Гадаад дотоодын жуулчдын идэвхтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан “Оюутан цагдаа” арга хэмжээг өчигдрөөс эхлүүллээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Я.Цэндсүрэнгээс тодрууллаа.
-“Оюутан цагдаа-2019” арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч. Ямар ач холбогдолтой вэ?
-Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа-2019” арга хэмжээг зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлүүллээ. Энэ арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэх юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Ач холбогдлын тухайд, оюутан залуус хууль эрхзүйн мэдлэгтэй болох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, аялал жуучлал, харилцаа хандлагаа сайжруулах давуу талтай.
-Нийтдээ хэчнээн оюутан ажиллах вэ. Тэдгээр оюутнуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Монголын оюутны холбоотой хамтран оюутан цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэхэд нийт 78 оюутан нэрээ өгсөн. Үүнээс “Оюутан цагдаа-2019” арга хэмжээнд нийтдээ 40 оюутан хамрагдахаар боллоо. Шаардлагын тухайд, гадаад хэлний зохих мэдлэгтэй, иргэдтэй харилцах харилцаа, биеийн гаднах төрх байдлыг харгалзаж Нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгаж авсан. Оюутнууд тодорхой хэмжээний цалинтай ажиллана.
-Хаана, ямар газруудад эдгээр оюутнууд ажиллах вэ?
-Өнөөдрөөс эхлээд ажиллах 40 оюутан эргүүлийн 20 чиглэлд хоёр хоёроороо ажиллах юм. Улаанбаатар хотын аялал жуулчлалын цэг, гудамж буюу гадаад, дотоодын иргэд төвлөрдөг газруудад ажиллана. Тэдгээр оюутнууд хантааз, малгай, тэмдэг тэмдэглэгээтэй хувцас хэрэглэлтэй учир танихад амархан байгаа.
-Оюутнууд өөрсдийн мэдлэгээс гадна жуулчид төвлөрдөг гудамж талбай хаана байдаг гэх зэргээр ямар нэгэн сургалтад хамрагдсан уу?
-Аялал жуулчлалтай холбоотой гадаад дотоодын бүх хүмүүст мэдээлэл өгөх учир гурван өдрийн сургалтад хамрагдсан. Мэдээж гадаад дотоодын жуулчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гадныхан гэмт хэрэгт өртсөн тохиолдолд хаана хандахаа мэддэггүй учир гудамж талбай олон нийтийн газар ажиллуулж байгаа юм. Тэднээс гудамж талбайн байршлын мэдээллийг авах боломжтой.
-Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа гэлээ. Өмнөх жилүүдэд ямар үр дүнтэй ажилласан бэ?
-2018 онд “Оюутан цагдаа”-гаар ажилласан иргэд гадаадын 6424, дотоодын 7881 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлсэн байдаг. Мөн гэмт хэргийн, зөрчлийн 176 мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, төөрсөн долоон хүүхдийг цагдаагийн байгууллагад мэдээлж, эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна хулгайн хоёр гэмт хэргийн мөрөөр долоон төрлийн 4203 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажилласан дүн мэдээ бий. Улмаар 2018 онд гадаадын иргэд үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон иргэн урд онтой харьцуулахад 10 нэгж буюу 34.48 хувиар буурсан үр дүн гарлаа.