Коронавирусын халдвар дотоодод гарч, иргэд сар гаруй хугацаанд хатуу хөл хорионд байлаа. Харин өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорионы дэглэмийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Тэгвэл гадаадад байгаа зарим монгол иргэдтэй онлайнаар холбогдож, дотоодод халдвар тархсан үед иргэд болон тухайн улс орон ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхсон юм.
С.Түвшинтөгс (АНУ)
-АНУ-д халдвар авсан хүний тоо аль хэдийн 15 сая давсан. Монголчууд ч их өртөж байгаа.
Энд бол муж хотууд өөр өөрсдийн үзэмжээр хөл хорионууд тогтоосон. Нэлээн хэдэн мужуудаар чөлөөтэй байснаас болж өнгөрсөн талархлын баярын үеэр халдвар маш ихэссэн учраас Зул сарын баяр өнгөртөл хөл хорио тогтоосон.
Хүмүүс ер нь сэргийлээд сурчихсан гэж болно. Амны хаалтаа сайн зүүж , хоорондын зай (2м) сайн барьж байна. Бүх ресторан хоолны газрууд зааланд сууж үйлчлэхгүй зөвхөн хүргэлтээр үйлчилж байгаа. Бүх бизнесийн байгууллагууд ажилчдаа хамгаалах арга хэмжээ авч байна. Жишээ нь, манай ажил гэхэд ийш тийшээ томилолтоор их явдаг. Өмнө нь зочид буудлын нэг өрөөнд хоёр хоёроороо ордог байсан бол одоо хүн бүр ганц ганцаараа өрөөнд ордог, 2-3 хүн нэг машин байхаар тооцдог болсон гэх мэтчилэн арга хэмжээ авч байна. Түүнтэй холбоотой зардлын зөрүүг холбооны нөөцөөс нөхөн олгож байгаа.
Н.Батзаяа (БНХАУ)
-Би БНХАУ-ын Хунань мужийн Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд сурдаг. Одоогийн байдлаар Хятад улсад Корона вирусийн халдвар харьцангуй намжсан. Гэхдээ Сичуань, Шаньси, Хонгконг зэрэг газруудад халдварын тохиолдол илэрсэн. Өнгөрсөн өвөл Коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэх үеэр Хятадын Засгийн газраас хөл хорио тогтоосон. Үүнээс болж хүмүүс гадагш гарахдаа маск зүүж, мужаасаа хамаараад 7-14 хоногтоо гарч хүнсний зүйлээ худалдаж авахыг зөвшөөрч байсан. Тухайн үед сургуулийн багш нар гадаад оюутнуудад гадагш гарахгүй байхыг зөвлөж, өдөр бүр биеийн халуун хэмжиж, оюутнууд өөрсдийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар бүртгүүлж байсан. Одоо бидэнд өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан дахин Корона вирус илрэх магадлалтай тул өдөр бүр маск зүүж, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй, хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Мөн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй, өөр муж хотууд руу зугаалахгүй байхыг сануулж байна.
Хятадууд Корона вирусыг хяналтаас алдаж, улс даяар тархасны дараа “Биднийг яагаад хүчээр ч болтугай гэртээ бай гэж хэлээгүй юм бэ” гэж уйлаад Засгийн газраасаа олон мянган хүн асууж байсан юм.
Саяхан зурагтаар хараад сууж байсан зүйл, бидний толгой дээр иржээ. Хамгийн гол нь Монголчууд минь энэ вирусын талаар өдөр бүр сонссоор байгаад хүмүүс энгийн байдаг л мэт, аюулгүй мэт ойлголттой болчих вий гэхээс санаа зовж байна. Хятадууд хатуу хөл хоритой үед хүмүүс бие биенээсээ зайгаа барьж, хүний бараа харав уу, үгүй юу зүг буруулан алхана, эсвэл өрөө рүүгээ гүйлдэнэ. Гэхдээ хүссэндээ биш л дээ. Хурдхан энэ муухай вирусээр салж, энх цагийг авчрахын төлөө л тэгдэг байсан.
Дэлгүүрт хүмүүс хоорондоо 3- 4 хүний зайтай дугаарлан зогсож, биеийн халуунаа шалгуулсаны дараа орж өөрт хэрэгтэй юм аа авна. Тэгээд шууд гэртээ харьцгаана. Бусад үед гэрээс гарахгүй.
Тэгж байж Хятадууд ядаж улс дотроо энэ вирусын #халдварыг_хяналтандаа авч чадсан. Монголчууд минь олон өөр орны хүмүүсийн туршлагыг харсан болохоор тэвчээртэй байгаарай. Мөн Засгийн газраас тэр цагт тэнд байсан хүмүүс ирж шинжилгээ өг гэвэл яваад очоорой. Битгий нуугдаж өөртөө, өрөөл бусдад зовлон нэмээрэй гэж хэлмээр байна.
М.Цэрэндаваа (Япон)
-Япон улс өнөөдрийн байдлаар коронавирусээс өөрсдийгөө хамгаалах хэд хэдэн зааварчилгаа өгч байна.
- Маскаа тогтмол зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гараа тогтмол угаах, ариутгах
- Хүн ихтэй газруудаар явахаас зайлсхийх
- Хүнсээ долоо долоо хоногоор базаах
- Аль болох нийтийн тээврээр зорчихгүй хувийн унаа, дугуйгаар зорчих гэх зэрэг нийтлэг зөвлөмжийг өгч байна.
Мөн албан байгууллага, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, их сургуулийн оюутнууд, ажилтнуудад өөрийн халуунаа үзэж тэмдэглэх цаас тарааж байгаа. Тухайн цаасан дээрээ тэмдэглэгээ хийснээ үзүүлж, аливаа байгууллагад нэвтэрч байна. Хэрвээ халуунтай бол ажил, хичээлдээ ирэхгүй байхыг зөвлөсөн. Албан байгууллагууд ч гэрээсээ ажиллах боломжийг өгч, зай барьж ойртохгүй байх, хурал цуглаанаа онлайн, дотоод сүлжээгээр хийж байна. Том дэлгүүр, худалдааны төв хаалга бүрийнхээ өмнө халуун үзэх апарат, суурилуулж, гар ариутгах шингэн байрлуулсан. Худалдагчид хамгаалалтын хэрэгслээ сайтар зүүж, кассын урдуур гялгар зүйлээр хамгаалалт унжуулж зөвхөн мөнгө авч, өгөх нүх гаргасан. Бэлэн мөнгийг гараар дамжуулалгүй өгөлцөж, авалцаж байна. Картаар үйлчлүүлдэг бол картаа шургуулах, нууц дугаараа үйлчлүүлэгч өөрөө хийнэ. Коронавирус томуутай хавсарвал аюултай гэж үзсэн учраас Япон улс энэ жил томуугийн вакциныг хүүхэд, хөгшдөд үнэ төлбөргүй хийсэн. Шинэ жилийн үйл ажиллагааг зогсоож, хувцасны дэлгүүрт хувцас өмсөж үзэхийг хориглосон. Гоо сайхны дэлгүүрүүд тестэр бүтээгдэхүүнээ хураасан. Хүнсний дэлгүүрүүд хэрэглэсэн сагсийг ариутгалын бодисоор нэг бүрчлэн арчиж байгаа. Бүх газрууд агаар сэлгэлт хийх зорилгоор хаалга, цонхоо нээлттэй байлгахаар шийдвэрлэсэн.
Э.Дэлгэрмаа (Швед)
-Швед улс халдварын тоо хамгийн өндөр орнуудын тоонд багтаж байгаа ч иргэдээ хувийн ариун цэвэрээ сахиж аливаа зүйлд тайван хандахыг уриалсаар байгаа.Хэвлэл мэдээллийнхэн шийдвэр гарсан тодорхой мэдээллийг л хүргэнэ үү гэхээс сургаар мэдээлдэггүй. Шийдвэр гаргагчид мэдээлэл өгсний дараа албан ёсоор мэдээлдэг. Сөрөг мэдээлэлд иргэдээ автуулахгүйн тулд хариуцлагатай байдаг. Ажлын байр багассанаас гадны гуравдагч орноос мэргэжлийн бус ажиллах хүчний гэрээг зогсоох гэх мэт цагаачдын хуулинд зарим өөрчлөлтүүдийг оруулсан байгаа. Монголчуудын хувьд харьцангуй дархлаа сайтай учир ажилтай нь ажлаа хийгээд явж байна. Албан бус тоогоор 10 мянга гаруй монгол хүн энд амьдардаг. Шведэд ирээд гацсан зарим нэг нь 2-3 удаа ниссэн чартерын онгоцоор бусдын л адил оочер дугаар авч буцаж байгаа.
Дотооддоо урлаг, соёл нийтийн арга хэмжээг хориглож 8 хүнээс дээш олон нийтээр цуглахгүй байх гэсэн дүрэм дагах ёстой. Дэлгүүрт хэт бөөгнөрөл үүсэхгүй байхыг хичээж, хүмүүсч ухамсартай хандаж зай барин дугаарлаж, соёлтой үйлчлүүлж байна. Ресторан баар кафе ч ялгаагүй орон зайн баримжааг баримталж байна. Мөн Шведүүдийн нэг онцлог бол багаасаа бие даах гэдэг зүйлд маш сайн суралцсан. Ихэвчлэн ганцаарчлан амьдраад сурчихсан учраас интернэт шуудан хүргэх үйлчилгээг хэрэглээ болгочихсон. Тиймээс тэдэнд ГЭРТЭЭ БАЙ гэдэг үг тийм ч сонин биш. Хорио цээр гэдгийг бас нээх хүндээр тусгаж авахгүй, угаасаа л тэгэж амьдардаг улс гэж хэлж болно. Монголчуудын хувьд ихэвчлэн буудлын цэвэрлэгээнд ажиллаж байсан ч, аялал жуулчлал, аялал жуулчлал зогссон учраас олон хүн ажилгүй болсон. Гэхдээ монголчууд арай сэргэлэн байдаг учраас өөрсдийгөө ажлаар тасалдаггүй, амиа аргалаад амьдардаг юм.
Г.Эрдэмтэн (Солонгос)
-Солонгост олон арга хэмжээ авч байна. Бид хамгийн түрүүнд гэрээсээ огт гарахгүй, дархлаагаа дэмжих бүхий л аргыг хэрэглэж ирлээ. Зайлшгүй гадагш гарсан тохиолдолд амны хаалт, бээлий, нүдний шилийг заавал хэрэглэж байгаа. Гэртээ ирэхдээ спирт, жавелин, хлорсепт-17, Солонгос лакс, өндөр градустай архи зэрэг аль байгаа ариутгалын бодисоор гадуур хувцасаа шүршиж, мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Мэдээж цонхоо тогтмол нээж агаар салхи оруулж байна. Миний бодлоор БНСУ-д огцом өвчлөлийн тоо нэмэгдсэн нь сая 10 сарын сүүлээр болсон Сүнсний баяраар залуучууд маш олноороо нэг дор цугларсан. Мөн онцгой хөл хорионы шатлалыг багасгаж, цэнгээний газар, сүм хийд, олон нийт цугларах газруудыг нээж эхэлсэн. Энэ нь эрсдэл үүсгэсэн гэж бодож байна. Мөн жилдээ нэг удаа болдог ЭЕШ-г зохион байгуулснаас шалтгаалсан гэж зарим хүмүүс үзэж байгаа. Дүрмээ дагаад ер нь гэрээсээ аль болох гаралгүй, хичээл сургууль, сургалтууд онлайнаар ордог. Ихэнх хүмүүс дэлгүүрээр шууд үйлчлүүлэхгүй хүнсээ онлайнаар захиж хүргэлтээр авч байгаа.
Солонгост одоо авч хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал:
1. KF-94,80 болон эмнэлэгийн 1 удаагийн маск л зүүхийг шаардаж байгаа.
2. Үйлчилгээний бүх газрууд цагийн хуваарийн дагуу 21:00 цаг хүртэл ажиллахаас гадна гадуур удаан хугацаанд суух, хооллох боломжгүй болсон. (Coffee shop-д суух боломжгүй)
3. Хөл хорионы шатлал 3-аас 2.5 руу шилжсэн
4. Маск зүүх зөв аргийг албан байгууллага бүр гадаанаа хадсан. (хамар, амаа бүрэн далдалсан, гадна талаас нь барихгүй байх, зөв эвхэж хаях зэрэг) Маскгүй эсвэл стандарт бус масктай тохиолдол торгууль ноогдуулж байна.
5. Байгууллага, үйлчилгээний газрууд бүгд үйлчлүүлсэн хүн бүрийн мэдээллийг цаг өдөртэй нь тэмдэглэн авч халуун хэмжиж оруулж байгаа. (ихэнх газар гараар бичихээс илүү какао толк апп-тай хүмүүсийн QR кодийг уншуулан авч бүртгэж байгаа)
6. Эрсдэлт бүлэг болох бага насны хүүхэд, сурагчдын өдөр тутмын халууныг дүүргийн эрүүл мэндийн газар руу тогтмол өдөр бүр тусгай апп-р мэдээллэж байгаа.
7. Гудамж талбайд ариутгал тогтмол хийгдэж байна.