ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг “Даймонд” хөлөг онгоц шиг “үхэлд хүргэх шорон” болжээ, Т.Мөнхсайхан сайд аа

O.Admin
2020-12-21

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомттой 32 тохиолдол өчигдрийн байдлаар батлагдаад байна. Өнөөдөр 30 тохиолдол нэмж батлагдав. Ингэснээр тус голомтод нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна.  Тус эмнэлгээс голомттой анхны 2 тохиолдол нь 2020.12.16-нд бүртгэгдсэн. Тухайн хоёр иргэн эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарсан. Харин эмнэлэгт хэвтэснээс хойш 4-5 хоногийн шинжилгээгээр халдвар илэрсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн юм. Гэвч нэг иргэн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан байхад нь очиж шинжилгээ авсан гэх мэдээлэл бий. Үүнээс хойш тус эмнэлгийн хаалгыг цоожилч, эмнэлгийн ажилчдыг гэрт нь хариулалгүй тусгаарлав. Яг л “Даймонд” хөлөг онгоц шиг үйл явдал Баянзүрх дүүргийн эмнэлэгт өрнөсөн юм.

Японы Йокогама боомтын орчимд хорио цээрт орсон “Даймонд” аяллын хөлөг онгоцны нэг зорчигчоос коронавирусийн халдвар илэрснээс “үхэлд хүргэх шорон” болж хувирсан юм. Учир нь онгоцны зорчигч, ажилчдыг Японы тал буулгахаас татгалзаж, онгоцон дээр нь тусгаарлав. Дээрх хөлөг онгоцыг 14 хоногийн хөл хорионд оруулснаар халдвар авсан хүний тоо 542-т хүрч, эцэст нь зорчигчдыг шилжүүлэн буулгахаар шийдвэрлэж байлаа.

Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоогоод 4 хонож байна. Энэ хугацаанд 62 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэв. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай хэмээн эрүүл мэндийн байгууллагын ажилчид хэлж байна. Эмнэлэгт нийт өвчтөн, эмнэлгийн ажилтан гээд нийт 449 хүн байсан. Тэднээс хүүхэд болон зарим насанд хүрсэн иргэдийг тусгаарлах байранд шилжүүлж эхэлсэн байна.

Мөн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эмч, эмнэлгийн ажилчид дүүрэг болгонд амьдардаг, нилээд өргөн хүрээтэй халдвар алдлаа” хэмээв. Үнэндээ дүүргийн эмнэлгийн бариач, сувилагч нар тасгуудаар явсан, мөн гэртээ харьсан гэх мэдээлэл байгаа юм. Тэд нараас мөн халдвар илэрсэн.

Одоогоор халдвар авсан хүмүүсийн 12 нь дүүргийн эмнэлгийн эмч, ажилтан бол 6 нь сахиур. Харин 8 нь 2020.12.11-16-нлд тус эмнэлгээр үйлчлүүлээд эмнэлгээс гарсан иргэд гэдгийг А.Амбасэлмаа эмч тодотгосон. Ийнхүү тус эмнэлгээр үйлчлүүлсэн, орсон гарсан хүмүүс хэдийнэ нийслэлээр тархсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эл голомт хяналтаас гарсан байж болзошгүй.

ХӨСҮТ хүртэл эрсдэлтэй нөхцөл байдалтай байгааг эмчлүүлэгчид нь хэлэх болсон. Тэр бүү хэл, Цэргийн төв эмнэлэг рүү халдвар авсан иргэдийг нүүлгэн эмчлэх тухай хүртэл яригдаад амжсан гэх мэдээлэл бий.

Сүрьеэгийн тасгийн сувилагч халдвар авсан бөгөөд халдвар хамгааллын дэглэм алдсанаас гэдгийг А.Амбасэлмаа эмч тайлбарласан. Хэдийгээр ХӨСҮТ-д нөхцөл байдал хүндэрсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас албан ёсоор үгүйсгэж байгаа ч эмчлүүлэгч болон ажилчдын хэлж байгаагаар байдал тун хүнд байгаа аж.

 

...Ажлаа авсан даруйдаа халаа сэлгээ хийж, томилолтоор ажиллахдаа улаан хивсэн дээгүүр алхсан нь салбарынханд нь таалагдаагүй. Ямартаа бас нэг “Хойд Солонгосчин” гэх алдарыг хүртээд байсан юм. Тэгвэл өдгөө салбарынхан нь түүнийг “Эмнэлгийн захирал бол эмнэлгийн захирал л байдаг юм” байна хэмээх болжээ. Нэг байгууллагыг удирдан чиглүүлээд явах чадвар байж болох ч салбар толгойлох хэмжээний менежер биш гэж дүгнэсэнийх...

 

Ийнхүү эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндэрч байхад Эрүүл мэндийн сайд телевизийн нэвтрүүлэгт оролцож, цахим хурал, тусламжийн бараа авсан зургаараа өөрийгөө рекламдаж явна.  Уг нь мэргэжлийн хүн томилогдлоо хэмээн Т.Мөнхсайханыг алга хавсран хүлээн авч байсан ч удалгүй энэ сарнисан юм. Ажлаа авсан даруйдаа халаа сэлгээ хийж, томилолтоор ажиллахдаа улаан хивсэн дээгүүр алхсан нь салбарынханд нь таалагдаагүй. Ямартаа бас нэг “Хойд Солонгосчин” гэх алдарыг хүртээд байсан юм. Тэгвэл өдгөө салбарынхан нь түүнийг “Эмнэлгийн захирал бол эмнэлгийн захирал л байдаг юм” байна хэмээх болжээ. Нэг байгууллагыг удирдан чиглүүлээд явах чадвар байж болох ч салбар толгойлох хэмжээний менежер биш гэж дүгнэсэнийх.

Хэрэв тэр сайн менежер бол эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа хүртэл амрах ажиллах зохицуулалтыг эхний ээлжинд хийх байсан биз. Өдгөө эмч нар ажлын ачааллаа дийлэхгүй, ядарч, сульдсандаа халдвар хамгааллын дэглэм алдаж халдвараар өвчилж байгааг А.Амбасэлмаа эмч онцолсон. Манай улсын нийт эмч, ажилтнуудын 1.9 хувь нь халдварт өртсөн. Мэдээж дэлхийн бусад орнуудтай харьцуулбал энэ нь байх зүйл мэтээр тайлбарлана билээ.

Монгол Улс дэлхий дахинд тархаж, хилийн цаана хаалга тогшин байгаа халдварыг дотооддоо алдаагүй 10 сар болж чадсан юм. Энэ нь тухайн үеийн сайн менежерийн гавьяа. Харин өнөөдөр мэргэжлийн гэх тодотголтой Т.Мөнхсайхан сайдаас тэр хэмжээний чадвар, сэтгэл өнгөрсөн хугацаанд харагдсангүй. Түүнд энэ хэмжээний туршлага ч дутагдаж байгаа нь илт.

Хэрэв сайдын хэлээд байгаа оргил үетэй нийтээрээ нүүр тулбал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй, эмч, ажилчдын дутагдалд орно. Иймээс тэр үеэс урьтаж Т.Мөнхсайхан сайд та ажлаа өгч, сайн менежертэй болгосон дээргүй юу.