Монголд аялах жуулчдын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 529370 гадаадын жуулчин ирж байсан бол энэ жил дахин нэмэх төлөвлагаатэй байгаа аж. Тиймээс энэ жил жуулчдыг татах ямар арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар болон бусад асуудлаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын Орлогч дарга Ц.Энхтүвшингээс тодрууллаа.
-Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд гадаад дотоодыг жуулчдад зориулсан ямар томоохон үйл ажиллагаанууд болох вэ?
-Улаанбаатар хотод энэ зун зохион байгуулагдах томоохон үйл ажиллагааны нэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Талын салхи-2019” олон улсын мото наадам байлаа. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм. Манай улсын мото сонирхогчдоос гадна БНХАУ, ОХУ-ын 200 гаруй мото тамирчид оролцлоо. Үүнээс гадна “Дээлтэй Монгол” наадам гэх мэт Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй үйл ажиллагаа бий.
Манай газраас гадна бусад төрийн болон төрийн бус байгууллагууд жуулчдыг татах олон үйл ажиллагааг дор бүрнээ зохион байгуулдаг. Долдугаар сард жуулчид их ирдэг учраас Үндэсний их баяр наадам, “Дээлтэй Монгол” наадамд ач холбогдол өгч ажиллаж байгаа юм. Манай улсын 3.3 сая хүнээс жилд давхардсан тоогоор 2.5 сая иргэн гадаад улс руу гардаг гэсэн судалгаа бий. Харин зөрүүлээд ядаж нэг сая жуулчин авах хүсэл их байдаг. Жил бүр манай улсад ирэх жуулчны тоо өсөж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.
-Энэ жил Даншиг наадам болохгүй гэдэг шийдвэр гарсан. Жуулчдыг татах томоохон арга хэмжээний нэг гэж үздэг?
-Нийслэлээс 400 орчим сая төгрөгийг Даншигт төсөвлөдөг. Иргэдийн зүгээс шаардлагагүй зүйлд их хэмжээний мөнгө зарцууллаа гэдэг санал шүүмжлэлийг ихээхэн гаргасан. Тиймээс энэ зун Даншиг болохгүй гэсэн шийдвэр гарсан.
-БОАЖЯ-аас 2020 онд нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэлээ одооноос хийж байгаа шүү дээ. Энэ хүрээнд боловсон хүчнээ бэлтгэж, сургалтад хамруулж байна. Үнэхээр ирэх жил энэ хэмжээний жуулчин авч чадах уу. Яг хөшүүрэг нь юу бол?
-Жуулчид Монголд ирэхэд дэд бүтэц хангалтгүй байгаа. Нийт ирж буй жуулчдын 50 орчим хувь нь онгоцоор ирдэг. Онгоцоор ирж буй зорчигчийн тал хувь нь монголчууд өөрсдөө байгаа. Дэд бүтэц хангалтгүй гэдэг нь, онгоцны ирэх буцах нислэг олон байх, тизийн үнэ хямд байж жуулчдын тоо өсөх боломжтой. Мөн манай улсад хандах визийн асуудалд уян хатан байх хэрэгтэй. Жишээлбэл, БНХАУ-ын жуулчид манайд зорчихын тулд шагаар виз авдаг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хэлэлцээрээр Монголын визийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 200 гаруй юанаар авах боломжтой. Гэтэл манай визийг худалдаж авахын тулд 800-900 юанаар авдаг гэсэн мэдээлэл бий. БНХАУ-ын жуулчид худалдан авах чадвар сайн байдаг бөгөөд манайд ирэх жуулчдын ихэнхи хувийн эзэлдэг юм. Зөвхөн зочид буудал, амралтын газруудад давуу талтай байгаад зогсохгүй такси, жижиг дунд үйлдвэрлэгчид, хоолны газар гэх мэт 30 гаруй байгууллага, иргэнтэй хамааралтай байдаг юм шүү дээ. Ядаж улирлаас хамаараад виз уян хатан байх олон улсын жишиг байдаг. Үүнд Зам тээврийн яам, БОАЖЯ, ГХЯ зэрэг төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй юм.
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Энэ хэмжээний жуулчин хүлээж авахад бэлэн үү?
-Бид энэ хэвээрээ байвал 2020 онд нэг сая жуулчин хүлээж авахад эргэлзээтэй. Жилийн дөрвөн улиралд жуулчин хүлээж авахад зочид буудал, жуулчны баазууд боломжийн хэмжээнд байгаа. Гэтэл жуулчны тоо бага учир бэлтгэсэн ажилчид нь зунаас бусад улиралд өөр ажилд ордог. Эргээд зун болоход дахин шинэ хүн бэлдэх жишээтэй. Өнгөрсөн жил 530 мянган жуулчин хүлээж авсан бол, энэ жил 600 орчим мянга байх болов уу гэж тооцож байгаа. Дээрээс нь жуулчид хүлээж авахад зарим мэдээллүүд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарлаа гэж мэдээлсэн хэрнээ буцаад, намжсан, хорио цээрийг цуцалсан гэдэг мэдээллийг төдийлөн өгдөггүй. Цаашаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсад тарваган тахал өвчин гарсаар байгаа гэж ойлгоод ирэхээ больдог асуудал бий. Сая л гэхэд “Талын салхи-2019” мото наадамд ирэх байсан жуулчид тарваган тахал гарснаас шалтгаалж зарим нь цуцалсан.
-Гэрэлт гудамжийг нүүлгэх тухай асуудал яригдсан. Нүүлгэвэл хаашаа нүүлгэх вэ?
-Захирагчийн ажлын албанаас нүүлгэх эсэх, нүүлгэвэл хаана байх вэ гэдэг шийдвэр гарна. Жишээ дурьдахад, Хятад л гэхэд хоолны урт гудамж байдаг. Түүн шиг “Урт цагаан”-ы гудамжны авто машины зогсоолын хэсгийг ийм төрлийн гудамж болгох хэрэгтэй гэж боддог юм. 4-10 сар хүртэл үндэсний хоолоо үйлдвэрлэх боломжтой. Зөвхөн Хятад улсад ч гэлтгүй дэлхий улсын нийслэлд ард түмний хоол, гудамжны хоол байдаг шүү дээ. Тэр хэмжээгээрээ жуулчдын төвлөрлийг нэмэгдүүлж, эдийн засгаа ч сайжруулах боломжтой.