Автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа энэ сарын 31-ээр дуусгавар болно. Түүнээс хойш хугацаанд татвар төлсөн иргэн болон аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авдаг аж. Тиймээс татвараа төлж амжаагүй иргэдийг яаралтай хамрагдахыг ТЕГ-аас уриаллаа. Энэ талаар ТЕГ-ын Татварын улсын байцаагч Г.Энхжингээс тодрууллаа.
-Энэ жилийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх явц ямар хэмжээнд байна вэ?
-Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хуулийн дагуу татвар төлөгч иргэн тухайн жилийнхээ автомашины татварыг зургадугаар сарын 1-ний дотор жилд нэг удаа төлөх ёстой. Харин аж ахуй нэгж дөрөв хувааж төлөх ёстой байдаг. Гэхдээ ТЕГ 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Одоо үзлэг явагдаж байгаа. Нийслэлчүүдийн хувьд улсын дугаарын оронгоор ангилдаг боловч, яг хуулийн хугацаа нь ирэх сарын 1-ний өдөр юм. Хөдөө орон нутгийнхан оронгоор ангилагдахгүй учир зургадугаар сарын 1-ний өдөртөө багтаана гэж ойлгох хэрэгтэй. Тавдугаар сар хамгийн их ачаалалтай байгаа учир, нэгдсэн дүн мэдээг ирэх сарын 15-ны өдөр гаргана. Энэхүү цахим төлбөрийн системээр бүх төрлийн албан татвар, төлбөрийг төлнө гэсэн үг. Тэгэхээр автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд ялгаагүй төлнө.
-Татвараа төлөөгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Зургадугаар сарын 1-нээр хуулийн хугацаа дуусах тул Зөрчлийн хуулийн дагуу төлөөгүй татварын 10 хувиар торгох заалттай. Улсын хэмжээнд 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд бүртгэлтэй байдгаас, жилд дунджаар 650 орчим мянган тээврийн хэрэгсэл албан татвартаа бүрэн хамрагддаг. Нийслэл хотод бүртгэлтэй 500 орчим мянган тээврийн хэрэгслийн дийлэнхи нь жижиг оврын 1500 метркуб моторын багтаамжтай автомашинууд эзэлдэг. Жишээлбэл, приус автомашин байлаа гэхэд, жилд дунджаар 56000 төгрөг төлнө. Үүнд автозам ашигласны татвар 20 мянга, тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар 36 мянган төгрөг байх жишээтэй. Хэрвээ тухайн иргэн приус автомашины татвараа төлөөгүй бол ирэх сарын 1-ээс хойш 5600 төгрөгийн торгууль нэмэгдэнэ. Зөвхөн торгоод зогсохгүй замын хөдөлгөөнд орох эрхийг хязгаарлах арга хэмжээ авна. Тиймээс иргэд цаг хугацаандаа татвараа төлөх шаардлагатай байна.
-Цахимаар татвараа төлөх ямар боломжууд байгаа вэ?
-2017 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Смарткар” буюу татвараа амар хялбар төлөх цахим хэлбэрийг нэвтрүүлсэн. Харин цахим тайлангийн систем буюу www.mta.mn , мөн зөвхөн татвар төлөгч иргэдэд зориулсан www.itaxmta.mn гэсэн вэбсайтаар дамжуулан заавал нэвтрэх нэр, нууц үг шаардахгүйгээр машиныхаа улсын дугаарыг оруулж болно. Ингэснээр хэдэн төгрөгийн татварын өртэй байгаа, өмнө нь төлсөн татварууд бүрэн бүртгэлтэй байгаа эсэхийн шалгах боломжтой юм. Мөн цахимаар зургаан арилжааны банкны журмаар төлөхөд 1-2 секундын дотор манай системд бүртгэгдэх давуу талтай. Өмнө нь татвараа төлөхийн тулд татвар хураах цэгүүдэд олон цаг дараалж, бүтэн өдөр зориулдаг байсан бол, цахим төлбөрийн систем нэвтэрснээр хэдхэн минут зарцуулна гэсэн үг шүү дээ.
-Татвар төлөхөөр цаасан гэрчилгээ олгодог. Цахимаар төлсөн тохиолдолд гэрчилгээгээ хаанаас, хэрхэн авах вэ?
-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн гэрчилгээг орлох цахим гэрчилгээ бий болсон. Энэ нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний гуравны нэг хэмжээтэй QR код бүхий ногоон гэрчилгээг манай вэб сайтуудаас хэвлэж авч болно. Мөн гар утсандаа зураг хэлбэрээр хадгалаад авч явах боломжтой байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй. Хуучин цаасан гэрчилгээг нэг удаа олгоход иргэд 500 төгрөг төлдөг байсныг жолооч нар мэдэх байх. Цахим гэрчилгээг цагдаа, хил гаалиар гарахад үзүүлж болох олон давуу талтай.