Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас, үйлдвэрлэлийн осол гарах тохиолдол ихэссэн. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний талаар сүүлийн үед ярих болсон. Тиймээс эдгээр асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрын аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабатаас тодрууллаа.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослоос хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэлийн ослыг бууруулах талаар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр орон даяар Хөдөрмөр эрүүл ахуйн сарын аяны нээлтийг хийж, иргэдэд хууль тогтоомжийн мэдээлэл өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо гэж бий. Үүнд Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гэсэн төлөөллүүд багтаж байна. Гол зорилго нь үйлдвэрлэлийн ослын бууруулах, холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх чиглэлээр ажилладаг юм. Эрсдэл өндөр салбар буюу барилга, уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад осол аваарыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловч харамсалтай нь үр дүнд хүрэхгүй байна. Мөн барилга бүтээн байгуулалтын сар эхэлж, зарим байгууллагууд аюулгүй байдлаа хангаагүйгээс үйлдвэрлэлийн осол буурахгүй байна. Эрсдэл өндөр салбарт үйлдвэрлэлийн ослыг бууруулахын тулд зөвхөн төрийн байгууллага биш, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай. Бид тавдугаар сарын 20-нд ХНХЯ-ны сайдын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулганыг зохион байгууулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Чуулганы хүрээнд үйлдвэрлэлийн ослын талаар яригдахаас гадна, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар ярих юм. Дэлхийн нийтийн чиг хандлага бол, аваар осол болоход биш, ослыг тэглэх арга барилыг ашиглаж байгаа. Үүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг ч шинэчлэх шаардлага бий гэж харж байна.
-Он гарсаар томоохон үйлдвэрлэлийн ослууд гарлаа. Хэчнээн аваар осол гарсан тухай тоон мэдээлэл байна уу?
-Ослын тоо мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгэгддэг. Нийслэлиийн төв цэвэрлэх байгууламж, “Эко-Алтан заамар” ХХК, Налайхын уурхайд эрдэнэт хүний амь үрэгдсэн. Эдгээр ослууд бидний ярьж буй эрсдэл өндөртэй салбарт гарсан байгаа. Тиймээс хаа хаанаа анхааралтай байх, нэн тэргүүний шаардлага тулгарч байгааг харууллаа. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, барилга, замын компаниуд хамгаалах малгай, хувцас хэрэглэлээр хангаж өгөхөөс эхлээд удирдлагууд өөрсдөө хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмаа сахих шаардлагатай байна. Ажилчид ч өөрсдөө уялдаж ажиллах хэрэгтэй шүү дээ.
-Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж яригдах боллоо?
-Монгол улсдаа ганцхан Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг гэж бий. 2018 оны байдлаар 3143 мэргэжлээс шалтгаалах өвчтэй даатгуулагч иргэд байгаа талаарх судалгаа гарсан л даа. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэдэг нь иргэд хортой нөхцөлд ажиллаад, тухайн хүний бие махбодид өөрчлөлт гарахыг хэлээд байгаа юм. Өөрчлөлт гарсны үндсэнд тус эмнэлэгт хандах хэрэгтэй. Улмаар комиссын хурлаар орж, группт орох эсэхийг шийддэг. Хамгийн залуу нь 35, түүнээс дээшээ болон 65 хүртлэх насны хүмүүс байдаг. Тэтгэврийн мөнгө нь группын мөнгөнөөс их байвал, мэргэжлээс шалтгаалах өвчтэй ч гэсэн группээ цуцлуулаад, тэтгэврээ авах боломжтой. Мэргэжлээс шалтгаалах өвчний шинж тэмдэг илэрвэл манайд хандах эрх нь нээлттэй гэж ойлгох болно.
-Шинж тэмдэг гэдгийг тодруулаач?
-ХНХЯ-ны сайдын 77 дугаар тушаал гэж байдаг. 77 дугаар тушаалд хэвийн бус нөхцлийн ажлын байруудыг жагсаасан. Хэвийн бус нөхцөлд жишээлбэл, тоос шороотой орчинд ажилладаг ажилтанд эмнэлзүйн шинж тэмдэг илрээд, урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ гэж тооцъё. Улмаар тухайн хүнд уушиг тоосжих өвчиний шинж тэмдэг илэрвэл группын хурлаар оруулна. Мөн ажлын байрны нөхцлийг сольж үзээд, сайжрахгүй байвал мэргэжлээс шалтгаалах өвчнөөр оношлогдоно гэсэн үг.