Харцных нь гал бөхөж, шингэн шар царайд нь хөнгөн гуниг тогтсон залуухан ээжийн өвөр дээр өеөдөж таталдсан бяцхан хүү нь хэвтэнэ. Тээж төрүүлсэн үрээ хөгжлийн бэрхшээлтэй болж, насан туршид нь асарч, дотогшоо эмтэрч явах юм хэмээн зүүдлээ ч үгүй явсанаа залуухан ээж гунигтайяа өгүүлсэн юм. Нэгтээ надад ирсэн хувь заяаг үүрээд л гарна даа хэмээн шазуур зуун, уйлах үедээ уйлсаар, нулимс гарахаа болих үед нь амьдралд нь итгэл дагуулсан бүсгүйчүүд гарч иржээ.
Гэгээ татуулж, өнгө нэмсэн тэр бүсгүйчүүд өеөдөн хэвтэх үрээс нь цэрвэсэнгүй. Нус шүлсийг нь арчиж, хүүтэй нь ч, өөртэй нь өөриймсөг харьцсан анхны тохиолдлыг хараад хүний тавиланд төрсөн хүүгийнхээ өмнөөс эрхгүй баярлан нулимс унагааж байснаа ярьсан юм.
Монгол Улсад тусгай хэрэгцээт боловсролын хэрэгцээ шаардлага Н.Давга хүүгийн ээжийн адил мянга мянган ээжид агаар ус адил хэрэгтэй байгаа билээ. Манай сонины сурвалжлах баг Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвийн хамт олон НҮБ-ын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн тусламжтай төсөл хэрэгжүүлж, өөрийн харьяаны 100 хүүхэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхдийг асран хамгаалагчийн хамт зусланд амрааж байгааг сурвалжлахаар Улаанбаатар хотоос 60 километрийн зайд байрлах горхи тэрэлжийн цогцолбор “Мөстийн ам” хэмээх газарт байрлах “Анар” зусланг зорьсон юм.
Өлсөхгүй өнгөрч буй өдрүүд хамгийн сайхан
Халуун, хуурай салхинд онгож гандсан хөдөө тал. Үзүүрлэсэн харандаа адил сүндэрлэх шовх хадан уулсын бэлд очлоо.
Биднийг зусланд очих үед Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн багш ирж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч багш нарт гарын доорх материалаар хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан хичээл зааж байхтай таарсан юм.
Н.Давга хүүгийн адил хөгжлийн бэрхшээлтэйн улмаас гэрээсээ гарч үзээгүй, нийгмээс тусгаарлагдсан найман хүүхэд энэ ээлжид ирсэн байлаа.
Сургалтаар хүүхдүүдэд академик боловсрол бус амьдралын анхан шатны хэрэгцээ шаардлага боловсролыг нөхөн олгох гэж байгаа талаар сургагч багш хэлсэн юм. Хэрхэн гутлаа үдэх, цамцаа яаж товчлох болон өөрийгөө яаж аюулаас хамгаалах талаар тэдгээр хүүхдүүдэд биеэр үзүүлэн зааж байгаа нь бахархмаар. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уйгагүй, шантралгүй хичээн заасны үр дүнд улаан, цэнхэр өнгийг ялган таньж буй 10-17 насны хүүхдүүдийг хараад сэтгэл эмтэрч байлаа. Зусланд амарч сургалтад сууж буй Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн н.Оюунцэцэгтэй уулзаж зуслангийн үйл ажиллагаа болон насан туршийн боловсролын сургалтын төвийн тухай сэтгэгдлийг асуухад “Миний зээ хүү таван сартайдаа менингэтээр өвдсөний улмаас тархиндаа саажилттай болж оюун ухааны хөнгөн синдромтой болсон.
Анх жирийн хүүхэд суралцдаг ерөнхий боловсролын сургуульд орсон боловч үеийн хүүхдүүдээс сурлагаар хоцорч ангидаа шоовдорлогдож эхэлсэн. Тиймээс өнгөрсөн жилээс харьяаллын дагуу насан туршийн боловсролын төвийн сургалтад хамруулснаар хүү минь уншиж бичиж сурахаар барахгүй өөртөө итгэх итгэл дагуулж эхэлсэн” хэмээлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна насан туршийн боловсролын төвд хамрагдан зусланд ирж амарсан хүүхдүүдтэй уулзахаар таван ханатай гэрт орлоо. Хана дагуулан тавьсан зургаан модон ор байх агаад гэрийн доторх байдал цэвэрхэн тохилог ажээ.
Тэд гэрт зургуулаа байдаг бөгөөд уйдах завгүй хөгжилддөг тухайгаа ам уралдан ярьж байсан юм. Хүүхдүүдээс хүсэл мөрөөдлийнх тухай асуухад “Өдөр бүр зусланд байгаа юм шиг өлсдөггүй бол хамгийн гоё хэмээн ярих хүү байхад, хэнч намайг загнахгүй байгаа нь л их сайхан санагдаж байна. Дандаа ийм байгаасай” хэмээн үнэн сэтгэлээсээ өгүүлэх нэгэн ч байв. Тэдний зусланд өнгөрүүлж буй өдрүүд нь үлгэр домог шиг, бяцхан зүрхэнд нь марташгүй жаргал үлдээж байгаа нь харваас андашгүй. Тэднээс ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг талаар нь асуухад “Хөвгүүд нь цагдаа, охид нь эмч болно” хэмээн хэлцгээсэн юм. Тэдгээр хүүхдүүдийн хичээл завсардсан шалтгаан янз бүр байх бөгөөд бүгд л сурч мэдэх гэсэн гэгээн хүсэл тэмүүлэлтэй байгаа “Сургуульдаа явахын тулд дэнжээс хоёр цаг шахам алхаж ирдэг” хэмээн ярих хүүгийн ярианаас анзаарагдсан юм.
Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан дагнасан дан ээлжүүд байвал зүгээр
Бид төслийг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал Д.Дугармаатай уулзаж, үйл ажиллагаа болон тусгай хэрэгцээт боловсролын талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа, чиглэлийн талаар танилцуулахгүй юу. Жилд хэдэн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа хойш 4522 хүүхдийг өөрийнхөө төвөөр дамжуулан дараагийн сургалтад хамруулсан. Үүнээс 680 хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд дэвшүүлэн сургасан. Холимог дүйцсэн хөтөлбөрийн анги дүүргэлт 15-20 хүүхэдтэй. Манай төвийн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд очихоор өөрийн эрхгүй багшаасаа хөндийрч хичээлийн хоцрогдолд ордог учир буцаад л төвдөө хүрээд ирдэг. Өнгөрсөн хичээлийн жилд 22 хүүхдийг 12 дугаар анги төгсгөсөн. Мөн иргэд рүү чиглэсэн иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, гэр бүлийн боловсрол, амьдрах ухааны боловсрол эзэмших таван төрлийн сургалт явуулдаг. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй гэрээр үлддэг эмзэг бүлгийн хүүхдүүдийг дэмжиж, сургуульд бэлдэж 2260 хүүхдийг бэлтгэл бүртгэлд хамруулсан байдаг.
-Насан туршийн боловсролын төвийн хүүхдүүдийг зусланд амраахын тулд санхүүгийн эх үүсвэрээ хаанаас бий болгосон бэ?
-Манай төвд 2017 оны арваннэгдүгээр сараас НҮБ-ын Хүүхдийн сангийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд сургагч багшаа бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрээр зочлох үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгож байгаа. Мөн засгийн газрын 46 дугаар тогтоолоор хүнд болон хэвтрийн бэрхшээлтэй хүүхэдтэй насан туршийн боловсролын багш ажиллана гэсэн байдаг. Энэ чиглэлийн дагуу хүүхдийг ивээх сангаас хөрөнгө оруулалт хийгдсэн.
-Зусланд амарч байгаа хүүхдүүдийн сэтгэл маш өндөр байна. Үнэхээр сайхан ажил санаачлан зохион байгуулж байгаа юм байна. Насан туршийн боловсролын төвөөс хэдэн хүүхэд зусланд амарч байна вэ?
-Манай төвд өнгөрсөн хичээлийн жилд 213 хүүхэд хамрагдсан. Нэг ээлжиндээ 30 гаруй хүүхдийг дөрөв хоногоор амрааж, 100 хүүхэд зусланд амраана. Манай төвийн хүүхдүүд нэн эмзэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдийн эцэг, эхчүүд “Ашгүй дээ. Миний хүүхэд тав хоног ч гэсэн хоолтой газар байж байгаад ирэг” гэж хэлээд баярлаад явуулдаг. Хүүхдүүдийн маань нүд нь нээгдэж, инээж үзээгүйгээрээ энд ирж инээж байна.
-Танай байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулахад жилийн төсөв нь хүрэлцдэг үү?
-Багштай холбоотой цалингийн зардал хүрэлцээтэй боловч сургалтын үйл ажиллагааны зардал хаанаа ч хүрдэггүй. 25 багшийн бичиг хэргийн зардалд 50000 төгрөг оногддог нь хаанаа ч хүрдэггүй. Санхүүгийн хүрэлцээгүй байдал бүх салбарт байдаг. Бидний хүсэл нь өөрийн гэсэн сургалтын байранд түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулахыг л хүсэж байна гэв.
Биднийг зуслангийн үйл ажиллагаатай танилцаж байх үед “Анар” зуслангийн захирал Р.Арслан хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр “Би Сүхбаатар дүүргийн насан туршийн боловсролын төвийн захирлаар 20 жил ажилласан. Олон жилийн туршлагаас харахад, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн, сургууль завсардсан болон лам хүүхдүүдэд зориулсан зуслангийн дан ээлжүүд байвал зүгээр юм гэж анзаарсан. Эдгээр хүүхдүүдийнхээ зуслангийн зардлыг Японы хүүхдийг ивээх сан, Английн хүүхдийг ивээх сангуудад төсөл бичиж тэтгүүлдэг. Тэднийг минь мэддэг хүн л дэмжиж туслахгүй бол нийгэмд гадуурхагдах цэрвэх нь хэвийн үзэгдэл болсон. Хөгжлийн бэрхшээлтэй, лам хүүхэд, сургууль завсардсан хүүхэд, насанд хүрсэн иргэдэд бичиг үсэг тайлах болон мэргэжил олгох сургалт зохион байгуулсан” хэмээсэн юм. Хүүхдүүдэд өөриймсөг хандаж, дутууг нь нөхөх гэсэн сайхан сэтгэл Р.Арслан багшаас нэвт харагдаж байсан юм. Нар голлосон үдийн халуунд хүүхдүүдийн хөгжөөнт дуу гэнэт хүчээ авч хэд гурваараа хөтлөлцөн гарч ирсэн нь өдрийн хоолны цаг болсных байв. Ширээний ард хөгжилдөн шуугих амрагч хүүхдүүдийн дунд бүлгийн багш Б.Оюун-Эрдэнэ “Насан туршийн боловсролын багшаар 17 жил ажиллаж байна. Сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгохоор хороотойгоо хамтран ажилладаг. Тусгай хэрэгцээт боловсролын багшийг үе шаттайгаар мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр өндөр хөгжилд хүрсэн орнуудаас багш урьж авчрах, газар дээр нь очиж туршлага судлах хэрэгцээ маш их байна. Насан туршийн боловсрол гэдэг нь балчир нялхаас эхлээд насны нар хэлбийсэн хэн ч тасралтгүй суралцах далайцтай үйл ажиллагаа байдаг. Гэвч улсын байгууллага гэдэг утгаараа үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй олон зүйл тулгардаг. Жишээ нь нэг хороонд нэг багш байна гэдгээс болж багш нар хүрэлцэхгүй байгаа. Тусгай хэрэгцээт боловсролын багш нарын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Үдийн хоолны үеэр сэвхэтсэн шар нүүртэй хүү “Сэтгүүлч багш аа, би өдөрт таван удаа хоол идэж үзээгүй шүү дээ. Энд аймар гоё байгаа. Хоолонд цадна гэж байдаг юм байна. Анх ирээд өглөөний цайнд өгсөн боовоо идэж барахгүй хармаандаа хадгалдаг байсан бол одоо бүлгийнхээ том ахад өгдөг болсон” гэж өгүүлж байлаа.
Иргэдийн сургалт хариуцсан менежер Т. Орхонцэцэг “Насан туршийн боловсролын төвийн багш нар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 10-12 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулдаг. Хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж, өөрт хэрэгцээтэй сургалт хөтөлбөрийн үйл ажиллагааг эрж хайж суралцдаг болсон байна. “Амьдрах ухаан” сургалтыг төгссөн хүмүүс маань бүлгэм байгуулан өөрсөддөө ажлын байр бий болгон өрхийн орлогоо нэмэгдүүлж, нүдэн дээр амьдрал нь өөрчлөгдөөд ирэхийг хараад ажлаараа бахархах сэтгэл төрдөг” хэмээн ярьсан юм. Бусдын төлөө гэсэн чин сэтгэлийг нь хараад тэднээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.
Өглөөний хичээлээс эхлэн үдийн хоол, сургалтын цаг, хөгжөөнт тоглоом гээд зугаатай өнгөрсөн зуслангийн нэг өдөр дуусч хотоос ирсэн багш буцах замд Тусгай хэрэгцээт боловсролын сургалт болон дээрх төслийн үр дүнгийн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн тусгай хэрэгцээт боловсролын сургалт хариуцсан арга зүйч Ж.Жаргал багшийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдыг бодвол дотоод хүч ихтэй байдаг. Тэднээс байж болох хамгийн их хайр, үнэнч сэтгэл гардаг. Би согог зүйч мэргэжилтэй. 16 жил боловсролын салбарт ажиллаж байна. Монгол Улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшсэн багш ховор. 2013 оноос хойш багш мэргэжилтэй хүнийг нэг жил мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулаад сертификат олгодог. Сүүлийн үеийн тоо мэдээгээр 0-17 насны 10200 гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон байна. Сургуулийн гадна үлдэж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг эдгээр хүүхдүүд маань эзэлдэг. Энэ хүүхдүүдийг хүний эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд нь насан туршийн боловсролын багш нар онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж хөрөнгө мөнгө босгох тэднийг өрөвдөлтэй харагдуулан нэр хүндээ өсгөдөг хүмүүс байдаг мөртлөө нэг удаа гутлыг нь үдээд нусыг нь аваад өгөлгүй жийрхэж байгаа хүмүүс байдаг нь маш харамсалтай санагддаг. Насан туршийн боловсролын багш гэдэг ажлыг сэтгэлтэй л хүн хийнэ” хэмээн ярьж байсан юм.