УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Эдгээр хуулийг батлахад Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас Засгийн газар, УИХ-ыг холбогдох судалгаа, мэдээллээр хангаж хамтран ажилласан. Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдах бол татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Татварын хуулиудад багтсан иргэд, олон нийтэд ойр зүйл, заалтуудын талаар Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Галбадрахаас тодрууллаа.
-Иргэнд олгох буцаан олголтын хэмжээг зургаан сая төгрөг болгож нэмсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжих зорилгоор хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хоёр төрлийн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн амьдран суух зорилгоор анх удаа орон сууц худалдаж авсан, барилга барьсан тохиолдолд ийм хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ. Одоогийн хуулиар гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт олгодог байсныг зургаан сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Зургаан сая төгрөгийн татвар гэдэг нь 60 сая төгрөгийн орлого татвараас чөлөөлөгдөнө гэсэн үг. Мөн ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдаж авсан иргэн Засгийн газраас тогтоосон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй орон сууцны зээл арилжааны банкнаас авсан тохиолдолд хөнгөлөлттэй авах байсан ипотекийн зээлийн хүүгийн зөрүүтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт шинээр орсон.
-Өмнө байр авсан иргэд шинэ хууль гарахаар зургаан сая төгрөгийн хөнгөлөлт авна гэж хүлээгээд байгаа шүү дээ?
-Хүлээх шаардлагагүй. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш анх удаа худалдаж авсан орон сууц, барьсан барилга байшинд зургаан сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлнэ. 2020 оноос хойш худалдаж авсаныг нотлох гол баримт нь байрны ордер болдог. Өмнө нь худалдаж аваад, хөнгөлөлт эдлээгүй хүн одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд буюу гурван сая төгрөгийн хөнгөлөлтөө эдэлнэ.
-Өмнө нь орон сууц худалдаж аваад огт татварын хөнгөлт эдлээгүй иргэд нөхөж авах боломжтой юу. Ийм иргэд олон байдаг?
-Одоогийн мөрдөж буй хуулиар татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Тиймээс байр худалдан авснаас хойш энэ хугацаандаа багтаж, тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой болно. Ингэхдээ одоогийн мөрдөж буй хуулиар гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ.
-Алслагдсан бүс нутагт бизнес эрхлэгч иргэдийг дэмжсэн заалт орсон гэж та хэлсэн. Энэ талаар тодруулаач?
-Хувь хүний орлогын албан татварын хуульд алслагдсан орон нутагт бизнес эрхлэгчдийг дэмжих заалт орсон.Тухайлбал, Улаанбаатар хотоос 500 километр алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагтаа бүртгэлтэй иргэн, бизнес эрхлээд олсон үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувь хөнгөлнө. Харин Улаанбаатар хотоос 1000 километрээс дээш алслагдсан байвал 90 хувиар хөнгөлнө гэсэн заалт шинээр орсон.
-Татварын шинэ хуулиар иргэдтэй холбоотой, бусад тусгайлсан анхаарах зүйл заалт нь юу вэ?
-Шинэ хуулиар татвар ногдуулах, тайлагнах ажиллагааг хялбаршуулж өгсөн. Тухайн аж ахуйн нэгж, хувь хүний жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүртэлх төгрөг бол хүсэлт гаргаад хялбаршуулсан тогтолцоогоор тайлагнаад явах боломжтой юм. Энэ тогтолцоонд шилжсэнээр жилдээ нэг удаа тайлан өгнө. Ингэхдээ заавал татварын албанд ирэхгүйгээр, ямар нэгэн зардлын баримт, тооцоо бүрдүүлэхээр хялбар байдлаар тайлагнах боломж бүрдэнэ. Цахим төлбөрийн системд орлого нь бүртгэгдсэн тохиолдолд татвар төлөгч шууд борлуулалтын орлогын нэг хувиар автоматаар татвар ногдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд жижиг бизнес эрхлэгчдийн татварын тайлан гаргахтай холбоотой зардал буурна гэж ойлгож болно. Мөн тогтсон ажлын байргүй худалдаа, үйлчилгээ болон хүн ба ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тогтмол татвар ногдуулах тогтолцоо бий болсон. Хөдөлмөрийн чадвараа хөгжлийн бэрхшээлийн улмаас 50-иас дээш хувиар алдсан иргэдийг татвараас чөлөөлдөг байсан. Харин шинэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олсон орлогыг нь 100 хувь татвараас чөлөөлнө. Татварын хөнгөлөлтөө эдлэхийн тулд татвараа төлж тайлагнасны дараа төлсөн татвараа буцааж олгох зарчмыг шинэ хуулиар тогтоосон. Өөрөөр хэлбэл, эхлээд үүргээ биелүүлнэ, дараа нь тайлангаараа хөнгөлөлтөө эдэлнэ гэж ойлгох хэрэгтэй.