“Хөлсний амт” буландаа “Монгол медаль” үйлдвэрийн захирал Б.Норсонтой ярилцлаа.
-Хэзээнээс анх “Монгол медаль” үйлдвэрийг байгуулсан бэ. Яагаад энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэх болсон талаар яриагаа эхлүүлье?
-1989 оноос хойш буурлуудаас минь уламжлагдаж ирсэн үйлдвэртээ сургуулийн ромбо, тэмдэг, медаль хийж эхэлсэн. 1990 оноос хойш морины медаль хийж байгаад 2003 оноос эхлэн үйлдвэрийн үйл ажиллагаагаа 100 хувь өөрийнхөө нэр дээр авсан юм. 2008 онд компани байгуулаад, хөдөө орон нутаг, аймаг сумдуудтай захидлаар харилцаж эхэлсэн. Хөдөө орон нутгийнхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхолтой, чанартай бүтээгдэхүүнд дуртай юм билээ. Захидлаар харилцахдаа суурин байгаагүй, энд тэнд хэвлэж явлаа. Нэг үгээр хэлбэл, тэгээс эхэлсэн гэх үү дээ. Учир нь 1989-2000 он гартал идэвхтэй үйл ажиллагаатай байж байгаад, үйлдвэрлэлээ хятадын зах зээлд алдаж эхэлсэн юм. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байсан ромбо, тэмдэгнүүдийг хятадад хийлгэдэг болсон. Тухайн үедээ бид үүд хаалгаа цоожлоод, тоос тортогтоо дарагдаад, хүн ч ирэхээ байсан учраас үйл ажиллагаагаа 100 хувь зогсоож байлаа шүү дээ. Би чинь “Жанчивлан” рашааны менежментийг дотоодын зах зээлд гаргаж ирсэн хүн шүү дээ. Тухайн үед гадны бүтээгдэхүүн монголд ноёлчихсон байсан үе. “Кука курортна” рашаан манай зах зээлийг 100 хувь эзэгнэдэг байсан үе юмдаг. Өдөрт 40 тонн рашаан борлуулдаг байсан гээд боддоо. Тэгээд хэдэн дүү нартайгаа нийлээд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр шийдэж “Жанчивлан” рашааны борлуулалтыг авсан юм. Бүх дэлгүүрүүдээр сурталчилж, телевизээр рекламаа цацаж эхэлсэн. Үүний үр дүнд манай компанийг таньдаг болсноор 40 тонныг 50 тонн болтол нь борлуулж, “Кука курортна”-г даваад МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Үндэсний шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн”-ээр шалгарч алтан медалийг нь авч байлаа. Тэгтэл Ар жанчивлангийнхан өөрсдөө борлуулалтаа 100 хувь авчихсан. Тэр үед үйл ажиллагаагаа хөдөлгөж байсан хүний хувьд их хэмжээний зээл авчихсан байсан. Дээрээс нь рекламны зардал, ажилчдын цалин, түрээсийн төлбөр гэх мэтчилэн 100 гаруй сая төгрөгийн өртэй болсон. 2003 оны 100 сая төгрөг гэдэг асар чанга шүү дээ. Гудамжинд лааз байтугай өшиглөж явлаа. Маш их өртэй хүн хийх ажилгүй байна гэдэг хамгийн аймшигтай юм билээ. Аавын хаалга татах дээрээ хүртэл тулсан. Өр төлбөр нэхэгдсэн, сэтгэлзүйн дарамттай он жилүүд өнгөрсөн дөө.
-Тэгээд хэзээнээс буцаж энэ үйлдвэрлэлээ хийж эхэлсэн бэ?
-Тэгэж яваад 2008 онд тэмдэг, медалийнхаа үйлдвэрийн цоож цуургыг нь олж аваад тоостой тоног төхөөрөмжийнхөө дунд ороод хэсэг суулаа. Эргэж босохооргүй, зах зээлээ 100 хувь алдчихсан байсан үйлдвэр дотроо ороод яг юу хийж болох вэ гэж бодсон юм. Бараг тоног төхөөрөмжтэйгөө ярилцах шахсан шүү /инээв/. Тэгээд нэг санаа төрсөн нь, хөдөө орон нутгийнхантай захидлаар харилцдаг болохоор шийдсэн. Улмаар хамгийн анхныхаа захидлыг ширээнийхээ тоосыг арчиж байгаад дэвтэрийн цаасан дээр бичиж байлаа. Харилцаа холбоо төдийлөн хөгжөөгүй байсан учраас холбоон дээр очоод хүнээс 5000 төгрөг зээлж 211-ын утасны 2500 төгрөгийн карт авсан. Холбоо тэр үед үйлчлүүлэгч байхгүй. Ганцхан хүн үйлчлүүлдэг байсан нь би. Ингээд л хөдөө орон нутаг руу ярьж эхэлсэн. Хамгийн анхны захиалга нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу одоогийн Баруунхараагаас орж ирж байлаа. Тэгэж л энэ их ажлын гараа үндсэндээ эхэлсэн дээ.
-Медаль гэдэг хэн хүний хувьд их үнэ цэнтэй нандигнан хадгалдаг эрхэм зүйл шүү дээ. Тэгэхээр маш их ур ухаан, хүч хөдөлмөр, мэдрэмж шаардаж хийдэг байх?
-Миний хувьд тамирчин байсан учраас медалийг лангуунаас аваад хүнд өгөхөөр, тухайн хүнийхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байгаа юм шиг санагдсан. Морь уяхад ч бас ялгаагүй. Уяач өглөө эрт босохоос эхсүүлээд, маш их хөдөлмөрлөж байж авсан медалийг хятад улсад үйлдвэрлээд, зүгээр нэг лангуунаас худалдаж аваад урамшуулна гэхээр сонин санагддаг. Тэгэхээр медаль гэдэг зүйл үнэ цэнэтэй эрхэм зүйл учраас ховор байх ёстой. Ховор байлгахын тулд зөвхөн захиалгын дагуу үйлдвэрээс гарч эзэндээ очдог эд гэж боддог. Хоёрдугаарт, медаль айл гэр, тухайн хүндээ дурсагддаг, үр хүүхэд, хойч үед нь үлдэх өв учраас гэрийн хойморт залардаг зүйл шүү дээ. Үеийн үед хадгалах учраас сэтгэлээ шингээж хийсэн байх хэрэгтэй. Монгол хүний цусанд морь гэдэг амьтан үргэлж байдаг юм билээ. Монгол хүн үүсэхэд, морь, дараа нь банхар үүссэн тухай домогт ч өгүүлдэг. Тиймээс морины бүх шинж, агуулга нь монгол хүний дотор байдаг учраас бид морийг дүрсэлж чаддаг. Гэтэл хятад хүмүүс морь биш луус хийчихдэг. Луус гэдэг нь морь, илжиг хоёрын дундаас төрсөн амьтан шүү дээ. Тэр амьтныг медаль дээрээ дүрсэлж гаргаад монголын зах зээлд нийлүүлчихнэ. Түүнийг нь танихгүй манай уяачид хоймортой тахичихдаг. Тэгэхгүйн үүднээс бид морийг захиалгын дагуу чанартай үйлдвэрлэж эхэлсэн. Зөвхөн захиалгын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. Зэс гууль, мөнгийг түүхий эдэндээ хэрэглэдэг.
-“Монгол медаль” үйлдвэрээс гадна ийм төрлийн хэчнээн үйлдвэр манай улсад үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Миний мэдэхээр цэвэр дотооддоо үйл ажиллагаа явуулж буй дөрвөн үйлдвэр бий. Гаднаас оруулж ирдэг үйлдвэрийг нийлүүлээд тооцвол бараг 20 хүрэх байх. Хэрвээ гаднаас орж ирж буй медальд хязгаарлалт тавих юм бол энэ дөрвөн үйлдвэр монголынхоо зах зээлийг хангах бүрэн хүчин чадалтай. Бид хоорондоо өрсөлддөггүй, харин ч бие биенээ байгаа зүйлээрээ дэмжиж ажилладаг. Гэтэл хамгийн гол өрсөлдөгч нь хятад улс л байна. Тэр дундаа, дунд нь ажиллаж байгаа ченжүүд л дээ. Хамгийн том аюул нь бидний бүтэн жил дүрсэлж зурсан зургийг хятадад аваачаад хийлгэдэг нь харамсалтай. Эргээд монголд орж ирэхдээ, хямдхан, чанаргүй материалтай болоод ирдэг.
-Оюуны өмчийн эрх гэдэг зүйл ихээхэн яригддаг болсон шүү дээ. Хандаж үзээгүй юу?
-Тэд монголын үйлдвэрийнхэн хэл ам үүсгэх байх гээд доод хэсэгт нь ганц нэг хээ нэмчихдэг. “Adidas”-ыг зориуд буруу бичиж хуулбарладагтай л адилхан шүү дээ. Оюуны өмчийн газарт очоод зарга үүсгэхээр ямар ч боломжгүй болчихдог. Үүгээрээ юуг хэлээд байна вэ гэхээр, монголчууд бид бүгд үндсэрхэг үзэлтэй байх шаардлагатай байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр үндсэрхэг үзэл гарах болохоос энд тэнд байгаа хятадуудыг үзэн ядсанаараа болчихдог зүйл биш. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр мөнгөний урсгал эндээ үлдэнэ. Жишээ нь, наадмын медаль хийхэд 250-500 сая төгрөг хятад руу гарч байна. Зөвхөн нэг өдрийн баярт 361 суманд хятад медаль өглөө гэж тооцоход 250 сая төгрөг болдог байхгүй юу. Нэг медаль нь 5000 төгрөг. Гэтэл энэ мөнгийг үндэсний үйлдвэрүүддээ шингээх боломжтой. Тэгэж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих учиртай. Монголд үйл ажиллагаа явуулж буй дөрвөн үйлдвэр бүтэн хүчин чадлаараа ажиллавал ажлын байр нэмж, олон хүнийг цалинжуулах боломж байна. Манайх л гэхэд жигд үйл ажиллагаа явуулах юм бол нэмээд 10 хүн ажиллуулах боломж бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ч ажиллуулж болно. Суумгай, сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажиллаж болно шүү дээ. Гаднаас ирдэг медалийг хязгаарлаж чаддаггүй юмаа гэхэд ядаж ченж гээд байгаа нөхдүүд хүний оюуны өмчийг дуурайхаа болих хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд аливаа улс орныг жижиг дунд үйлдвэрлэл нуруундаа үүрч явдаг шүү дээ.
-Дархан хүний бурхан ухаан гэдэгчлэн хийх, бүтээх зүйл хязгааргүй байх. Санаагаа ер нь яаж олдог вэ?
-Санааг өөрсдөө 100 хувь гаргадаг. Гаднаас нэг зураас ч хуулбарладаггүй. Дээрх гурван үйлдвэр ч ийм зарчимтай. Яагаад гэвэл тэмдгээ гаргахаас өмнө санаагаа гаргана. Санаагаа гаргасны дараа нэг зургийг жил орчим зурж байж бүтдэг. Санаанаас гадна бэлэгдэл гэж чухал ухагдахуун бий. Морио анатоми талаас нь зурахад хуулбар, дууриамал байхгүйгээр 100 хувь өөрсдийн оюун ухааны бүтээл гарна гэсэн үг. Өнгөрсөн жил л гэхэд дэлгүүрүүдээр зарагдаж байгаа хятад медалиудыг харахад, арслан амаа ангайсан дүрсэнд морины толгой хадчихсан байсан. Бэлэгдэл гэдэг ийм чухал.
-Хонхны баярын хонх бусад тэмдэгнүүдийг урд хөршид үйлдвэрлэдэг юм аа гэхэд ядаж молор эрдэнэ гэж хүндэлдэг адууныхаа магнайд зүүх медальдаа анхаарах шаардлагатай байх нь?
-Тийм шүү. Хонх гэснээс “Монгол медаль” үйлдвэртээ анх үйлдвэрлэж байсан зүйл бол хонх байгаа юм. 1997 онд анх их, дээд сургууль, ЕБС-ийн төгсөгчдийн хонхийг хийж байсан юм.
-Та анх гаргаж ирсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Тухайн үед бүхий л зүйл гуулин байлаа шүү дээ. Түүнийгээ хамгийн том зах байсан “Дэнжийн мянга”-д борлуулдаг байсан юм. Манайхан дотооддоо сурагчдын дүрэмт хувцсаа үйлдвэрлэдэг байсан. Түүнд нь дагуулаад заруулна. Бас л хонхноос санаа аваад, хятад руу захиалчихсан байсан. Гэхдээ энэ нь нөгөө талаас намайг хөгжүүлэх давуу талтай. Дараа дараагийн хавар нь загвараа өөрчлөөд л үйлдвэрлээд байсан чинь нэг мэдэхэд манай хонхны өнгө, загвар, чанар илүү сайжирчихсан байсан. Тэгээд манай үйлдвэрлэж байгаа хонхыг яагаад их, дээд сургуулийн оюутнууд хийж болдоггүй юм гэж бодсон юм. Улмаар тухайн жилдээ 100-200 орчим оюутныг цалинжуулаад ажиллуулсан байдаг. Сургалтын төлбөрөө олж ажиллаж чадсан олон хүүхэд байдаг. Одоо ч зарим нь тус тусынхаа мэргэжлээрээ ажилласан ч гэсэн надтай холбоотой байдаг.
-Энэ хавар хонхоо үйлдвэрлэх үү?
-Одоо манайх том хүрээг хамруулаагүй ч гэсэн тодорхой хэмжээнд хийж байгаа. Яагаад гэвэл, аливаа зүйл томроод ирэхээрээ хөөсрөөд, хөөс нь сагаад гарчихдаг. Манай ард түмэн нэг юмандаа суурин байж чаддаггүй хүмүүс шүү дээ. Нэг юм эхлээд л хаячихдаг. Гэтэл үүний уршгаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бидэн шиг үйлдвэрүүдийн ажил нь ганхаад, өөрсдөө ч олсон юмгүй, үнээрээ өрсөлдөөд эхэлчихдэг. Үнээр өрсөлдөөд эхлэхээр аль аль нь ашиггүй болдог. Сүүлдээ үүд хаалгаа барьдаг. Бид хоолоо булаацалдаж байх хооронд хэн баярладаг уу гэхээр хятадууд л баярладаг. Монголчууд нь хоолоо идэж чаддаггүй ийм сэтгэхүйтэй, хатуухан хэлэхэд.
-Одоо ихэвчлэн аймаг, сумдуудтай хамтарч ажиллаж байна уу?
-Хөдөө орон нутгаас гадна, их дээд сургуулийн спортын медалийн захиалгыг үйлдвэрлэж байна. Зарим яамтай ч хамтарч уралдаан тэмцээний медалийг хийж байгаа. Технологи ч боломжийн учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж их бий.
-Түүхий эдээ хаанаас авч байна. Уг нь дотооддоо гууль, зэс үйлдвэрлэдэг орон шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд түүхий эдээ хятадаас авсан хэвээрэй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрт албан бичиг өгөөд нэмэргүй юм билээ. Дотооддоо зэс, гуулиа хийдэг улс атлаа чадахгүй л байна. Уг нь дотоодынхоо зэс, гуулийг аваад медалиа хийх сонирхол их бий. Бидэнд зэс, гуулиа нийлүүвэл бид нар ч хятад руу гаргах мөнгөө хэмнэнэ. Мөнгө нь дотооддоо үлдэнэ. Холоос авчирах тээвэрлэлтийн зардал, цаг хугацаа гэх мэтчилэн олон алдагдал бидэнд үүсдэг.
-Залуу хойч үедээ энэ үйл хэргээ өвлүүлж үлдээхэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Хүүгээ энэ ажилдаа сургаад хамт ажиллаж байна. Би ч бараг өөрөө хоцрогдох шинжтэй болж /инээв/. Хүү маань залуу хүн гэсэндээ арай өөрөөр сэтгэж байна. Хийж буй арга барил, техник технологи, сэтгэхүй шал өөр. Монголд 100 хувь суугаад ажил хийх залуус үнэхээр ховор. Тиймээс бид хоорондоо дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зунаас өмнө боломжийн үнэлгээтэй цалингаар ажиллуулахаар ярьж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахаас гадна жижигхэн ч гэсэн буяны сан нээгээд халамжийн газруудаар тараахаар шийдсэн.Эхнийхээ ажлыг хийчихсэн шүү.