Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн компани болох “Ард” санхүүгийн нэгдлийн дэргэдэх ББСБ нь шинэ оны өмнөхөн гар утасны аппликейшн ашиглан мөнгө зээлчихээд төлөхгүй алга болсон гэх иргэдийн мэдээллийг соошл сүлжээнд зураг, хөрөгтэй нь ил тод байршуулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэлийн бай болж байв. Хэдийгээр хоёр тал гэрээ байгуулж, зээлдэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж болох ч нэг сарын цалингийн хэмжээнд ч хүрэхгүй мөнгө зээлснийх нь төлөө тэр хүмүүсийг нийгмийн сүлжээгээр онц хүнд гэмт хэрэгтэн аятай зарлан тунхаглаж, нэр усаар нь “яллах” нь бүдүүлэг, бас ёс бус үйлдэл байсныг Ч.Ганхуяг харин ухаарсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч тэрхүү зураг бүхий мэдээллээ татан авч устгасан бололтой, хайгаад олсонгүй. Хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс оронд бол энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийн нэг болох бөгөөд насан туршийнх нь нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл болж, эргээд тус байгууллага асуудалд ордог ч жишиг бий. Тэр ч байтугай БНСУ-д гэхэд л онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн нүүрийг ч олон нийтэд гаргаж болохгүй гэсэн хууль үйлчилдэг юм билээ. Хүчингийн гэмт хэрэгтэн байлаа ч хуулиар эрхээ хамгаалуулах ёстой гэж үздэг учраас тэр аж. Гэтэл Монгол Улсад хийсэн хэрэг нь шүүхээр нотлогдоогүй байхад л ялтан болгочихно. Авлига авсныг нь шүүх нотлоогүй байхад л нийтээрээ жигшин зэвүүцээд “авлигач” гэдэг алдар нэр өгчихөж байгаа юм.
Тэгвэл сүүлийн үед мөнгө, санхүүгийн асуудлаар жирийн иргэний эрх хаа, хаанаа зөрчигддөг болжээ. Үүнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог тогтолцоо ч манайд алга байх юм. Тодруулбал, өчигдөрхөн нэгэн өдөр тутмын томоохон сонинд “Юнивишн” ХХК-ийн зүгээс нэгэн мэдэгдэл байршуулжээ. Тус мэдэгдэлд “Монгол банкны зээлийн мэдээллийн санд төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хэрэглэгчдийн мэдээллийг оруулах болсонтой холбогдуулан мэдэгдэх нь. Хэрэглэгч та тус компаниас зээлээр үйлчилгээ, бүтээгдэхүүн авсан болон дараа төлбөрт үйлчилгээг авахдаа гэрээний дагуу тохиролцсон хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд таны мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд “найдваргүй зээлдэгч”-ээр бүртгэгдэхээр болсныг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл байршуулсан байх аж. Өөрөөр хэлбэл, уншигч та “Юнивишн” компанийн төхөөрөмжийг ашиглаж байгаад түүнийгээ ашиглахаа болиод нэг, хоёр сар боллоо гэхэд л зургаан жилийн хугацаанд зээлийн мэдээллийн санд “найдваргүй зээлдэгч” гэсэн шошготой болно гэсэн үг. Бүтээгдэхүүн үйлчилгээг хэвийн ашиглаж байгаад ямар нэг шуурхай асуудлаар 2-3 сар, уртдаа жилийн хугацаанд орхиж явчихаад эргэн ирэхэд л Монголбанкинд “муу зээлдэгч” гэсэн намтар түүхтэй болж, зургаан жил цаашлаад арав гаруй жил банк, санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ, лизинг, санхүүгийн өөр бусад үйлчилгээ авах боломжгүй болно. Мөн тэр хугацаанд гадагшаа хилийн дээс алхахаар боллоо гэхэд “найдваргүй зээлдэгч” гэсэн тодорхойлолт таныг дагана гэсэн үг ажээ. Энэ бол иргэний эрхийг дээд зэргээр уландаа гишгэсэн, хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэдгийг хэн ч хөндөхгүй байгаа нь асуудал юм.
Санаатай болон санамсаргүй байдлаар 40-хөн мянган төгрөг төлөөгүйнхээ төлөө, тухайн компани, ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг сонгосных нь төлөө “найдваргүй зээлдэгч” хэмээн хэрэглэгчээ цоллох ийм увайгүй үйлдэл улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь харамсалтай биш гэж үү. “Будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгчээр үндэсний үүрэн холбооны оператор компани хэмээн дөвийлгөх тусмаа “Юнител” групп, “Юнивишн” компани “хамраа сөхөж” хэрэглэгчээ үл тоодог, таниас бусад нь биднийг сонгочихно гэсэн “арчаагүй” хандлагыг сүүлийн үед ихээхэн гаргах болов. Үүнийг нотлох олон жишээ бий. Тухайлбал, сэтгүүлч миний хувьд “Юнител” группын 8800...дугаарыг маш олон жил ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа тус компаниас бүтээгдэхүүн үйлчилгээний урамшуулал авч үзээгүй бөгөөд өнгөрөгч онд гар утас лизингээр өгдөг гэх үйлчилгээг нь сонирхож үзэхээр лавлах руу нь утасдав. Тогтмол 60-100 мянган төгрөгийн төлбөр төлж байснаа хэлж, ямар утас авч болох талаар тодруулахад оператор нь “Уучлаарай танд бид утас өгч чадахгүй нь ээ” гэсэн хариулт хэлдэг юм байна. Учрыг лавлахад “Та долдугаар сарын утасны төлбөрөө гурав хоног хэтрүүлж төлжээ. Манайх сүүлийн зургаан сарын хугацаанд утасны төлбөрөө хугацаандаа буюу 20-ны өдөр төлсөн бол гар утасны лизинг өгдөг. Мөн таны барьцаа буюу сонгосон багц гар утас авах хэмжээнд хүрсэнгүй” гэдэг тайлбар өгдөг юм байна. Үнэндээ хэлэх ч үг олдоогүй юмдаг. Баяр наадмын үе таарч, хөдөө сүлжээгүй газар байсан учраас төлбөрөө гуравхан хоног хэтрүүлсэн гэдгээ учирлаад ч ойлгоогүй юм.
Ийм л “новш”-ийн үйлчилгээг тэд бидэнд үзүүлсэн хэвээр байгаа. Гэтэл одоо бүр хэдэн кино түрээсэлж үзсэн төлбөрийнхөө төлөө “хар жагсаалт”-д оруулна хэмээн сүрдүүлж байна шүү дээ. Бүдүүлгээр хэлбэл, энэ бол хэрэглэгчээ доромжилсон, үл тоосон үйлдэл. Ерөөс “Юнител” групп л тийм байдаг болов уу гэтэл биш аж. Учир нь миний эргэн тойронд “Мобиком”-ын үйлчилгээ авдаг хүмүүс ч эдгээр гомдлыг хэлж байгаа бөгөөд гар утасны зээл, эсвэл төлбөрөө төлж амжилгүй гадагшаа, дотогшоо яваад ирэхэд дугаарыг нь зарчихсан, өөрийг нь найдваргүй зээлдэгч болгочихсон жишээ ч олон байдаг аж. Мөн лизингээр утас авахын тулд заавал барьцаагаа ихэсгэх ёстой, багцаа томруулах ёстой гэх мэт хөгийн шаардлага тавьдаг бөгөөд мөнөөх л 100 мянган төгрөгийн төлбөр төлөөгүйнхээ төлөө Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлдэг гэх юм. Тэд ингэж л хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ ав хэмээн санал болгодог, эргээд үйлчилгээ авсных нь төлөө үйлчлүүлэгчийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчдөг, үйлчлүүлэгчийг хүсээгүй байхад бүтээгдэхүүн нэмж, төлбөрт нь нэмдэг гэх мэтээр мянга, түмэн бэрхшээлтэй асуудал байгаа ч үүнийг шийддэг газар нь хэдэн компаниудынхаа аманд багтчихаад таг чиг. Төрийн хуулийг үл тоосон эдгээр байгууллагууд нь харин дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байх ажээ. Үндэсний гэх тодотголтой үүрэн холбооны оператор компаниуд нь хэдэн мянгаар нь сим карт гадны иргэд ашиглуулж, мөнгө угаах гэмт хэргийг өөхшүүлж байсан ноцтой асуудлыг хүртэл Монголын төр, түүний харьяа агентлаг, салбар яам нь шалгаж чадахгүй хав дарчихлаа. “Дугаартайгаа шилжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг сонголттой авч болно” гэсэн хэрэглэгчийн төлөө гаргасан ганцхан хуулийг л хэрэгжүүлж чадахгүй бүтэн таван жил гаруйн хугацаа өнгөрөв.
Тэд бидний толгой дээр ингэж л “таанц” эргэж байх аж. Монголд дөрөвхөн байдаг үүрэн холбооны аль нэгийг нь сонгох нь тодорхой гэсэн хандлагаар хэрэглэгчээ үл тоож, яг л монопол зангаа тэд гаргаж байна. Яг арилжааны 13 банк шигээ мафийн сүлжээнд орчихоод байгааг худлаа гэж хэлэхгүй байх. Монгол Улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ББСБ-ууд нь хүртэл дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буйг эндээс харж болно. Хэдийгээр 100 мянган төгрөгөө цаг хугацаандаа төлөх нь үйлчлүүлэгчийн нэн тэргүүний эрх байлаа ч зурагтай нь нийтэд зарлаж, арван төгрөгийн төлөө амьдралд нь хар толбо үлдээдэг буруу жишгийг ярихгүй өнгөрч болохгүй биз дээ. Учир нь Монголбанкны зүгээс 2018 онд зээлийн мэдээллийн санд зөвхөн дээрх хэдэн шалтгааны улмаас “найдваргүй зээлдэгч” хэмээн бүртгүүлсэн 41085 иргэний зээлийн бараан мэдээллийг арилгаж байсан юм. 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө чанаргүй зээлийн нэгээс дээшгүй жилийн түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй гэдэг шалгуур тавихад л 48 мянган иргэн тэнд бүртгэлтэй байсан гэдэг. Тэгвэл одоо “Юнивишн”, “Юнител”, “Мобиком”, цаашлаад гар утсаар ямар ч хяналтгүй зээл олгож байгаа ББСБ-уудын зээлийн мэдээллийг нэмчихвэл энэ тоо хэд болох вэ. Монгол Улсын 1.2 сая иргэн л ганцхан “Лэнд.мн” ББСБ-аас зээл авдаг гэж тооцоод үзэхээр 10 гаруй ББСБ-аас мөн тооны иргэн зөвхөн гар утсаараа зээл авсан гэсэн үг. Энэ хүмүүсийн тодорхой хэсэг нь санхүүгийн мэдлэггүй, эсвэл санхүүгийн чадамж багатай, хугацаа хэтрүүлэх эрсдэлтэй, эргэн төлөхдөө хойрго байгаа гэж тооцвол энэ нь яах аргагүй бичих ёстой сэдэв, хөндөж тавих ёстой асуудал болчихоод байгаа юм. Үүнд хэн хяналт тавих вэ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах учиртай ШӨХТГ-ын дарга Б.Лхагва гэгч та хаана юу хийж явна вэ, ажлаа хийнэ үү. Албан тушаалынхаа ид шидийг гаргана уу.