ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Отгонсүрэн: Хүүхдүүд гэр бүл, боловсролын орчинд тулгамдсан асуудлаар зөвлөгөө авдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-30

Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Хүүхдийн тусламжийн 108” утас үйл ажиллагаагаа 24 цагийн хугацаанд дөрвөн ээлжээр явуулдаг аж.  21 аймаг, есөн дүүргийг хамруулан, хүүхэд багачуудад тулгарч буй асуудал, хүчирхийлэлд өртсөн,  хүүхдийн эрхийн зөрчил үүсэн , үл хайхрагдах гэх мэт  асуудлаа ярьж, зөвлөгөө мэдээлэл өгдөг байна. Тэгвэл тус төвд хандаж буй хүүхдүүдийн талаар болон бусад асуудлаар “Хүүхдийн тусламжийн 108” утасны төвийн захирал С.Отгонсүрэнгээс тодрууллаа. 

-“Хүүхдийн тусламжийн 108”  төвд өдөрт хэчнээн дуудлага ирдэг вэ. Хүүхдүүд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?
-Өдөрт дунджаар 500-650 орчим хүүхэд 108 утсанд холбогддог. Хавар хичээл тарах, намар эхэлсэнтэй холбоотой дуудлагын тоо харилцан адилгүй байдаг.  Долоо хоногийн баасан гарагийн орой их байх жишээтэй. Эсвэл баяр ёслолын үеэр хүүхдүүд их холбогддог. Өнөөдрийн нийгмийн байдалтай уялдуулаад, боловсрол, гэр бүлийн орчинд хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь элбэг байна. Энэ нь гэр бүлийн орчинд архидалт эх байгаагийн шинж юм.  

-Хүүхэд тусламж хүсэж залгахад, танай байгууллагаас зөвлөгөө мэдээлэл өгдөг гэлээ. Тэдгээр хүүхдүүдтэй эргэх холбоотой ажилладаг уу?
-Хариу үйлчилгээний алба шүү дээ. Хүүхдэд шаардлага гарсан үед эргэж холбогдох,  зөвлөгөө мэдээллийн үр дүн ямар шатанд явж байгаа эсэхийг үргэлж лавлаж, шаардлагатай арга хэмжээ авдаг. Манайх дэргэдээ яаралтай тусламжийн албатай учраас хүчирхийлэд өртсөн, зайлшгүй тусгаарлах шаардлага гарсан  хүүхдийг төв байранд  хүргэж өгөх арга хэмжээ авна. 

-Хэрвээ хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухайгаа танай байгууллагад мэдээлж утсаар залгалаа гэж бодъё. Гэтэл гэнэт утас нь тасарвал ямар арга хэмжээ авах вэ. Цаана нь юу ч болж болно шүү дээ?
-Утасны үйлчилгээний журам гэж бий. Тэр нь хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн зөрчлийн тухай хууль болон бусад хуулиудад үндэслэн гаргасан. Журмын дагуу хүчирхийллийн талаар яаралтай дуудлага авах ч юм уу, таны хэлсэн шиг утас нь тасарлаа гэхэд, цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Цагдаагийн байгууллагаас аюулгүй зэргийн үнэлгээ хийнэ, залгасан дугаараар нь хүүхдийн  байршлыг тогтоож, тусгаарлах эсэхийг шийдвэрлэдэг. Аль болох л яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хичээдэг. Сургууль болон ангиар нь хайх  ч тохиолдол гарна. Бараг л эрэн сурвалжилга хийдэг дээ. 

-Хандаж буй хүүхдүүдийг нас,  хүйсээр нь ангилвал?
-Нийт хандаж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь охид байдаг.  Үүнээс бэлгийн хүчирхийлэлд 90 орчим  хувь нь өртсөн гэсэн судалгаа бий. Биемахбодийн хүчирхийлэлд өртөж байгаа нь хөвгүүд байгаа. Ерөнхийдөө 11-15 насны хүүхдүүд ихэвчлэн хандаж байна.

-108 утас хүүхдийн хувьд зовлон жаргалаа хуваалцдаг найз нь байдаг гэж ярьдаг шүү дээ. Хүүхдүүд тулгамдсан асуудлаас гадна юуны тухай ярилцдаг вэ?
-Тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж өгөхөөс гадна, зөвлөгөө өгдөг гэдгээрээ онцлогтой.  Зөвлөгөөний хувьд  мөн л харилцан адилгүй. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар, мэргэжил сонголт, төрсөн  өдрөө хэрхэн тэмдэглэх талаараа ч ярилцдаг. Саяхан л гэхэд “ээж маань төрсөн өдрөөр гөлөг авч өгнө гэж хэлсэн. 12 цаг  болох гэж  байна. Одоо болтол надад гөлөг өгөх талаар ярьж эхлээгүй. Яах бол, миний сэтгэл түгшиж байна” гэж ярих жишээтэй. Хүүхдүүдийн хувьд хуваалцахгүй асуудал бараг байхгүй дээ. 

-Эцэг, эхчүүд өөрсдөө холбогддог уу
-Нийт ирж буй дуудлагын 40-50 хувийг эцэг, эхчүүд эзэлдэг.  Хүүхэддээ тулгамдсан асуудлыг ярилцдаг. Мөн  хамаатан садны хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэддээ хэрхэн хандах талаар зөвлөгөө авдаг. 

-108 утасны ард хүүхдэд зөвлөгөө мэдээлэл өгч буй хүмүүсийг хэрхэн сонгодог вэ?
-Мэргэжлийн байгууллага учир, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар ажилладаг. Дөрвөн ээлжээр ажилладаг учир 30 орчим хүн ажиллаж байна. Хүүхдийн баярын арга хэмжээнд  Сүхбаатарын талбайд багаараа ажиллаж хүүхдийн 108 утасны талаар мэдээлэл өгч ажиллана. Мөн нөлөөллийн ажлуудаа давхар хийх төлөвлөгөөтэй байна.