ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төмөр замын ажилчдад халаагуурын шинэ технологийг нэвтрүүлж эхэллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-18

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  Засгийн газраас шийдвэр гаргаж,  өнгөрсөн  оноос түүхий нүүрс нийслэл рүү  нэвтрүүлэхийг хориглосон билээ. Тиймээс энэ өвөл Улаанбаатар хотын айлууд сайжруулсан  шахмал  түлш ашиглаж өнтэй өвөлжлөө. Түүхий нүүрсийг түлэхийг хориглосноор нийгмийн эрэлтэд нийцсэн шинэ шийдлүүдийг аж ахуйн нэгжүүд эрэлхийлсээр байна. Тэдгээрээс Газком” компанийн нэвтрүүлж буй хийн халаагуурыг сонирхсон юм. Тус компани 2017 оноос эхлэн хийн халаагуур үйлдвэрлэгчдийг судалж, дэлхийд нэгдүгээрт  бичигддэг Японы Rinnai компанийг сонгосон аж. Зуун жилийн түүхэндээ нэг ч удаа осол гаргаж байгаагүй, туршлагатай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан үйлдвэр гэдэг утгаараа  тоног төхөөрөмж нь дэлхийд шалгарсан, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй ажиллагааны маш өндөр технологийн дотооддоо нэвтрүүлж эхэлсэн  байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн зарим гэр хорооллын айлуудыг  хийн  халаагуураар халааж эхэлсэн нь  амжилттай хэрэгжсэн бол  өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт байрлах Туул зөрлөгийн  төмөр замын ажилчдын 14 айлын орон сууцанд ашиглаж эхэлжээ.

Энэ талаар “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар хэлэхдээ,”Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгийн хувьд нийгмийн  хариуцлагын хүрээнд  утааг бууруулах,  агаар орчноо цэвэр байлгах аянд дөрвөн чиглэлээр нэгдэж ажилладаг. Нэгдүгээрт зорчигчийн вагонд бүрэн шаталтын тоног төхөөрөмжийг өнгөрсөн жил суурилуулсан. Хоёрдугаарт,  Улаанбаатар хотын бүсэд амьдардаг 2000 гаруй өрхөд түлшний хөнгөлөлт болох  60000 төгрөг олгодог. Өнгөрсөн жилээс шахмал  түлш хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан хөнгөлөлтийг 135 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн.  Гуравдугаарт, Баянзүрх дүүргийн  нутаг дэвсгэрт оршдог манай төв засварын үйлдвэрийн уурын зуух бий. Үүнд 400 гаруй өрх, 19 том, жижиг аж ахуйн нэгж холбогдчихсон. Өөрөөр хэлбэл галладаг зуухыг НЗДТГ-тай хамтран халсан. Харин  дөрөвдэх арга нь өнөөдрийн  ажиллагаа юм. Туул зөрлөгийн ажилчид орон сууцны айлууд  шиг тогтмол дулаантай боллоо” гэсэн юм.

Харин оршин суугчдын хувьд тогтмол дулаантай, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаад талархаж байгаагаа илэрхийлж  байна. Тус өртөөг өдийгөөс төдийг хүртэл ажиллахад 29 жил галаа манасан өндөр настан Ж.Булганцэцэг юу юунаас илүү баяртай байлаа. Түүний хувьд 23 жил тус зөрлөгийн даргаар ажиллаж байсан бөгөөд жишиг зөрлөг болгох мөрөөдөлтэй аж. Тэрбээр хэлэхдээ, “Туул зөрлөгт 29  жилийн турш ажиллалаа. Энэ хугацаанд амар хялбар халаалт ашиглах  юмсан гэж их боддог байсан.  Зөрлөгийн даргаар 23 жил  ажиллахдаа айлуудын  галлагаа маш хүнд байна гэдэг асуудлыг удаа дараа тавьж байсан юм. Харин өнөөдөр ийм шийдэлд  хүрсэнд баяртай байна.  Айл бүр ид хүйтний үед 10-15 орчим тонн нүүрс хэрэглэдэг байсан. Ажлын хажуугаар галлах гэж маш их цаг зав гаргахаас гадна эдийн засаг,  эрүүл  мэндийн хувьд хэцүү байлаа. Хамгийн гол нь нүүрсээр галласан ч гэсэн төдийлөн тав тухтай байгаагүй,  гадуур хувцастайгаа гэртээ суудаг. Туул зөрлөгийн энэ байранд нийт 14 айл оршин суудаг.  Өнөөдөр шинэ технологи ашиглаад,  орчин үетэйгээ хөл нийлүүлж байгаад бид баяртай байна” хэмээн хуучиллаа.

Туул зөрлөгийн ажилчдын орон сууцыг хийн халаагууртай болгоход 70 гаруй сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээр айлууд өмнө нь нэг сард л гэхэд 280 орчим мянган төгрөгийн өртөгтэй нүүрс хэрэглэдэг байсан  бол тус халаагуурыг  ашигласнаар  өвлийн улиралд тухайн айлынхаа метр квадратаас шалтгаалаад нэг сард 150-180 орчим мянган төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гарчээ.

Мөн  Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн  бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга Б.Артур хэлэхдээ, “Туул зөрлөг бол Улаанбаатар хотын ногоон бүсэд байрладаг. Энэ байшинг төмөр замын байгууллагаас өөрсдийнхөө хөрөнгөөр анх 1982 онд барьсан түүхтэй. Өмнө нь өвөлжилт хүндэрдэг,  айл тус бүр нүүрс түлж зуухаар галлан дулаанаа шийдэж байсан. Харин энэ жилээс хийгээр халдаг дулааны шийдлийг  “Улаанбаатар Төмөр зам” ХНН ажилчдынхаа ая тухтай амьдрах асуудлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалтыг  хийж байна. Өнөөдөр анхны дулааныг  авлаа. Бид Хонхорт цахилгаанаар халаах туршилтыг хийж байгаа. Ингэснээр  энэ хоёрыг эдийн засгийн хувьд  хэмнэлттэй эсэхийг харьцуулж үзэх юм” гэв.

 

Д.Сэржбүдээ: Дэлхийд мөрдөгддөг аюулгүй ажиллагааны стандарт хэрэгжүүлж байна

Энэ үеэр “Газком” компанийг үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төмөр замын байгууллагатай хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн бэ?

-Манай “Газком” компани энэ жил  маш олон ажил  төлөвлөсөн. Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард” Улаанбаатар Төмөр зам” ХНН-тэй ярилцаад төвийн дулаанд  холбогдох боломжгүй алслагдсан өртөөний айлуудыг  хийн халаалтаар халаах санал  солилцсон байдаг. Улмаар энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаандаа орсон.

-Цаашдын зорилго, зорилтын тухайд?

-Цаашид  бусад өртөөний айлуудыг хийн халаалтад шилжүүлэх ажлыг  үе шаттай хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 2020 онд манай компани төвийн дулаанд хамрагдах боломжгүй, алслагдсан томоохон барилга байгууламж, тэр дундаа сургууль, цэцэрлэгийг  хийн халаалтад шилжүүлэх ажлуудыг санаачилж Нийслэлийн захирагчийн албатай хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот ганцхан  дулааны эх үүсвэртэй байсан бол одооноос эхлэн хоёрдахь эх үүсвэр  бий болж байгаа гэсэн үг. Тиймээс нийслэлийн хот төлөвлөлтөд томоохон өөрчлөлт орох байх гэж бид харж байна. Ингэснээр төвлөрөл тодорхой хэмжээгээр саарах давуу талтай.

-Аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Нэн түрүүнд хийн аюулгүй байдлыг  дээд зэргээр анхаарч ажиллана. Аюулгүй ажиллагааны норм, дүрэм, журам,  стандартыг хэрэгжүүлэхийн тулд бид  Япон улсын  ISO14001 хэмээх тэргүүлэх стандартыг нэвтрүүлсэн. Мөн Японы гурван тэргүүлэх зэргийн  хийн хангамжийн компани манайд зөвлөхөөр ажиллаж байна Тэр ч утгаараа дэлхийд  мөрдөгддөг аюулгүй ажиллагааны норм стандарт манай улсад давхар хэрэгжиж байгаа нь давуу тал юм.