Нэг хүний амин хувиа хичээсэн бодол нийтэд ямар гай дагуулж болдгийг та бид Солонгос улсын жишээнээс харлаа. Сүмийн ухуулагч 61 настай эмэгтэй шинжилгээ өгөхгүй хэмээн зөрүүдэлсний улмаас 556 хүний амь насыг эрсдэлд оруулж, дөрвөн хүн амиа алдаад байна. Гэртээ ч орохгүй зургаа хоног гадуур явж, сүмд элсэхийг ухуулсан энэ эмэгтэйн явсан зам маршрутыг бүрэн гаргаж дуусаагүй учраас өдөрт энэ улсад 100-200 шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Сүмд уулзсан хүмүүстээ анхлан халдвар тараасан гэхээр л нэг дор бөөнөөрөө цуглахгүй байхыг сануулж буй төрийн шийдвэр буруу биш гэдгийг харуулж байх аж. Гэтэл манай иргэд ямар хандлага гаргаж байна вэ. Сар шинийн баяр тэмдэглэхгүй гэж төрийн шийдвэр гарчихаад байхад арилжааны банкнаас зээл авах гэж нэг дор хэдэн зуугаараа цуглав. Ах дүүдээ битгий очиж золго, цахимаар золгочих гэж уриалаад байхад л томоохон зах, худалдааны төвүүдэд багтах зайгүй хөлхөлдөж, баяр тэмдэглэх бэлтгэлээ базаасаар байх ажээ. Нийслэл хотоос хүн гаргахгүй, оруулахгүй хэмээн хөл хорио тогтоочихоод байхад постууд дээр очиж хэрүүл хийж, гадагшаа гарахаар завдаж байгаа нь бидний ухамсар ямар хэмжээнд байгааг бэлхнээ хэлээд өглөө.
Монгол Улс өнөөдрийг хүртэл төр засаг нь сайн ажиллаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай ажиллаж чадсан тулдаа бүчүүлсэн бүс нутгуудаас вирус орж ирэхгүй тэсч байгаа. Гэтэл эх оронд чинь сар шинэ тэмдэглэхгүй гэж мэдэгдсээр байхад л БНСУ-аас өдөрт л хамгийн багадаа нэг онгоц, цаашлаад 2-3 онгоц дүүрэн монголчууд гэртээ ирж байна. Тэнд зовж зүдэрч ажил хийж, мөнгө олсон нэгнийг буруутгах гэсэнгүй. Гэвч иргэн хүний хариуцлага гэж байдаг бол гэр орондоо өөрийгөө 14 хоног карентилж, хамаатан саднаараа хэсэхгүй, айлчин гийчин хийхгүй байх ухамсар эдгээр хүмүүсээс гарна гэж найдаж сууя.
Тэнгэр заяатайдаа биш бид зүгээр л сайн ажиллаж буй төрийнхөө хүчээр, ард түмний эрүүл мэндийн төлөө унтах нойроо л үл умартан ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хүчээр энэ хүртэл тэслээ. Гэвч, муйхар зөрүүд монголчууд та бүхэн баярлаж, найрлаад эхэлвэл зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй вирус солонгос эмээ шиг хайнга нэгнээс халдварлавал яах вэ. Хайртай бүхний чинь амь наснаас үнэтэй баяр гэж байх уу, монголчууд аа. Энэ бүхний эцэст хэрвээ вирус тархаж, гурван сая хүний амь нас эрсдэлд орж гэмээнэ буруутан нь төр биш иргэн та бид гэдгийг санаарай. Сануулаад байхад л хулгайн замаар зорчиж хайртай бүхнээ эрсдэлд оруулсан жолооч та ч бас буруутай болно гэдгийг сануулъя.
Өнөөдөрхөн нэгэн ээж “Ээжүүдийн групп”-т “Би нөхөртөө энэ жил золгохгүй гэртээ байцгаая. Үр хүүхдийнхээ төлөө энэ жил өнжих үү гэж хэллээ. Гэтэл урдаас “п..да минь миний ах дүү нар вирустэй юм шиг чамд харагдаад байна уу. Чи өөрөө ганцаараа үлд. Би хүүхдүүдээ авч яваад золгочихно” гээд хаалга саваад гарлаа. Би яах вэ” хэмээн бичжээ. Яг л ийм арчаагүй, амиа хувиа хичээсэн орк монголчууд л өчигдрөөс эхлэн дэлгүүрийн лангуу хоосолж, маргаашнаас эхлэн золгож, баярлаж гүйлдэнэ гэдгийг зориуд энд хэлчихье. Зөвхөн уншигч таны эрүүл мэндийн төлөө өнөөдөр улсын хэмжээнд 6000 хүн хөхөө өвлийн хүйтнээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өөрийнхөө төлөө биш өрөөлийн амь насны төлөө замын цагдаа нар амрах завгүй замын постуудыг сахиж байна. Нийт монголчуудын эрүүл мэндийн төлөө цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн ажилтнууд нойр хоолгүй зүтгэж байна. Таны, миний, та бидний төлөө шүү дээ. Тэд өөрсдийнхөө төлөө, өөрийнхөө үр хүүхдийг хамгаалах гэж зогсоогүй. Зөвхөн банкинд очерлож, дэлгүүрийн лангуу хоосолж буй таны төлөө зогсож буй учраас өвчин хэлж биш хийсээд ирвэл өрөөлийг биш өөрийгөө буруутгаарай.