ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Болорчулуун: Эрт ургацын ногоо наадмын өмнө худалдаанд гарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-18

Энэ жил улсын хэмжээнд нийт 478 мянган га-д тариалалт хийнэ. Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн тарьж буй. Харин төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд хаврын тариалалтын ажил эхэлсэн юм. Тэгвэл тариалалтын явц ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Хаврын тариалалт одоогийн байдлаар ямар шатанд явж байна вэ? 

-2019 оны хаврын тариалалт дуусах шатандаа орж байна. Улсын хэмжээд зургадугаар сарын 18-ны байдлаар 454 мянган га-д тариалалт хийлээ. Үүнээс 354 мянга га талбайд үр тариа, 13 мянган га-д төмс, хүнсний ногоог 6000 га-д  тариалсан. Ер нь төлөвлөгөөт хэмжээндээ дөхөж байгаа. 
-Өнгөрсөн өдрүүдэд ор­сон усархаг бороо тариа­лалтад хэр нөлөөлөв?
-Амралтын өдрүүдэд ор­сон их хэмжээний бороо тариа­лангийн бүс нут­гуу­дад жигдхэн орсон. Төв аймгийн урд талын сум буюу Лүн, Баянхангай, Угтаал тариалалтын талбай багатай. Бага хэмжээний рапсын талбай байсан нь үерт нэрвэгдсэн гэсэн мэдээлэл ирсэн. Бусад аймгийн тариалангийн талбай үерт автсан гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. 

-Үүлэнд зориудаар нө­лөөлж, зарим тариа­лан­гийн бүс нутгаар бороо оруулах ажил  хийгдсэн. Энэ ямар бүс нутгийг  хамарч байгаа вэ. Хэр үр дүнтэй байна?

-Үүлэнд зориудаар нөлөө­лөх ажлыг БОАЖЯ,  Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс хийдэг. Үүлэнд зориудаар нөлөөлөх явуулын радар улсын хэмжээд 40 гаруй байгаа бөгөөд тариалангийн бүс нутгуудад ирсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гурван ширхэг нь ажиллаж байна. Ирж буй үүлний ерөнхий байдлыг шинжиж, нөлөөлж болохуйц хэмжээнд байвал ашиглах учиртай юм.  Зургадугаар сарын 15-ны өдрөөс орсон борооны үеэр ч мөн үүлэнд нөлөөлсөн. Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж  ХХААХҮ-ийн яамнаас үзэж байгаа. 

-Сүүлийн жилүүдэд улаан буудай,  хүнсний ногоогоор дотоодын  хэрэгцээгээ хан­гадаг болсон.  Гэхдээ хаврын улиралд урд хөр­шөөс орж ирсэн хүнс­ний ногоог иргэд хэрэг­лэж байна.  Ер нь нөөцлөх боломж бий юу?

-Сүүлийн жилүүдэд дотоо­дын хэрэгцээний улаан буу­дай, төмсний хэрэглээг 100 хувь хангаж байгаа. Бусад хүнс­ний ногоог 40 хувь хангаж байна. Энэ хангажмийг нэмэг­дүү­лэх талаар олон арга хэм­жээг авч эхэлсэн юм. Тухайл­бал,  тариалалтын тал­байн хэмжээ,  га-гаас авч буй ургацын хэмжээг нэмнэ. Ингэснээр 2020 он гэхэд тоо, хэмжээг илүү  нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн хаврын тариалалтаар хүнсний ногоо хараахан төлөвлөсөн хэмжээд хүрч чадаагүй байгаа. 

-Өнгөрсөн намар шинэ ургацын ногоо үнэтэй байсан учраас зарим иргэд урд  хөршөөс оруулж ирсэн хүнсний ногоог хэрэглэж байсан. Энэ жилийн тухайд хүнсний ногооны үнэд хэрхэн анхаарах вэ? 

-Энэ жил эрт ургацын ногоогоор иргэдээ хангана. Наадмын өмнөхөн гаргах төлөвлөгөөтэй байна. Хүнс­ний ногооны 50 орчим хувийг  хангаж байгаа учраас, импортоор оруулж  ирэх шаардлага гардаг. Тиймээс дотоодын ургацтай импортын ногооны үнийг уялдуулж борлуулах бодлого барих юм.

-Иргэд төмс хүнсний ногооноос гадна нарийн ногоог өдөр тутмын хүнсэн­дээ хэрэглэдэг болсон. Гэхдээ зарим ногоо нь хэтэрхий үнэтэй байдаг. Яамны зүгээс нарийн ногооны тариалалтыг дэм­жих боломжтой юу?

-Нарийн ногоо нь хүлэм­жийн тариалалт буюу хам­гаалагдсан хөрсний тариалалт гэж явдаг. Нийтдээ улсын хэмжээд 92 га талбайтай хүлэмж бий. Үүнээс  26 га нь өвлийн, 66 га нь зуны хүлэмж байгаа. Эдгээр хүлэмжинд Улаан­баатар хотын хүн амыг  шинэ ургацын ногоогоор хан­гах тариалалт хийгддэг. Төрөөс үнэ тогтворжуулах хөтөл­бөрөөр нийт 10 орчим аж ахуй нэгжид 27 тэрбум төг­рөгийн  дэмжлэг үзүүлж, 8.4 га талбай бүхий өвлийн хүлэм­­жийг бий болгоод байна. Өвлийн хүлэмж маш их хөрөнгө оруулалт шаард­­даг учир зөвхөн улсын төсвөөс санхүүжилт гаргах боломжгүй. Тиймээс гадны дэмжлэг,  зээлийн эх үүсвэрийг судалж хүлэмжийн тариалалтыг нэмсээр байна. 

-Цаашид газар тариа­лангийн бүс нутгаар цаг агаарын нөхцөл  ямар байх талаар мэдээлэл авсан  уу?

-Хавар “Тариаланчдын ул­сын зөвлөгөөн”-өөр дулаа­ны улирлын төлөв байд­лын мэдээллийг өгдөг. Ерөн­хий мэдээ­лэлд зурга­дугаар сард харьцан­гуй хур туна­дас­тай байх тухай мэдээлэл өгсөн. Харин долоо болон найм­дугаар сарын  мэдээллийг мэр­гэжлийн байгууллага өгөх байх.

-Жил бүр ургац хураалтад цэргүүд болон бусад хүмүүсийг дайчилдаг. Энэ жилийн тухайд  урьдчилсан төлөвлөгөө гарсан уу? 

-ХХААХҮ-ийн сайдаар ах­луулсан байнгын ажил­ла­гаа­тай ургацын улсын комисс гэж бий. Тус комисс энэ сардаа багтаж, хаврын тариалалтай холбоотой үр дүнгээ хэлэлцэн, намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай холбоотой хурлыг хийхээр төлөвлөсөн. Уг хуралд бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын түвшний хүмүүс оролцдог. Улмаар  Батлан хамгаалах яам, БСШУС-ын  яамтай хамтран ажиллах хүчийг  ярилцана. Зам тээврийн яамтай ургац хураалтын үед ашиглах замын асуудлыг  зохицуулдаг.  Энэ мэтчилэн салбар салбараар  хооронд нь холбож өгдөг юм.