ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Янжмаа: Энэ сарын 22 гэхэд шалгалтууд дуусна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-04

ЭЕШ-ын журмын талаар БСШУС-ын яамны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн  О.Янжмаагаас тодрууллаа.

-ЭЕШ хэзээ эхлэх вэ. Шалгалт өгснөөс хойш хэр удаж хувиар сонголт болох юм бол?

-ЭЕШ зургадугаар сарын 17-22-ны өдрүүдэд орон даяар нэг цагт эхэлнэ. Их, дээд сургуульд хүүхдүүдийг элсүүлэн авах үйл ажиллагааг зургадугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгалт дууссанаас хоёр хоногийн дараа хувиар сонголтыг зохион байгуулж байгаа нь хүүхдүүдэд сонголтоо хийх хугацааг олгож байгаа юм. Шалгалт өгсөн даруйдаа хэдэн оноо авснаа мэдэх боломжтой учраас хамгийн сүүлийн шалгалтаа өгчихөөд онооноосоо шалтгаалан ямар сургуульд элсэх талаар сонгох хугацаа байх шаардлагатай. Энэ хичээлийн жилийн ЭЕШ бол өмнөх жилүүдийнхээс нэлээд онцлог. Өмнө нь ЭЕШ өгсөн хүүхдүүд хамгийн эртдээ долдугаар сарын 01 гэж хэдэн оноо авснаа мэддэг байсан бол энэ жилээс шалгалт өгсөн даруйдаа харах боломжтой болж байгаа. Тиймээс хувиар сонголт маш эрт болж байгаа юм. Орон нутгийн хүүхдүүд ЭЕШ-таа өгчихөөд шалгалтын дүн гартал гэртээ хариад дахин ирэх эсвэл аймгийн төвд 14 хоног хүлээх шаардлага гардаг байсан. Шалгалтын дүн даруй гарч, хувиар сонголт шалгалтын дараагаар шууд үргэлжлэх учраас орон нутгийн хүүхдүүдэд чирэгдэл багатай болох юм. Тэгэхээр ЭЕШ, их, дээд сургуулийн хувиар сонголт зургадугаар сарын 28-ны өдөр гэхэд дууссан байна гэсэн үг. 

-Монгол хэл, монгол бич­гийн шалгалтад тэнц­сэн тохиолдолд ЭЕШ өгөх эрхтэй болно гэсэн. Хэрвээ энэ шалгалтад тэнцээгүй бол дахиж шалгалт өгөх боломжтой юу. Эсвэл дараа жил нь өгөх үү?

-Хүн үндэсний хэл, бичгээ бүрэн дүүрэн эзэмшсэн байх ёстой. Тийм учраас ЭЕШ өгөх элсэгчдээс заавал монгол хэл, бичгийн шалгалт авдаг байх журмыг баталсан. Энэ шалгалтаас тэнцэж болох хамгийн доод оноо буюу босго оноонд хүрч байж ЭЕШ өгөх эрхтэй болох юм. Хөдөө орон нутгийн элсэгчид 400, Улаанбаатар хотын элсэгчид 480 оноо авч байж ЭЕШ өгөх эрхээ авна гэсэн үг. Бид энэ хичээлийн жилийн монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 30-нд авсан. Үүний дараа тэнцээгүй болон шалгалтаас хоцорсон хүүхдүүдэд боломж олгох үүднээс дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хоёр дахь шалгалтыг авсан. Тухайн элсэгч хоёр жил дотроо шалгалт өгөх эрхтэй байдаг. Тэгэхээр энэ жилийн шалгалтуудад тэнцээгүй ч гэсэн ирэх жил шалгалт өгөх боломжтой гэсэн үг. Гэхдээ бүртгэлээ бол шинээр хийж орж ирэх ёстой.

-Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын элсэгчдийн босго оноо яагаад ялгавартай байгаа юм бэ?

-Хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Хамгийн гол бодлого нь Улаанбаатар хотын хүн амын төвлөрөлтэй холбоотой. Төвлөрлийг буу­руу­лах бодлого явж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, Улаан­баатар хотын элсэгчдийн тоо хө­дөө орон нутгийнхаас хэд дахин их. 

-Шалгалтын дүнгээс үзэ­хэд, хүүхдүүдийн монгол хэлний чадвар хэр байна вэ?

-Сүүлийн үеийн хүүхдүүд үндэсний хэл гэхээс илүү гадаад хэл рүү их хошуурах хандлага байна. Гол нь эцэг эхчүүд гадаад хэл л сурч байвал боловсролтой хүн гэж ойлгодог сөрөг хандлага байна. Тиймээс хүүхдээ багаас нь гадаад хэлтэй сургуульд сургаж байгаа нь үндэсний соёл уламжлалаас холдуулж байна гэсэн үг. Тийм учраас хүүхдүүдийг төрөлх хэлээ хангалттай эзэмшсэн байх ёстой гэсэн үүднээс ийм журам оруулж ирж, хэрэгжүүлж байгаа. Гэвч ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүд гэхэд хангалтгүй үзүүлэлтүүд байна. Монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноонд хүрч байж ЭЕШ өгөх эрхтэй болох учраас дараа дараагийн жилүүдэд хүүхдүүдийн эх хэлний чадвар сайжрах байх гэж харж байгаа. 

-Шалгалтаа өгсөн даруй оноогоо мэдэх боломжтой гэж байгаа. Яаж мэдэх юм бэ. Шалгалтын материалыг засаж байгаа машин нь хэр найдвартай юм бол?

-Сонгуулийн санал хураалтын машин шиг машин байгаа. Шалгалтын материалыг хийхэд оноо нь автоматаар дэлгэц дээр гарч ирнэ гэсэн үг. Түрүү жил бид Ховд, Эрдэнэт аймгуудад туршиж үзэхэд маш үр дүнтэй байсан.