“Гайхам сайхан зүйлсийг харж бишрэхээс илүүтэй, дуртай зүйлээ сэтгэлдээ хүртэл хийгээд, түүнээсээ эрч, хүч урам зориг авах нь илүү гайхалтай шүү дээ” хэмээн ярих даруухан охиныг Э.Болорцэцэг гэдэг. Өдгөө 24-хөн настай тэрбээр Төв аймгийн Баянцогт суманд байрлах “Элбэг ургац” фермд ерөнхий агрономичоор ажилладаг. Э.Болорцэцэг 2015 онд ХААИС-ийг Агрономич мэргэжлээр төгссөн бөгөөд, төгссөн даруйдаа л энэ фермд ажилд орсон гэнэ. Хэн ч харсан түүнийг хөдөөгийн жижиг суманд ногоо тариад, даруухан амьдардаг нэгэн гэж бодохгүй. Учир нь тэрбээр кино жүжигчин ч эсвэл загвар өмсөгч, эсвэл цэнхэр дэлгэцийн нүүр царай баймаар үзэсгэлэнтэй охин. Тэрбээр сурагч байхдаа сургуулиудын дунд зохион байгуулдаг “Үнсгэлжин” загварын тэмцээнд гурван жил дараалан түрүүлж байжээ.
Уран гуалиг бие галбираас гадна торомгор нүд, өтгөн хамсөг, өндөр хамар гээд эмэгтэй хүний өөртөө хүсдэг бүхнийг бурхан түүнд харамгүй заяаж дээ гэмээр. Хүн хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд ажиллаж амьдарч явна гэдэг жаргал ажээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой байж, түүндээ итгэл үнэмшилтэй байна гэдэг хүнийг ер бусын хүчирхэг байлгадаг юм байна гэсэн бодол түүнтэй ярилцах богинохон хугацаанд төрж байлаа.Диплом өвөртөлсөн хүн бүхэн дулаахан оффист, ширээний ард суухыг хүсдэг өнөө цагт тэр өдрийн од шиг ховорхон охин аж. Тэрбээр “Би амьд зүйлтэй харилцах дуртай. Тиймээс ч энэ мэргэжлийг сонгосон” хэмээн өөртөө итгэлтэй, бардам хариулах нь мэргэжилдээ үнэхээр хайртай бас сэтгэл хангалуун байдгийг илтгэнэ. “Хүнд эрүүл мэндээс чухал зүйл гэж юу байх билээ. Эрүүл байхын тулд эрүүл хоол хэрэглэх ёстой. Хамгийн гол нь миний ажил хүмүүст эрүүл, эко хүнс хүргэж байна шүү дээ. Энэ л миний зорилго” хэмээгээд инээмсэглэв.
Э.Болорцэцэг хүүхэд байхын л ургамал ургуулах хоббитой байсан гэнэ. “Хашааныхаа сүүдэрт ургасан зэрлэг цэцэг, элдэв ургамлыг варианы шилтэй усанд хийгээд, цэцэг тарьж байна гэж мөн ч олон цэцэг тасдаж, үхүүлдэгсэн” хэмээн дурсав. Байгаль, ургамалтай ойрхон байж, түүнийг өөрийн гараар тордож ургуулна гэдэг түүний багын мөрөөдөл байжээ. Түүний ээж багш мэргэжилтэй бөгөөд охиндоо өөрийн мэргэжлээ өвлүүлнэ хэмээн ярьдаг байсан ч Э.Болорцэцэг өөрийн хүсэл, зорилгынхоо төлөө шантралгүй зүтгэжээ. Ээж болон багш нар нь багш болгохоор ятгаж байхад ХААИС-ийн Агрономичийн ангийг сонгон зэмлүүлж байсан үе саяхан ч гэлээ, өдгөө өөрийн мөрөөдлөө биелүүлж, дуртай ажлаа хийн, жаргалтай амьдарч байна. Түүний хэлсэнчлэн аз жаргал гэдэг өглөө нойроо харамлан зүрх алдаж сэрэх биш, ажилдаа яаран догдолж сэрэх энгийн л зүйлээс эхэлдэг аж. Э.Болорцэцэг агрономич хэдий 24 настай ч бүхэл бүтэн нэг фермийн үйл ажиллагааг удирдан, үүрэг чиглэл, заавар зөвлөгөө өгч ажилладаг туршлагатай нэгэн. Түүний ажилладаг “Элбэг ургац” ферм 2008 оноос хойш хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байгаа бөгөөд сүүлийн таван жилд гүзээлзгэнэ жимс дагнан тариалсан ажээ.
Уг ферм 18.5 га талбайд гүзээлзгэнэ тариалдагаас, 0.4 га талбайд нь Голланд үрийн гүзээлзгэнэ ургуулдаг. Ерөнхий агрономич Э.Болорцэцэгийн ярьснаар ургацаа өглөө бүр хурааж, өдөртөө нийслэлд хүргэдэг бөгөөд сүүлийн гурван жил “И-март” төвтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон аж. Э.Болорцэцэг ажилчдынхаа хамт өдөрт 50-60 кг болон түүнээс ч их гүзээлзгэнэ хураан авдаг байна. Гүзээлзгэнийг тавцанд болон газраас гэсэн хоёр янзаар тариалдаг. Тавцантай хүлэмжийг хавар тавдугаар сарын сүүлээр тариалж эхэлдэг бол, газрынхыг нь зургадугаар сараас тариалдаг байна. Тариалснаас хойш 45 хоногийн дараагаас амтат гүзээлзгэнэ бэлэн болдог. “Элбэг ургац” ферм гүзээлзгэний найман хүлэмжтэй бөгөөд энэ жилээс Ерөнхий агрономич Э.Болорцэцэгийн судалгаанд үндэслэн, улаан болон хар бөөрөлзгөнө, алим, чавга зэргийг туршилтаар тариалж эхэлжээ. Арав гаруй ажилчинтай энэ фермийн хамгийн бага нь Э.Болорцэцэг бөгөөд, тэдний дунд түүний эмээгийн үеийн хүн ч ажилладаг болохыг хуучилж байв. Түүнээс цаашид хотод амьдрах тухай боддог уу хэмээн асуухад тэрбээр, “Хүмүүс утаатай, ууртай хотын юунд нь болдогийг мэдэхгүй юм. Миний хувьд оюутан болж дөрвөн жилийн турш хотын амьдралаар амьдарсан минь хангалттай.
Би дуртай ажлаа, хайртай нутагтаа, сайхан хүмүүстэй хамт хийж байна. Над шиг тариаланч хүнд хот зохихгүй байх” гэв. Даруухан инээмсэглэх энэ охин өөртөө зориулан аз жаргалыг бүтээж байгаа нь ер бусын мэт санагдавч хөдөөгийн жижигхэн тосгонд тариа тариалан амьдарч байгаа нь эгэлээс эгэл санагдана. Унах машин, өмсөх хувцас, нэр хүнд, тансаг хэрэглээ гээд хүн бүрийн олж авахын төлөө хошууран зүтгэдэг тэр зүйлс аз жаргал биш ажээ. Хүн эрх дураараа дуртай зүйлээ хийгээд, гоо сайхныг бусдад зориулж биш бүгдийг зөвхөн өөртөө зориулан бий болгох нь жаргал юмсанж. Э.Болорцэцэг агрономич энгийн л ажлын саарал хүрэм өмсөж, үсээ хоёр сүлжсэн байх авч хэн ч харсан түүний гоо сайхныг магтахгүй байхын аргагүй, үзэсгэлэнтэй. Гоо сайхан харагдах гэж будаг шунх түрхэх нь байтугай уруулаа ч будаагүй энгийн. Гоо сайхан гэдэг төрдөг болохоос биш бүтдэггүй юм байна даа гэсэн бодол түүнийг харсан хэн хүнд бодогдох биз ээ. Тэдний фермтэй танилцаад буцсан нэгэн сэтгүүлч түүнийг нүүр номдоо “Атар газрын ховор цэцэг Болороо” хэмээн тодорхойлж, түүний үзэсгэлэн гоог магтан бичиглэсэн байна билээ. Тийм ээ, залуухан агрономич минь чи үнэхээр ховор цэцэг юм билээ. Буйдхан хөдөөгийн үзэсгэлэн гоо минь илүү их аз жаргалыг хүсье.