МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид удирдлагаа болон Үндэсний зөвлөлийн гишүүдээ эсэргүүцэн телевиз дотроо ажил хаялт зарлаж, Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан ажиллах нөхцөл бололцоогоо сайжруулах, цалингаа нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавьсан билээ.
Тэдний шаардлага ёсоор МҮОНТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, мөн Үндэсний зөвлөлд байсан нэр бүхий хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас өөрчлөх асуудлыг ярьж буй юм. Тэгвэл өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн долоон хүнийг хэлэлцэн дэмжсэн ч эдгээрээс хоёрыг нь Үндэсний зөвлөлд оруулж болохгүй хэмээн Үйлдвэрчний эвлэл нь дахин эсэргүүцэл зарлаж, телевизийн байрныхаа гадна эсэргүүцлийн жагсаал зарлажээ. Гэвч цагдаа нар хүч хэрэглэн жагсаж байсан сэтгүүлчдээс баривчилсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, сэтгүүлч Б.Пүрэвийг цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэн баривчилжээ.
Үндэсний зөвлөлд
Засгийн газраас: Найруулагч М.Уянга, Itoim.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Отгонбаяр
Ерөнхийлөгчөөс: Сэтгүүлч, ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан дарга асан Ж.Цэсэнг
УИХ-аас: Хөтлөгч Д.Цоодол, МҮОНТ-ийн дарга асан, сэтгүүлч М.Наранбаатр, МҮОНТ-ийн дэд захирал асан Ч.Батцэнгэл, Монголын сонины холбооны Ерөнхийлөгч, сэтгүүлч Б.Ганболд нарыг тус тус нэр дэвшүүлж, гишүүдийн олонхи дэмжсэн билээ. Тэдний нэрийг одоо УИХ-аар хэлэлцэх үлдэж байна. Гэвч эдгээр долоон хүнээс хоёр нь өмнөх удирдлага Л.Нинжжамцын “хүн” буюу эсэргүүцлийн хүчээр явуулсан түүний багийг эргүүлж томилуулах хор хутгах хоёр хүн хэмээн Б.Ганболд, Ч.Батцэнгэл нарыг жирийн сэтгүүлчдээр эгнээгээ бүрдүүлсэн Үйлдвэрчний эвлэл нь хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Ч.Батцэнгэл нь Л.Нинжжамцын үед “Монголын мэдээ” сувгийг хариуцан ажиллаж байсан. Тиймдээ ч эгэл жирийн сэтгүүлчдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж байсан өмнөх удирдлага буюу “Өглөө” хөтөлбөрөөр нь бидний мэдэх Г.Гэрэлийг Үндэсний телевизийн удирдлагад дэмжих магадлалтай хэмээн эсэргүүцэж байгаа аж.
...УИХ-аас Хөтлөгч Д.Цоодол, МҮОНТ-ийн дарга асан, сэтгүүлч М.Наранбаатр, МҮОНТ-ийн дэд захирал асан Ч.Батцэнгэл, Монголын сонины холбооны Ерөнхийлөгч, сэтгүүлч Б.Ганболд нарыг тус тус нэр дэвшүүлж, гишүүдийн олонхи дэмжсэн билээ. Тэдний нэрийг одоо УИХ-аар хэлэлцэх үлдэж байна...
Ямартай ч үндэсний контент, эерэг мэдээлэл бэлтгэх чиглэлд гар сэтгэл нийлэн ажиллах учиртай Үндэсний зөвлөл нь улстөрчдийн шахаасаар томилогдсон хэсэг бүлгийн идэж ууж, наргиж цэнгэж, гадаадад аялж зугаалдаг бөөгнөрөл болсон гэдгийг илчилсэн жирийн сэтгүүлчдэд нь бид талархах учиртай. “Нуухыг нь авах гэж нүдийг нь сохлов” гэгчээр өмнөх зөвлөлийн гишүүдээсээ эдгээр долоон нэр дэвшигч өөр байж чадах эсэх нь сонирхол татна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, төрийн дэмжлэгээр санхүүгээ болгочихдог, арилжааны бусад телевиз шиг сайн контент бүтээж үзэгчдээ татах зовлонгүй энэ газарт цоо шинэ менежмент, өөрчлөлт шинэчлэлт үгүйлэгдэж буйг эдгээр долоон хүн анхаарч, Үндэсний телевизийг улс төрийн нөлөөнөөс ангид авч ядах шинэ удирдлага томилно гэж хүлээх л үлдлээ.