2019-2020 оны хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 13-наас 2013 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэнэ. Нийт эцэг, эхчүүдийг хугацаандаа багтаж хүүхдээ бүртгүүлэхийг боловсролын байгууллагаас анхааруулж буй. Тэгвэл энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасангаас тодрууллаа.
-2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ. Энэ жилийн элсэлттэй холбоотой онцлог зүйл нь юу вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид хүн амын статистик дүнгээр 38232 хүүхэд элсэх төлөвтэй байна. Нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг хамран сургах тойргийн тушаал болон элсэлт зохион байгуулах тушаалыг Нийслэлийн боловсролын газрын дарга гаргасан. Энэ дагуу өнөөдрөөс буюу тавдугаар сарын 13-27-ны хооронд 14 хоногийн турш бүртгэхээр боллоо. Энэ хичээлийн жилийн хувьд зарим нэг онцлог бий. 2019 оны элсэлт өмнөх жилүүдээс ачаалал ихтэй байгаа учир, хамран сургах тойрогт ач холбогдол өгч байна. Ингэхдээ сургуулиудын хамран сургах тойргийг маш нарийвчилж гарсан. Мөн энэ хичээлийн жилд шинэ болон бага сургуулийн өргөтгөл бүхий 34 сургууль ашиглалтад орно. Бид намар хичээл эхлэхэд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бид дээрх 34 сургуульд хүүхдүүдээ оруулахаар хамрах сургах тойргийг мөн товолсон.
-Элсэлтийн ачааллыг бууруулах зорилгоор зарим сургуулийн бүртгэлийг цахим болгож байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар бүртгэхээр анх төлөвлөж байсан юм. Харин УБЕГ-ийн хаягийн сан хувь хүний нууцтай холбоотой байдаг учир, тодорхой гэрээ хийгээд нэг дүүргийг сонгосон. Улмаар бид туршиж үзэхээр Чингэлтэй дүүрэгт цахим элсэлтийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангалаа.
-Хүүхдээ бүртгүүлэхдээ ямар төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, нэг хувь цээж зурагтай очно. Хаягийн зөрчил зэрэг ямар нэгэн маргаантай асуудал гарвал холбогдох бичиг баримтуудыг тухайн сургуулиас нь нэхэж үзэж болно. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хаягийн бүртгэлээ сайн хийлгэх шаардлагатай байна.
-Элсэлттэй холбоотойгоор эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Иргэд сургуульд орох цаг болохоор шилжилт хөдөлгөөн хийгээд эхэлдэг. Гэтэл боловсролын байгууллагаас өмнө нь хүүхдүүдээ төлөвлөх ёстой. Жишээлбэл, статистик мэдээллээ харж байгаад, тухайн сургуульд 150 хүүхэд багтана гээд тогтоочихдог. Гэтэл 150-иас гадна маш олон эцэг, эхчүүд хүүхдээ шилжүүлээд, ачаалал нэмэх, анги дүүргэлтийн хэмжээг алдагдуулах асуудал үүсгэдэг .
-Зарим эцэг, эхчүүд хүүхдээ хотын төв рүү буюу тойргийн бус сургуульд оруулах хүсэлтэй байдаг шүү дээ?
-Зарим эцэг, эхчүүдэд зориулж хэлэхэд, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар бүгд адилхан хөтөлбөрөөр хичээл заадаг, арга зүй, мэдлэг мэргэжлийн хувьд ч боловсролын байгууллагаас дээшлүүлж байгаа. Тиймээс энэ багшид, тэр сургуульд гэх мэтчилэн дураар загнахгүйгээр, өөрсдийн хамран сургах тойргийг сургуульд сургах хэрэгтэй. Хамгийн гол нь эцэг, эхчүүд багштай нь хамтарч ажиллавал хүүхдээ аль аль талдаа сургаж чадна. Өөр тойргийн сургуульд хүүхдийг сургаснаар нэгдүгээрт, эцэг, эхчүүдэд маш их ачаалал үүсгэх, хүүхдийн аюулгүй байдлыг зөрчдөг. Хоёрдугаарт, хүүхэд хол газраас ирж, очихдоо ядардаг гэх мэт олон сөрөг нөлөөтэй. Нэг ангид 60-70 хүүхэдтэй агааргүй орчныг бүрдүүлж байснаас, өөрсдийн хамран сургах тойрогт сургавал нэг ангид 40 орчим хүүхэд л суралцана. Тэнд хичнээн сайн багш байлаа ч 60-70 хүүхэдтэй ажиллахад маш хүнд байдаг. Үүнийг л эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй байна.