Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгасан цэцэрлэгийн 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 23 хувь туслах багшийн гэрчилгээгүй байсан аж. Мөн төрийн бус өмчийн 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй, 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй, 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу байгаа нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байна гэж НМХГ-аас дүгнэжээ. Тиймээс 29 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч О.Алтантуулаас тодрууллаа.
-Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн хэчнээн цэцэрлэгт ямар чиглэлээр шалгалт хийсэн бэ?
-Нийт 270 гаруй цэцэрлэгт шалгалт хийснээс, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр 109 цэцэрлэгт хяналт шалгалт хийлээ. Үүнээс улсын хоёр, хувийн 13 цэцэрлэг их эрсдэлтэй байна. Нийт илэрч буй зөрчил гэвэл, зориулалтын бус байртай, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэх мэт олон зөрчил илэрсэн.
-Ноцтой зөрчил гаргасан зарим цэцэрлэгүүдээс жишээ дурдаач?
-Чингэлтэй дүүрэгт байрлах “Чин хур” цэцэрлэг дөрвөн давхар байртай үйлчилгээний зориулалттай барилга юм. Нэгдүгээр давхартаа үйлчилгээ, зоорийн давхартаа гал тогоо, гуравдугаар давхарт сургууль, дөрөвдүгээр давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Манай улсад мөрдөж буй стандартад хоёр давхраас дээш барилгад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг.
-Зөрчил илэрсэн цэцэрлэгүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Стандарт зөрчиж байгаа учраас үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байна. Цаашид Нийслэлийн боловсролын газартай цэцэрлэг, сургууль, хүүхдийн чиглэлээр хамтарч ажиллана. Эдгээр асуудалд ч тус газар тодорхой арга хэмжээ авч ажиллах байх.
-Эрүүл ахуйн чиглэлээр гарсан ноцтой зөрчлийн тухайд?
-Хувийн цэцэрлэгүүдийн хувьд гадна талбай байдаггүй. Анх зөвшөөрөл авахдаа нэг байранд аваад, удалгүй нүүсэн байдаг. Эрүүл ахуйн хуулийн дагуу МХГ-т хандаж “Манайх шинэ байранд нүүж орлоо” гэдгээ мэдэгдээд, хүүхэд хүмүүжүүлэх, сургах нөхцөл хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл нүүснийг ч бид мэдээгүй байдаг. Эргээд шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулсан байх юм.Цэцэрлэгийн хүүхдүүд нас, биеийн өндөрт тохирсон гар угаагуур, суултуурт бие засах ёстой. Гэтэл насанд хүрсэн хүмүүсийн гар угаагуур, сууртуурыг хэрэглэж байх жишээтэй. Багш ажилчдын бие засах газар нь хүүхдийнхээ нойлтоо хаалт хийсэн төдий байрлаж байна.
-Багш нар эрүүл ахуйн үзлэгт хамрагдаагүй гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хичээл эхлэхээс өмнө багш нар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Гэтэл есдүгээр сар гаргаж байж ордог асуудал байна. Мөн заавал эрүүл мэндийн итгэмжлэгдсэн лабораторид үзлэгт орох ёстой. Гэтэл тамга тэмдэг даруулж л байвал боллоо гэсэн шиг, хаа хамаагүй, итгэмжлэгдээгүй лабораторид ханддаг. Энэ нь бага насны хүүхэдтэй ажилладаг хүмүүст маш ноцтой зөрчилд тооцогддог.
-Зориулалтын бус байранд байснаар хүүхдэд тохиолдож болох ямар эрслүүд байна вэ?
-Анхнаасаа цэцэрлэгийн зориулалттай байхаас гадна, зориулалтыг нь өөрчлөөд цэцэрлэг болгож байгаа олон байгууллага бий. Зориулалтын байр нь анги танхим, хүлээн авах өрөө нь өөр байдаг. Зориулалтын бус байр нь агааржуулалт хангалтгүй байна. Хүүхдийн байгууллага гаднаас заавал агааржуулалт орж байх ёстой. Гал тогоо л гэхэд байгалийн гэрэлтүүлэг агааржуулалт байхгүй зөрчил түгээмэл тохиолдсон. Гал тогооны заал заавал гаднаас гэрэл орж, шаардлагатай тохиолдолд цонх нээгддэг байх ёстой шүү дээ.
-Улсын цэцэрлэгийн хоолны стандарт, илчлэгийг шалгаж үзсэн үү?
-Төрийн цэцэрлэгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтмолжсон. Биднийг шалгах явцад хоол харьцангуй илчлэг хангаж байсан. Гэхдээ улсын цэцэрлэгийн байр хуучирч муудсан учраас гал тогооны стандарт шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, тоног төхөөрөмж нь муудсан байсан. Ажилчид нь эрүүл мэндийн шаардлага хангаагүй гэх мэт зөрчил илэрлээ.