ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрсний 316 тусгай зөвшөөрлийн тавд нь төр оролцдог

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-18

-Баялгаа цаас болгон бусдад “бэлэглэдэг” улс Монголоос өөр байхгүй-

 

Манай орон уул уурхайд суурилсан эдийн засагтай улс болоод багагүй хугацааг ардаа орхилоо. Газрын доорхи баялаг, дэлхийд ховорт тооцогдох эрдэс түүхий эдээрээ гайхагддаг эх орны маань нийт газар нутагт 3074 ашиглалтын болон хайгуулийн тусгай зөвшөөрөл олгогдожээ. Эдгээр тусгай зөвшөөрлийн 1681 нь ашиглалтынх, 1393 нь хайгуулынх гэнэ. Энэ тусгай зөвшөөрлүү­дийг 1874 иргэн, аж ахуйн нэгж л эзэмшдэг ажээ. Тэгэхээр 1681 уурхай үйл ажиллагаа явуулж газрын доорхи эрдэс баялгийг олборлон экспортлож байна гэсэн үг. 

Хэрэв энэ олон уурхайгаас иргэн гэж хэлээд яахав, ядаж төр нь хувь эзэмшиж, ашгийн тодорхой хувийг хүртдэг байсан бол Монгол Улс шиг баян орон дэлхийд байхгүй байх байлаа. Уг нь газрын хэвлийд байгаа баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульдаа заачихсан улс. Харамсалтай нь энэ хууль зүгээр л нэг лоозон маягтай хоосон үг болон хувирсан. Үнэхээр энэ хууль хэрэгждэг байсан бол энэ олон уурхайгаас төр ашиг хүртэж, иргэдийнхээ халаасыг тэмтэрдэг татвараа багасган, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгох гээд нийгмийн шинжтэй олон асуудлыг шийдэж болох байлаа. Өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудын нийг­мийн чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх бүрэн боломж байлаа. Гэтэл уул уурхайн энэ олон тусгай зөвшөөрлөө ихэнхийг нь гадныханд өгчихөөд өөрсдөө хоосон сууж байна. Иргэн нь ядуу, төр нь мөнгөгүй бадар бардаг болжээ. Төрийн түшээд нь гадаадын оронд айлчлал хийж, тийм хэмжээний зээл, тусламж олж ирлээ гэж ичих ч үгүй бахархалтай мэдээлэх юм. Уул уурхайд гадны хөрөнгө оруулалт их орж ирж байна гэж сайрхан магтдаг ч улс нь нэг ч төгрөгийн ашиг авч чадахгүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, бүх л эдийн засгийн шийдвэр гаргахдаа асууж, болохгүй гэх хариу аваад гацаж сууна.

Иргэддээ олгож буй орон сууцны найман хувийн зээлийнхээ хүүг зургаан хувь болгох гээд ОУВС-д чөдөрлүүлчихээд сууж байна. Тэгвэл энэ их баялгийг маань тусгай зөвшөөрөл нэрээр ямар аж ахуйн нэгж болон аль улсын иргэд халаасандаа хийсэн бэ? Нийт 3074 тусгай зөвшөөрлөөс БНХАУ-ын иргэнд 172 нь, Виржиний арлуудын улсуудад 80 нь, Сингапур 64, Хонконг 30, Канад 26 Өмнөд Солонгос 16-г эзэмшдэг юм байна. Тэгвэл арваас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжийг нэрлэвэл, “Чингис ворлд майнинг” ХХК 58, “Монголросцветмет” ХХК 30, “Монголын алт” ХХК 23 /МАК гэж нэрлэж заншсан/, “Алтан Дорнод Монгол” ХХК 17,  “Гацуурт” ХХК  17 “Цайна инвэстмент Монголиа” ХХК 15, “Олон овоот гоулд” ХХК 14, “Эрэл” ХХК 11. “МоЭнКо” ХХК арван тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр компаниуд хэний мэдэлд байдаг вэ? “Чингис ворлд майнинг”  ХХК нь уул уурхайн 58 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компанийн 60 хувь буюу 52 тусгай зөвшөөрлийг Япон улсын “Эйч Ай Си” ХХК эзэмшдэг бол Монголын талын 40 хувь буюу зургаан тусгай зөвшөөрлийг Кёкүшюүзан Д.Батбаярын “Дун Гоулд” ХХК эзэмшдэг юм байна.

“Цайна инвэстмент Монголиа” ХХК Сингапурын 100 хувийн хөрөнгө оруу­лалт­тай. “МоЭнКо” ХХК нь Хонконгийн хөрөн­гийн биржид бүртгэлтэй “Монголиа Энержи Корпораци” (MЭК) ком­панийн охин компани бө­гөөд манай улсад 2007 онд ашигт малтмалын хай­гуул, ашиглалтын чиг­лэ­лээр байгуулагджээ. “Монгол­росцветмет” ХХК нь Орос-Монголын хам­тарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж. Тэгэхээр Б.Нямтайширын “Монголын алт” ХХК, Л.Чинбатын “Гацуурт” ХХК, Б.Эрдэнэбатын “Эрэл” ХХК-иас бусад нь гадаа­­дын иргэн, аж ахуйн нэгжийн мэдэлд очжээ. Дээрх 1681 ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10 хүрэхгүй хувьд нь л төр оролцдог гэнэ. Тэгэхээр бүх уул уурхай гадаады хэн нэг бизнесмэнийн халаасанд байгаа гэсэн үг. Үүнийг батлахын тулд нэгэн тоон баримтыг харъя. Нүүрсний 316, алтны 551, зэсийн 20, алт, зэсийн 14, ураны долоо, жоншны 181 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.

Эндээс ганцхан жишээ авахад, нүүрсний 316 тусгай зөвшөөрлийн тав нь л төрийн 16-51 хувийн оролцоотой гэнэ. Бусад нь гадаадын хөрөнгө оруулалт нэрээр харийнхны халаас руу орчихсон байна. Ингэж баялгаа цаас болгон бусдад “бэлэглэдэг” улс дэлхий дээр манайхаас өөр алга. Уул уурхайн үйлдвэрлэл гэдэг ашгийг нь хүртэж чадвал гурван сая байтугай 300 сая хүн ч элбэг хангалуун тансаг амьдрах боломжтой. Ялангуяа манайх шиг ийм их эрдэс баялагтай орон нийслэл хот нь утаандаа угаартаж, хэдхэн иргэдээ орон сууцаар хангаж чадахгүй гадаадаас хөрөнгө гуйгаад сууж байна гэдэг гутамшигтай.