэгтэй. Бүх  барилгын  материал урд хөршөөс авто болон  төмөр замаар дамжиж Улаанбаатарын төвийн  “Вокзал 44”,  ачилт буулгалтын ангиудад буудаг. Худалдаачид бүгд эндээс бараа  материалаа аваад “100 айл”-д хүргэдэг. Тиймээс барилгын материалын  бөөний дэлгүүрүүд хотын төв хэсэгтээ бараа материалаа зарах нь  маш  буруу. Налайх дүүрэгт бөөний төв  нь ажиллаад, бөөний төвөөсөө орчин  үеийн стандарт хангасан дэлгүүрүүдэд бараа материалаа борлуулах  ёстой гэдэг  ойлголтыг иргэд  авмаар байна.