НМХГ-аас ЕБС-ийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хэд хэдэн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуй нэгжин үйл ажиллагааг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна. Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч О.Алтантуулаас тодрууллаа.
-ЕБС-ийн хэчнээн сургуульд шалгалт хийсэн бэ?
-МХЕГ-ын 2019 оын төлөвлөгөөт шалгалтад нийт 74 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгалаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд үнэлгээ өгч ажилсан. Шалгалтаар 30 гаруй албан шаардлага, улсын байцаагчийн 40 гаруй дүгнэлт хийгдэж, 20 орчим сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Улмаар дөрвөн сургуулийн цайны газар “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзэж, үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн боловсролын газар болон Нийслэлийн өмчийн харицааны газар, сургуулийн удирдлагуудад хүргүүллээ. Мөн хоёр сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, үүрэг даалгавар өгч ажилласан.
-Тухайлбал ямар сургууль байсан бэ. Жишээ дурдвал?
-“Ирээдүй цогцолбор”, “Шинэ зууны удирдагч” зэрэг сургуулийн гал тогоо “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн юм. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоож, гурван сая төгрөгийн торгууль ногдуулсан.
-Нийтлэг зөрчлийн тухайд?
-Барилга байгууламж нь анхнаасаа зориулалтын бус баригдсан зөрчил 20 орчим хувь нь байлаа. Мөн ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажилчдын мэдлэг хангалтгүй, авсан арчдас шинжилгээ шаардлага хангаагүй байсан. Арчдас шинжилгээ шаардлага хангаагүй гэдэг нь цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн үг. Мөн сургуулийн захирал, дотоод хяналтын ажилтан, эмч нар тогооч нарт тавьж буй шаардлага хангалтгүй байсан.
-Хоолонд ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
-Үдийн цайгаар өгч буй хоол шаардлага хангаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Тухайлбал, ихэнхи сургууль тав хоногийн цэстэй байдаг. Тав хоногийн хоёр өдөр нь нэгдүгээр хоол, хоёр өдөр нь хоёрдугаар хоол, нэг өдөр нь боорцог, цай өгөх жишээтэй байгаа юм. “Үдийн цай”-ны хоолыг байцаагч нар шалгаж үзэхэд, илчлэгийн шаардлага хангаж байсан ч, хүүхэд өөрөө авах шимт бодисын хувьд шаардлага хангахгүй байлаа. Нэг хүүхдэд 600 төгрөгийн үдийн цай ногдож байгаа. Энэ мөнгөн дүн зах зээлийн хувьд шаардлага хангахгүй. Одоо бол “Үдийн хоол” болгож, баталсан байгаа.
-Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас олон талын шалгалтыг авлаа. Арчдас, ус, агаарын гэх мэт маш олон шинжилгээнд байцаагчийн дүгнэлт гаргаж ажиллалаа. Тухайлбал, нэг сургуулийг шалгахад 10 төрлийн зөрчил илэрвэл албан шаардлага, хугацаатай үүрэг өгнө. Улмаар биелэлтэд хяналт тавьж ажиллах ёстой. Хэрвээ тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болохгүй байна гэж үзвэл, прокурорын байгууллагад саналаа хүргэснээр, зөрчлийг арилгах хүртэл хаах арга хэмжээ авна. Эцсийн арга хэмжээ нь түдгэлзүүлэх саналыг холбогдох газарт хүргүүлэх журамтай.
-Зарим сургуулийн цайны газрыг мэргэжлийн бус хүмүүс түрээсэлсэн тохиолдол байдаг шүү дээ. Яг ямар журмаар сургуулийн цайны газрыг ажиллуулах ёстой юм бол?
-2018 оноос өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газар тендер зарлаж, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах журмаар тухайн сургуулийн цайны газрыг ажиллуулах хүмүүсийг сонгодог байсан. Өнгөрсөн жилээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн сургуулийн захирал энэ аж ахуй нэгжтэй цаашид үргэлжлүүлэн ажиллана гэвэл гэрээг сунгана. Хэрвээ ажиллахгүй гэж үзвэл Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, тухайн сургуулийн удирдлага нийлж тендер зарлах юм. Улмаар тендерт шалгарсан байгууллага үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй гэсэн үг. Энэ гэхдээ өрөөсгөл байгаа юм. Бидний зүгээс шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл, аливаа нэг ажлыг хийхэд тухайн хүн заавал мэргэшсэн байх ёстой. Гэтэл хоолны үйл ажиллагаа эрхэлж байгаагүй аж ахуй нэгжүүд материал бүрдүүлээд, тендерт шалгарчихсан байдаг. Манайхаас тухайн сургуулийг шалгаад үзэхэд анхан шатны ямар ч мэдлэг байхгүй тохиолдол олон гарсан. “Би тэтгэвэртээ гараад хийх ажилгүй байсан учраас ах дүү нар үдийн цай ажиллуул гэсэн” гээд настай багш зогсож байх жишээтэй. Ямар журмаар яаж ажиллуулах ёстой вэ гээд асуухаар мэдэхгүй гэсэн хариулт өгдөг. Мэргэжлийн бус хүмүүсээс болж нөгөө л зөрчил, дутагдал их гарч байгааг анхаарах хэрэгтэй.
-Сургуулийн захирлууд танил тал, эрх ашгаа бодоод мэргэжлийн бус хүмүүс ажиллуулаад байх шиг. Сургуулийн удирдлагын хяналт чухал гэж харагдаж байна шүү дээ?
-Тийм ээ. Хамгийн чухал хяналт нь сургуулийн захирал байх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага жилдээ 2-3 удаа хөндлөнгийн шалгалт хийдэг. Гэтэл өдөр тутмын үйл ажиллагааг хянах хүн шаардлагатай байна. Гэтэл захирлууд энэ ажлыг тааруу хийж байна. Захирал өөрөө шаардлага тавиад, хамтарч ажиллах эсэхэд шийдвэрээ гаргах бүрэн эрхтэй.
-Сургуулиуд амрах дөхлөө. Гэтэл ирэх намар энэ байдлаараа байх вий дээ?
-Шалгалт бүрээр тодорхой хэмжээний ахисан түвшин харагдаж байгаа. Наймдугаар сарын 20-оос эхлэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангах шалгалт хийдэг. Үүнд үдийн цай хэрэгжүүлж буй тухайн аж ахуй нэгжүүд орчин, нөхцлөө сайжруулсан эсэхийг шалгадаг.