Цахим орчин дахь хүүхдийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тэгвэл хүүхдээ энэ төрлийн гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
-Цахим гэмт хэргийн хохирогч болж буй асуудал жилээс жилд нэмэгдэж байна. Интернэт орчин дахь хэрэглээг хязгаарлахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна шүү дээ. Энэ талаар ямар ажил хийж байна?
-Судалгаанаас харахад, 2010 онд хүүхэд цахим гэмт хэргийн золиос болсон тохиолдол байгаагүй. Харин 2013 оноос эхлэн жилд дунджаар 10 орчим ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол одоо жилд 670 орчим гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тэгэхээр сүүлийн таван жилийн байдлаар цахим гэмт хэрэг 50,60 дахин өссөн үзүүлэлттэй байгаа биз. Цахим сүлжээний цаана хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, бэлгийн хүчирхийлэлд өртөх, таних танихгүй хүнтэй харилцаж, уулзах тохиолдол зонхилж байгаа. Үүнээс гадна хүүхдүүд фэйсбүүк, цахим сүлжээнд донтож аливаа гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тиймээс цахим сүлжээнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3G,4G сүлжээг хэрэглэдэг хүүхдүүдийн гар утсанд хяналт тавих филдерийн программыг Харилцаа холбооны зохицуулах газраас бий болголоо.
-Тухайн программыг эцэг, эхчүүд яаж ашиглана гэсэн үг вэ. Арга замыг нь тайлбарлаж өгөөч?
-Хүүхдүүд интернэт цахим сүлжээнд нэвтрэхдээ ихэвчлэн 3G,4G ашигладаг учраас, хүүхдийн гар утасны дугаарыг үүрэн телефоны дөрвөн компанид бүртгүүлнэ. Энэ дугаарын цаана хүүхэд байна гэж үзвэл соён гэгээрүүлэх, мэдлэг боловсрол олгох чиглэлийн мэдээллийг цахим орчноос авна гэж ойлгох хэрэгтэй. Садар самуун, аллага, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг авахгүй, хандалт хийх боломжгүй болно гэсэн үг. Түүнээс биш хүний эрхийг хааж, боогдуулж буй асуудал биш. Өсвөр насны хүүхдийг садар самуунд уруу татах, коммент түгээхэд оролцуулах нь Эрүүгийн хууль болон, Зөрчлийн хуулиар хориотой байдаг гэх мэт олон асуудал бий. Тиймээс техникийн нөхцлийг хаах учиртай программ байгаа юм.
-Гар утасны дугаар хүүхдийн нэр дээр биш бол яах вэ?
-650 орчим мянган хүүхэд гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдийн дугаарыг үүрэн телефоны дөрвөн компанид бүртгүүлэх шаардлагатай юм. Мөн эцэг, эхчүүд өөрсдийнхөө нэрээр аваад, хүүхэддээ ашиглуулдаг бол давхар бүртгүүлэх ёстой. Шинээр дугаар авч байгаа хэрэглэгчид энэ дугаарын цаана хүүхэд байгаа гэдгийг давхар тэмдэглүүлнэ гэсэн үг. Уг нь эцэг, эхчүүдэд зориулсан ийм төрлийн программууд байдаг боловч төдийлөн мэддэггүй, мэдсэн ч ашигладаггүй.
-Бүртгэл хэдэн хувьтай байгаа вэ?
-2018 оноос эхэлсэн боловч бүртгэлийн ажил хангалтгүй байна.Өнөөдрийн байдлаар 30 орчим хувьтай байгаа. Бүртгэл хурдан хийгдээд дуусвал, бид нэгдсэн журмаар энэ программаа тавих юм.
-Цахим орчноос гадна тоглоомонд донтох тохиолдол их байна шүү дээ?
-Тийм ээ. PC болон цахим тоглоомонд донтох тохиолдох их байна. Эдгээр тоглоомууд нэг удаа тоглоод орхидог зүйл биш. Хэдэн сар, жилээр ч донтож тоглодог. Хамгийн гол нь эцэг, эхчүүд нь хүүхэдтэйгээ нийлж тоглоом тоглоод байдаг. Үүнд мөн техникийн байдлаас ямар хяналт тавьж болох, нөгөө талаас эцэг, эхчүүд юуг анхаарах вэ гэдэгт чиглэж байгаа.