-Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас үнийг нь дийлэхгүй байна гэлээ-
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрөгч есдүгээр сараас БОАЖ-ын яам “Ногоон зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд өнгөрөгч баасан гарагт Хас банк болон БОАЖ-ын яам “Ногоон технологи, ногоон зээл” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт байгальд ээлтэй эко халаагуур нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Агаарын бохирдлыг бууруулахын тулд үе үеийн Засгийн газар төрөл бүрээр оролдож, гарц гаргалгаа хайсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл гавьтай үр дүнд хүрээгүй юм. Түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн ч иргэд угаартсан хэрэг шил дараалан гарч, нийгэмд айдас, эргэлзээ төрүүлээд байгаа. Тэгвэл эдгээр оролдлого, гарц гаргалгуунуудаас хамгийн аюулгүй хийгээд бодит үр дүн үзүүлэх шийдэл нь эко цахилгаан халаагуур гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байлаа.
Гэвч гэр хорооллынхонд цахилгаан халаагуур худалдаж авах санхүүгийн чадамж байхгүйгээс үүдж, нүүрс түлэхээс өөр сонголтгүй. Тийм ч учраас цахилгаан халаагуурыг “Ногоон зээл” хөтөлбөрийн хүрээнд банкны лизингээр олгохоор болсон нь энэ юм. Энэ талаар сурвалжлахаар бид “Ногоон технологи, ногоон зээл” өдөрлөгийг зорилоо. Цахилгаан халаагуур иргэдийн дунд эрэлт ихтэй байгаа нь тэнд цугласан олноос илт харагдах аж. Зөрөх завгүй шахам бужигнасан хүмүүс цахилгаан халаагуурын талаар мэдээлэл, зөвлөгөө авахаар асар бүрийн өмнө урт дараалал үүсгэжээ. Үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудын төлөөллүүд толгой өндийх завгүй бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. Цахилгаан халаагуур үйлдвэрлэгч 30 орчим аж ахуйн нэгж энэ үзэсгэлэнд оролцож байгаа аж.
“Мон Ашид” ХХК-ийн халаагуур хоёр дахин цахилгаан хэмнэнэ
Бидний очсон эхний асар “Мон Ашид” компанийнх байсан юм. Тус компанийн худалдаалж буй цахилгаан халаагуур агаарыг хуурайшуулахгүйгээс гадна цахилгааны аюулгүй байдлыг 100 хувь хангасан бүтээгдэхүүн аж. Үнийн хувьд 295 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Хамгийн бага нь буюу 295 мянган төгрөгийн үнэтэй халаагуур 20 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай. Харин айлуудын дундаж талбай буюу 50 метр квадрат талбайг халаах хүчин чадал бүхий халаагуур нь 1.050.000 төгрөгийн үнэтэй бөгөөд Хаан, Хас, Төрийн банкуудаар дамжуулан найман хувийн хүүтэй “Ногоон зээл”-ээр авах боломжтой юм байна. Дулааны стандартын дагуу нэг киловатт цахилгаанаар 10 метр квадрат талбайг халаадаг бөгөөд 50 метр квадрат талбайг таван киловатт цахилгаанаар халаадаг аж. Тэгвэл “Мон Ашид” компанийн цахилгаан халаагуур 50 метр квадрат талбайг 2.5 киловатт цахилгаанаар халааж, цахилгааныг хоёр дахин хэмнэдэг гэдгээрээ давуу талтай болохыг тус компанийн менежер н.Өнөржаргал танилцуулав. Цахилгаан халаагуурын ашиглалтын хугацаа 15 жил гэнэ.
“Эко тулгат” халаагуурыг иргэд хамгийн их сонирхож байна
Иргэдийн хамгийн их сонирхож буй халаагуур нь “Монватт” ХХК-ийн “Эко тулгат” халаагуур байлаа. Шөнийн хөнгөлөлттэй цахилгааны ашиглан 8-10 цаг дулаанаа хуримтлуулж, 24 цагийн турш гэрийг хэвийн дулаантай байлгах боломжтой аж. Монгол гэрийн зуухтай нэгэн адил тал бүр тийш дулаан тараадаг бөгөөд гэрийн хоёр баганын хооронд зуух хэлбэрээр байршуулах боломжтой юм байна. Тал бүртээ дулаан гаргаж байгаа хэдий ч гадаргуу нь бага насны хүүхдийг түлэхээс хамгаалсан юм байна. Халаагуурын дээр хоёр ширэм байрлах бөгөөд энд хоол, цайгаа хийх боломжтой гэдгийг тус компанийнхан танилцуулж байлаа. Хүчин чадлын хувьд таван ханатай гэр болон 30-35 метр квадрат талбайг халаах боломжтой аж. Харин үнийн хувьд 2.5 сая төгрөг бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын буцалтгүй тусламжийн хүрээнд 200 мянган төгрөгөөр хямдарна гэдгийг ч онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, 2.3 сая төгрөгийн үнэ бүхий халаагуурыг Хаан, Хас, Төрийн банкаар дамжуулан лизингээр авах боломжтой юм.
Өдрийн цагаар тог зарцуулахгүйгээр дулаахан байх боломжтой
Итали, Хятадын хамтарсан “Жанкум” үйлдвэрийн цахилгаан халаагуур нь цахилгаан хуримтлуулдаг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, тасалгааг халаахын хажуугаар цахилгааны хөнгөлөлтийн үе буюу 23:00-06:00 цагийн хооронд цахилгааныг хуримтлуулж, өдрийн цагаар ямар ч тог зарцуулалгүйгээр халаах боломжтой аж. Шөнийн цагаар тохиргоог нь тааруулаад, хуримтлагдсан тогоор өдрийн турш тасалгаагаа халаах боломжтой. Хэрэглэгч цахилгаан хуримтлуулах цаг болон унтрах цагийг өөрөө тохируулах юм байна. Худалдан авсан тохиолдолд хүргэлт үнэгүй бөгөөд тус компанийн ажилчид суурилуулж, тохиргоог хийж өгөх аж. Үнийн хувьд 900 мянгаас 1.1 сая төгрөгийн үнэтэй. 900 мянган төгрөгийн халаагуур нь 8-12 метр квадрат талбайг халаах чадамжтай бол 1.1 сая төгрөгийн үнэ бүхий халаагуур 23 метр квадратыг бүрэн халаах хүчин чадалтай.
“Хос цамхаг” ХХК-ийн халаагуур 30-200 хүртэлх метр квадрат талбайг халаах хүчин чадалтай. 30 метр квадрат талбайг халаах чадалтай халаагуур нь 1.5 сая төгрөгийн үнэтэй. Тог зарцуулалтын хувьд 30 метр квадрат талбайг халаахын тулд цагт гурван киловатт цахилгаан зарцуулах юм байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс долоон төрлийн мэдрэгчтэй бөгөөд ямар нэг асуудал гарлаа гэхэд автоматаар унтарна гэдгийг тус компанийн менежер танилцуулсан юм. Халаагуурт температур болон цагийг хэрэглэгч өөрөө тохируулах боломжтой. Тус халаагуурыг мөн л Хаан, Хас, Төрийн банкны салбаруудаас “Ногоон зээл”-ийн хүрээнд лизингээр авах боломжтой юм байна.
...“Ногоон технологи, ногоон зээл” үзэсгэлэнд тасалгааны халаагуураас гадна шалны халаагуурууд ч байлаа. Тухайлбал, “Тот ком сервис” ХХК-ийн гуурсан халаагуурыг иргэд нэлээд сонирхож байв. Тус халаагуур нь гуурсан хэлбэртэй бөгөөд барилгын бетонон суурийг цутгахдаа голд байршуулбал, ашиглалтын хугацаа уртасхаас гадна дулаан хадгалах хугацаа нь төдий чинээ уртасна гэдгийг тус компанийнхан онцолж байлаа. 6-7 цагийн хугацаанд тасалгааг бүрэн халааж, 3-4 цаг дулаанаа хадгалах бөгөөд мөн банкны лизингээр авах боломжтой аж. Цахилгаанаар бус газаар ажилладаг халаагуур ч байв. Нэг баллон газаар дунджаар 10-15 хоног дулаанаар хангах боломжтой аж. Үнийн хувьд 3-3.3 сая төгрөг. 20 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай жижиг оврын газан халаагуур нь 110 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд дээр нь хоол, цай хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Зургаан сар нийгмийн даатгал төлсөн бол “Ногоон зээл”-д хамрагдах боломжтой
Өнгөрөгч есдүгээр сараас олгож эхэлсэн “Ногоон зээл”-д өнөөдрийн байдлаар ердөө 20 гаруйхан өрх хамрагдсан байгаа нь дэндүү хангалтгүй үзүүлэлт гэдгийг Хасбанкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул онцолж байв. Тэрбээр “Ногоон зээлийн талаарх мэдээлэл муу байгаагаас иргэд зээлд хамрагдахгүй байна.
Хас банк одоогоор цахилгаан халаагуур нийлүүлж буй долоон компанитай гэрээ байгуулж, ногоон зээл олгож байгаа. Мөн дулаалгын гурван компани бидэнтэй хамтарч ажиллаж байна. Гэтэл хэрэгжиж эхлээд хоёр сар орчим болж байхад ердөө 20 гаруйхан өрх “Ногоон зээл”-д хамрагдсан байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Тэгэхээр нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд “Ногоон зээл”-ийн талаар мэдээллийг сайтар хүргэх шаардлагатай байгаа юм. Жилийн найман хувийн хүүтэй ногоон зээлд хамрагдахын тулд тухайн иргэн багадаа зургаан сар нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай бөгөөд сарын орлогын 50 хувиас ихгүй төлбөр төлдөг байх шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэг зээл лизинг төлдөг бол тэр нь сарын орлогынх нь талаас ихгүй байх ёстой гэсэн үг” хэмээн мэдээлэв.
Тэгвэл иргэдийн хувьд энэхүү шалгуурыг хэт өндөр хэмээн үнэлж, гэр хорооллын иргэдийн дунд тогтмол орлогогүй, сарын орлогын 50 хувиас ихгүй өр зээлтэй хүн ховор гэдгийг энэ үеэр учирлаж байлаа. Харин зээлийн шаардлагыг бууруулах талаар БОАЖ-ын яам бодлогын арга хэмжээ авч байгаа эсэхийг тус яамны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгээс тодруулахад “Мөрөөдлийн жагсаалт бол их. Ногоон зээлийн хувьд байж болох хамгийн бага шаардлагыг тавьж байгаа зээл гэдгийг хэлмээр байна. Үүнээс бага нөхцөлтэй зээл гэж байхгүй. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн хүний үүрэг оролцоо гэж байх ёстой. Тухайн гэр бүлийн хэн нэг нь ажилтай байгаад, нийгмийн даатгал төлдөг л бол эко халаагуурыг зээлээр авах боломжтой. “Ногоон зээл” гаргаач гэж байсан бол, гаргасны дараа шаардлагыг нь тэглээч гэж байгаа нь зохимжгүй” гэсэн юм. Ямартай ч зургаан сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж, тогтмол орлоготой гэдгээ нотолсон хэн бүхэн байгальд ээлтэй эко халаагуурыг ногоон зээлээр авах боломжтой юм.