ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам энэ жил ашиглалтад орохгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-26

Улаанбаатараас  Дархан-Уул  аймгийг чиглэн хөвөрдөг “Дарханы” гэх тодот­голтой автозамын  ажил энэ зуны хамгийн том ярианы сэдэв байлаа. Амралт, зугаалгаар явах ихэнхи иргэдийн гол жим нь атлаа, их л саад бэрхшээлийг туулж зорьсон газартаа хүрч байсан гэхэд хэтийдэхгүй. Тиймээс манай сонины баг Дархан чиглэлийн зам хэрхэн баригдаж байгаа,  замын нөхцөл  байдал ямар байгааг сурвалжилахаар замдаа гарлаа. Өглөөний 07:00 цагт хөдөлсөн бид Улаанбаатар хотоос гарч Эмээлт зах, Хүй долоо худгаар дайран, 61-ын гармаас эхэлсэн зам хаасан хэсэгт очив. Замын ажил ид дундаа үргэлжилж,  гүүр барих ажлыг гүйцэтгэгч компани үүрэгт ажлаа хийж байна. "Хариуцсан хүмүүс нь хараахан ирээгүй байсан учир ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Дараа дараагийн кэмпээр орсон ч мөн л ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, яамны мэргэжилтэн эсвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн зам барих төслийн зөвлөн гүйцэтгэх компанийн мэргэжилтнүүдээс шаардлагатай мэдээллээ авч болно гэдгийг хэлсэн юм. Улмаар “Урьхан”-аас цааш явж Улаанбаатар-Дархан чиглэлийн замын зөвлөн туслах  “Ай Сити Сайн консалтинг” компанийн Ерөнхий захирал, төслийн инженерийн бие төлөөлөгч С.Очирбаттай холбогдож, 124-ын даваан дээр  уулзсан юм.

Баяр наадмаас хойш үргэлжилсэн их бороо энэ чиглэлийн  түр зассан замыг эвдэж, жолооч нар зорчиход тун бэрхшээлтэй байсан. Хучилт нь цөмөрсөн нүхэнд борооны ус дүүрсэн, түр зассан замд шавар шалбааг ихтэй учир сууж, саатсан машин ч их байлаа.  Харин сүүлийн хэд хоног бороо хур татарсан учир харьцангуй дээрджээ. Гэхдээ л чамлалттай. Чамлалттай гэсний учир нь өвөлжин, хаваржин ярьсан замыг дөнгөж зургадугаар сарын 17-оос хааж,  ажлаа эхэлжээ. Хоёр сарын хугацаанд тавьсан зам өдийд 100 хувь жигдэрсэн байх гэж бодсон ч бодит байдал дээр өөр байх аж. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын ажлыг үндсэн таван компани,  10 гаруй туслан гүйцэтгэх компани хариуцаж авчээ. Үндсэн таван компани бүгд хятадын компани бөгөөд, туслан  гүйцэтгэгч нь монгол компаниуд байгаа юм байна. Нэг  компани л  гэхэд  монгол, хятад нийлсэн 200 гаруй хүн  ажиллаж байгаа гэх бөгөөд ихэнхи нь орон нутгийн иргэд байгаа гэлээ. Анх гэрээ хийхдээ зургадугаар сарын 21-нд буюу наадмаас өмнө хүлээлгэж өгнө гэж гэрээлсэн ч, Зам тээврийн яамтай арваннэгдүгээр сар хүртэл эрчимтэй ажиллаж дуусгана гэж ярилцжээ. Гэсэн ч Зам тээврийн яамтай ярилцаж, товлосон хугацаандаа хүлээлгэж өгч амжихгүй, нийт 204 километр зам тавих ёстойгоос энэ намар 103 километр замын хучилтыг хийж дуусгана гэдгийг Улаанбаатар-Дархан чиглэлийн замын зөвлөн туслах  “Ай Сити Сайн консалтинг” компанийн Ерөнхий захирал, төслийн инженерийн бие төлөөлөгч С.Очирбат хэллээ.  

С.Очирбат: Зарим ажилчид  Эрээн хотоос Монголд орж ирэх боломжгүй байна

Замын ажилтай холбоотой зарим зүйлийг түүнээс тодрууллаа.  

-Дархан чиглэлийн за­мыг иргэд 2019 оны арван­нэгдүгээр сард дуус­на гэсэн ойлголттой байгаа. Зарим гүйцэтгэгч компаниуд энэ жил дуусах боломжгүй гэж байна. Удаашрах шалтгаан юу вэ?

-Нэгдүгээрт, цаг агаараас шалтгаалсан. Улсын баяр наадмаас хойш 20 гаруй хоног бороо  үргэлжиллээ шүү дээ. Урд  шөнө ч их  орлоо. Үндсэндээ бидэнд нэг сар гаруйн хугацаа үлдлээ. Өнгөрсөн жил аравдугаар сарын 6-нд 124-ын даваа цасанд боогдсон байсан. Энэ намар ямар байхыг  мэдэхгүй байна. Хүйтрэх үеэр буюу ус хөлдөж эхлэхэд бетоны ажил хийх боломжгүй байдаг. Зарим компаниудын асфальт, үйлдвэрүүд талбайд буугаагүй. Зарим нь ирээд  угсарч байх жишээтэй. Баруунхараа хотын наад хэсэгт  зам засварын кэмп үйл ажиллагаагаа түр зогсоосон. “Чайна стрийт констракшн”-ын дөрөвдүгээр хэсгийг хариуцсан монгол туслан гүйцэтгэгч компани  хятадын компанитай хэл  амаа олоогүй, байгаа юм. Уг нь ажлаа хийнэ гээд хүрч ирсэн боловч,  хөлс мөнгөө голсон гэж ярьсан.  Бид уулзахад тооцооны алдаа гаргаад маш бага үнээр орчихсон. Гэхдээ монгол компанийн удирдлагууд  нэгэнт авсан учир дуусгана гэсэн тайлбарыг өгсөн. Харин яамны зүгээс гэрээг цуцлах талаар  хэд, хэдэн  удаа яригдсан. Гэрээ цуцлагдвал  мэдээж хаа хаанаа асуудал үүснэ шүү дээ. Дахиад л тендер зарлаж, өөр гүйцэтгэгч ажлаа эхлүүлэх болно. 

-Үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн ажлын явц хэр байна.  Замд явахад зарим нь назгайрсан байдалтай байх шиг? 

-Хамгийн эхний Улаан­баатар хотоос ажлаа эхэлж байгаа хоёр  туслан гүй­цэтгэгч компанитай Хятад компанийн ажил сайн явж байгаа. Энэ жилдээ багтаагаад хүлээж авсан 37,26 км замын хучилтыг  хийж амжих байх гэж харж байгаа. Тус компани баруун аймаг руу салах тойргийн уулзвараас “Хар модот” давааны ар хүртэлх замын ажлыг хүлээж авсан.   Харин “Хар модот” давааны араас “Урьхан”  хүртэлх 45.5 км замыг авсан “Чайна Стейт Констракшн групп” компанийн гүйцэтгэгч компаниуд тааруухан ажиллаж байна. Нэгдүгээрт, тухайн хятадын компанийн зохион байгуулалт муу  байна. Тус хятад компани төрийн өмчийн компани учир асуудал тавихад  эндээ шийдэж болохгүй,  Бээжин дэх төвөөс асууна гэх мэтээр удааширч байгаа. 

-Ажил явагдаж байх ёстой байтал зарим кэмпүүдийн гадна гол техник хэрэгслүүд нь байна шүү дээ. Ажиллах боловсон хүчин хэр байгаа вэ? 

-Техникууд нь талбай дээр гарсан боловч, жолооч нар нь Эрээн хотод ирчихсэн хүлээгдэж байгаа. Засгийн газрын тогтоол гарсан ч манай Хөдөлмөр халамжийн газарт гацчихсан  байдалтай байна. Шалтгаан нь гүйцэтгэгч компаниас болсон, зарим хүмүүсийн нэр нь солигдсон, зарим иргэдийн бичиг  баримт нь будлиантай гэх мэт асуудал үүсчээ. Мөн карьерийн  асуудал байна. Жижиг давааг л  гэхэд  орон нутгийнхан нь ухуулахгүй, алт ухахад төлөвлөгөө гаргадаг шиг  төлөвлөгөө нэхээд суучихсан. Сүүлийн үеийн зарим тогтоол шийдвэрүүд  өөрсдийгөө хүлсэн,  ажил явуулах боломжгүй шийдвэрүүд  гарч байна. Ганц карьер  авахад  Засгийн газраас шийдвэр гаргана гэдэг сонин шүү дээ. Байгаль орчныг хайрлаж хамгаалахад  хатуу хандах ёстой ч, явц нь хэтэрхий удаан  байна. 

-Дор нь шийдээд  явах боломжгүй юу?

-Замын шороог тэр болгон  дуртай газраасаа аваад байдаггүй. Лабораторид шинжлээд таарч байгаа эсэхийг  тогтоож  байж шороо авдаг. Зарим карьерууд  14-15 километрийн цаанаас гарч байна. Гүйцэтгэгч нар  нь анх тооцохдоо 5-6 километр гээд тооцчихсон  байдаг.  Энэ мэтчилэн үйл ажиллагаанаас болж гүйцэтгэгч компаниуд маш их алдагдал үүсч байна гэж ярьж байгаа. 

-Санхүүжилтийн тухайд?

-Санхүүжилтийн  хувьд,  гүйцэтгэгч компаниуд мөн­гөө авч чадаагүй байна. Өнөөдрийг хүртэл өөрс­дийнхөө хөрөнгөөр  ажиллаж байгаа.  Азийн хөгжлийн банкнаас урьдчилгаа багахан мөнгө өгсөн л дөө.  Бичиг цаасаа бүрдүүлж, банкны баталгааг  шалгадаг болсон. Урьдчилгаа мөнгө авахын тулд банкны баталгаа үзүүлэх ёстой байдаг. Ихэнхи нь Хятадын банкаас баталгаа аваад цахим хэлбэрээр  өгчихсөн. Гэтэл яаманд эх хувийг нь өгөх ёстой гэсэн шаардлага үүсэхэд  түүнийг  нь Хятадын банкууд  өгөхгүй байгаа. Ийм учраас зарим компаниудын ажил гацсан. Гэхдээ энэ асуудлыг яам хэлэлцэх байх. 

-Нийтдээ зургаан тэрбум төгрөгийг түр зам тавихад зориулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Түр зам байгуулах зардал нь үндсэн замынхаа хөрөнгөнд бараг ороогүй. Багахан арчлалтын  хөрөнгө орсон. Түр замын ажил эхлэнгүүт орон нутгийн зам засварын компаниудаар  хийлгэсэн. Наадмаас өмнө Баянчандмань сум, Төв, Булган, Эрдэнэт Дархан-Уул аймгийн АЗЗА, төрийн өмчит компаниуд тодорхой уртаар нь авч ажиллаж байгаа. Төсөвлөсөн  мөнгө нь дууссан. Нэмэлт санхүүжилт хаанаас олохоо шийдээгүй байна.  Азийн хөгжлийн банкны зээлийн үлдэгдлээс  авахаар ярьсан боловч, хараахан шийдэгдээгүй байгаа юм.  1.7 тэрбум төгрөгийг түр зам тавихад, үлдсэнийг нь нүүлгэн шилжүүлэхэд зарцуулж байгаа. Кабель утас,  айлын  хашаа,  цахилгааны утас, дулааны шугам, гэх  мэт олон асуудал байна. Ялангуяа Дархан хот дотор маш  их асуудал гарсныг өнгөрсөн долоо хоногт шийдлээ. Ганц нэг кабелийн асуудал яригдаж байна. Мөн “Урьхан”-ы шатахуун түгээх станц, Шунхлайн хоёр станц замын зурваст орчихсон байгаа. Нүүлгэн шилжүүлэх гэхээр  нэгнээс л 250 сая төгрөг нэхэмжилсэн. Анхнаасаа замын зурвас дотор барих ёсгүй байтал, барилга байгууламжаа барьчихаад  сүүлд  нь асуудал үүсгэдэг. Зам тээврийн яамнаас албан  бичиг удаа дараа өгсөн  боловч одоо болтол шийдэгдээгүй л байна. Зарим засварлах шаардлагагүй замыг энэ жил хөндөхгүй үлдээнэ.  Улаанбаатараас Дарханы чиглэлийн бүх замыг  шинэчилж,  хучилт хийнэ гэж анх эхэлсэн. 

-Бороонд  эвдэрсэн,  өтгөн шавар тогтсон түр замыг дахин засах шаардлагатай юм шиг  харагдлаа? 

-Түр замын бороонд эвдэгдэж  муудсан хэсгийг дахиж сайжруулахаар яригдаж байна. Өнөөдөр л  гэхэд Зам тээврийн яам болон  манай хяналтынхан зам дээр ажиллаж байгаа. Ямар ч түр замгүй, эсвэл дутуу хийгдсэн замууд  бий.  Хүчин чадал тааруугаас гадна,  мөнгөний асуудал хүнд байгаа,  шатахуунгүй суучихсан ч орон нутгийн  төрийн өмчит  компаниуд зогсоо зайгүй ажиллаж байгаа юм. Энэ нь ажил удаашрахад маш их  нөлөөлж байна. Мөн байнга тэгшилж индүүдэж, услахгүй бол өдөртөө дунджаар 4500 орчим машин холхидог шүү дээ. Стандартаар 4000-аас дээш  автомашины хөдөлгөөнтэй зам хучилттай байх ёстой гээд заачихсан  байдаг.

...Зам дагуу хэдэн арваараа тоологдох амралтын газар, зам засварын кэмпүүд олон байх аж. Харин бие засах газар тоотой цөөхөн байх нь Дарханы замд дэнжигнэж яваа зорчигчдод яах аргагүй хүнд асуудал байлаа.  Улаанбаатараас гараад Дархан хот хүртэл нийтийн гэх тодотголтой ердөө л долоон модон жорлон байлаа. Модон жорлон үнэр танараас эхлээд ороход  үнэхээр бэрх юм. Тиймээс зорчигчид модон жорлонгоос илүү хээр бие засахыг илүүд  үзэж байгаа харагдлаа. Зам засварын үеэр зам дагуу бие засахад ч хэцүү юм билээ.

Т.Цэрэн: Зам засвар ногооны борлуулалтад нөлөөлж байна

Хүнсний ногоо, тариа буудайг тээвэрлэх  гол зам нь Дархан-Улаанбаатар чиглэлийн зам байдаг. Гэтэл замын эвдрэл,  засвараас шалтгаалж, зарим нэг хүндрэл үүсчээ. Тариалангийн талбай, хүлэмжинд тоос шороо дарахаас эхлээд олон асуудал  гарч  байгааг ногоочид учирлаж байв. Үүнээс гадна Баруун хараа, Дарханы ногоочид,  худалдаачдын борлуулалт эрс мууджээ. Учир нь, зам муу байгаа тул аялагчид, иргэд зам дагуух  худалдаанаас ногоо  авах боломжгүйд хүрсэн аж. Зунжин  арчилж, ургуулсан ногоогоо худалдаалахад хүндрэл үүссэн нь тэднийг  бухимдахад хүргэжээ. Энэ талаар Баруунхараа хотын өрхийн ногоочин Т.Цэрэн гуай ингэж ярьсан юм. 

-Хүнсний ногооны бор­луулалт хэр байна вэ?

-Зам дагуу зорчих машин өмнөх жилийнхээс цөөрсөн. Энэ урсгалыг баруун аймгийн замаар явуулж байгаа болохоор машин цөөхөн болсон байх. Тийм болохоор   ногооны борлуулалтад  муугаар нөлөөлж байгаа. Өмнөх жилүүдээс  муу  байгаа нь илт  мэдэгдэж байна. Ийм байхад ногооны үнэ доошилно гэхээс дээшлэхгүй шүү дээ.  Улаанбаатар, Дархан хотуудын ногооны зах зээлээс доогуур өгч байж  ногооноо борлуулж чадна. Зам үнэхээр хэцүү байна.  Бүх юм хот руу орж байгаа учир, Улаанбаатар ч ногоо хямд байгаа. Тодруулбал, байгаа ногоочид  бүгд  л адилхан.

-Танай гэр Баруунхараад  байдаг уу?

-Тийм ээ.

-Замын ажлаас шалт­гаалаад тоос шороо их  бужигнаж байна шүү дээ? 

-Тоос шороо ярих юм байхгүй. Харин ойрд бороо ороод шороо бужигнах нь гайгүй боллоо. Замаа хурдан тавиад дуусчихвал хэн хэндээ амар л баймаар юм. Хараад байхад бүтэл муутай байх шиг. Манай энэ хавьд  байгаа том тэрэгнүүд анх ирэхдээ л айлын хашаанд буусан. Одоо болтол хөдлөхгүй байж л  байгаа. Маш  цөөхөн машин хөдөлж байгаа харагддаг.  Орой мэдээ үзэхээр арваннэгдүгээр сард  дуусна л  гэж мэдээллэдэг. Гэхдээ энэ  хугацаандаа дуусахгүй л болов уу гэж ярьдаг юм.

-Албан ёсны гэрээндээ ирэх зун,  наадмаас өмнө ашиглалтад  оруулна гэсэн шүү дээ. Та бүхэн энэ талаар мэдээгүй юм уу?

-Мэдээгүй  шүү дээ. Тэр л бараг үнэн байх.

...Иргэд ингэж ярьж байна. Харин тэр хүнд нөхцөлд замын хөдөлгөөн зохицуулдаг цагдаа нар ч үгээ хэлж, үсээ зургааж байгаа нь тодорхой байв. Биднийг сурвалжилга бэлтгэх үед жолооч нарыг хурдаа тохируулж зорчихыг  орон нутгийн замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. Томоохон аваар осол гарч иргэд амь нас, эрүүл  мэндээ хохирсон  асуудал ховор ч,  энд тэнд чиргүүл нь салж унасан, дугуй хагарсан гэх мэт асуудлууд гарсаар  байгаа гэлээ. 

Үзэгдэх орчин хязгаарлагдахад 15-20 км цагийн хурдтай явах хэрэгтэй

-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуу­лагч, цагдаагийн ахмад Х.Мөнхбат хэлэхдээ, “Дархан–Улаанбаатарын чиг­лэлийн зам  засварын ажил эхэл­сэн­тэй холбогдуулан жолооч нар хурд хэтрүүлэхээс гадна, хамгаалах бүсээ хэрэглэхгүй байх зөрчил их байгаа. Мөн эгнээ байр зөв эзлэх хэрэгтэй байна. Энэ зам стандартын бус зам учир, чиг өөрчлөх үед жолооч нарын анхаарал сарних  гэх мэтээр тухайн замынхаа нөхцөл  байдалд тохируулж явахгүй байгаа. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  зөрчил буурахгүй байгаа. Стандартын зам биш, хөрсөн замаар зорчиж байгаа учир тухайн жолооч замынхаа нөхцөл байдалд тааруулж, хурдаа тохируулах шаардлагатай. Шороо ихтэй замаар үзэгдэх орчин хязгаарлагдахад 15-20 км цагийн хурдтай явах хэрэгтэй шүү дээ.  Зам хэвийн байх үед зөрчил,  осол буурахгүй байсан. Өнөөдөр ч буурахгүй байна. Гол нь манай жолооч нар чиг өөрчлөх үедээ гүйцэд түрүүлж аваар осол  гаргах тохиолдол их гаргадаг. 

Жолооч нар муу замд нэгнээ шахаж, дайрдаг

- Харин жолооч нарын хувьд автомашинд нь халгаатай байгааг учирлаж байгаа. Энэ талаар жуулчны автобусны жолооч Д.Мэндбаяр ярихдаа, “Энэ замаар жуулчдаа аваад зорчиход яс хавталздаг. Ялангуяа бороо орсон үед маш хэцүү. Лүнгийн замаар зорчиж болох ч, Дарханы замаар явах шаардлага их гарна. Жолооч нар өөрсдөө ийм замаар явж байгаа атлаа  шахах, шөнө гэрэлээ шилжүүлэхгүй юм. Үүнд  л  анхаарах хэрэгтэй байх” гэлээ. 

...Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хариуцагч, тэнд  зорчиж буй жолооч, зам дагуу ажиллаж буй ногоочин, тээврийн хэрэгсэлд  хяналт  тавьж буй замын цагдаа нар ийнхүү  ярилаа. Хуучин  хоёр эгнээ замын шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар байсан. Үүний 58.5 сая нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж юм байна. Харин шинээр нэмж барих хоёр эгнээ зам нь Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийг­дэнэ гэдгийг салбарын сайд онцолж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдал ийм байна. Ирж очиход 8-10 цагийн төлөвлөсөн бид нэг талдаа л найман цаг орчим зорчлоо. Ямарваа нэгэн бүтээн байгуулалт эхлэхэд тулгардаг, нөгөө л санхүүжилт, гэрээ хэлэл­цээрийг асуудал ч байсаар байна. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдэхгүй бол ирэх жилийн наадмаар ч Дарханы зам шавар, шалбаагтайгаа хутгалдсан хэвээр байх вий.