ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхөлөг: Хөл хорионы үеэр залуу хосууд, өсвөр үеийнхэн сэтгэл зүйн зөвлөгөө авах нь ихэссэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-29

Иргэд гэрээсээ гаралгүй хөл хорионд байхын хэрээр  бухимдах, стресстэх асуудал цөөнгүй байгаа билээ. Тэгвэл  энэ үеэр үеэр сэтгэл зүйгээ хэрхэн удирдах, гэр бүлээрээ хөл хорионы хугацааг хэрхэн өнгөрүүлж болох талаар мэргэжлийн Сэтгэл зүйч Б.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Коронавирусийн халдвар дотоодод гарч нийгмээрээ айдастай байна.  Хөл хорионы үеэр хувь хүн ер нь сэтгэлзүйгээ хэрхэн удирдах ёстой талаар ярилцлагаа эхлүүлье?

-Юуны өмнө хүн өөрийн биеийн дархлаагаа дэмждэг шиг сэтгэл зүйн дархлаагаа ч гэсэн хамгаалж байх хэрэгтэй. Сэтгэл зүйн дархлаа гэдэг нь хүнд саад бэрхшээл, тохиолдож болох янз бүрийн асуудлууд тулгарахад түүнийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэж байгаа эсэхээс шууд хамааралтай гэсэн үг юм. Товчхондоо бол стресс, бухимдалд орохгүйгээр асуудлыг шийдвэрлэх чадвар юм. Хүний бие гаднаас ханиадны вирус авлаа гэхэд тэр хүний дархлаа сайн бол нэг их өвдөхгүйгээр эдгэрдэгтэй адил зүйрлэж болох юм. 

Тухайн үеийн мэдрэмжинд буюу айдаст төвлөрөх бус тэр асуудалд ул суурьтай хандаж гарц гаргалгааг нь олж харж чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь, янз бүрийн үнэн, худал мэдээ мэдээллийг шууд ЯАНА АА гэж хүлээж авахгүйгээр мэдээний эх сурвалж үнэн эсэх, өөрт тийм хамаатай асуудал мөн үү гэдгийг тунгаах хэрэгтэй гэсэн үг юм. Ирсэн юм явдаг, эхэлсэн зүйл дуусдаг нь хорвоогийн жам хойно хөл хорио дуусаж, удахгүй энэ өвчний вакцин нь ч гарна. Эргээд бүх зүйл хуучин хэвэндээ орно. Харин тэр үед та гэртээ байх цаг хугацаагаа зүгээр л айдаст автан өнгөрүүлсэн байх вий гэдгээ бодох хэрэгтэй. Тиймээс гэр бүлээрээ хамтдаа сайхан цагийг өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйгээ төсөөлж, төлөвлөх сайхан боломж гэж хүлээн авах хэрэгтэй.

-Цахим орчинд таатай,  таагүй мэдээлэл их  гарч байна.  Худал мэдээлэлд  автаж, түүнээсээ болоод бухимдах нь нийтлэг юм. Мэдээллийг хэрхэн шүүлтүүртэй авч сурах вэ?

-Яг тийм. Хүмүүс гэртээ байх хугацаандаа олон нийтийн сүлжээнд цагийг их өнгөрүүлж байна. Маш олон мэдээллийн суваг, сайтууд янз бүрийн мэдээлэл гаргаж байна. Гол нь үнэн бодит мэдээлэл хүргэдэг сувгаас тоймтой чухал мэдээллийг сонсоод бусдыг нь алгасаарай гэж зөвлөе.  Ер нь хүний тархи гэдэг сөрөг мэдээллийг соргог хүлээн авч, автахдаа амархан. Бас тэр муу зүйлийг цааш нь ургуулан боддог. Болоогүй зүйлийг болох гэж байгаа юм шиг бодно. Өөрт нь тохиолдвол яана аа гэж бодно. 

Тэгээд хүний бие сөрөг үйлдэл үзүүлж стресстэнэ,  уурлаж бухимддаг. Цаашилбал хүний биеийн дархлаа сулардаг муу талтай. Та хийх дуртай зүйлсээ хийж, гэр бүлийнхэнтэйгээ мэдрэмж бодлоо байнга хуваалцаж гэртээ байхдаа ч гэсэн тогтмол дасгал хөдөлгөөн хийж өөдрөг байснаар таниас зөвхөн аз жаргалыг даавар л ялгарна гэсэн үг юм. Байнга худал, дэвэргэсэн мэдээлэл оруулдаг сувгийг дагахаа болих цааш нь репорт хийх ч юмуу арга хэмжээ авснаараа өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж чадна.  Мөн хүүхдүүдээ байнга анзаарч гар утасны хэрэглээг нь шалгаж хэнтэй харилцаж байна, юу үзэж харж байна гэх зэрэг анхаарлаа хандуулдаг байх хэрэгтэй. Томчууд бид мэдээлэлд шүүлтүүртэй хандаж болох ч хүүхдүүд чадахгүй учраас тэдэнд зааж зөвлөж ойлгуулж байх   нь чухал юм.  

-Бухимдсан таагүй зүйлсээ ч сэтгэлийн хөөрлөөр цахим орчинд илэрхийлж байна. Энэ нь бас л нийгэмд сөргөөр нөлөөлдөг байх?

-“Хувь хүн өөрийгөө удирдаж чаддаг ухамсартай боловч олон нийт буюу масс болоод ирэхээрээ удирдах чадваргүй болдог” гэдэг үг байдаг.  Тиймээс хувь хүн өөрөө ухамсартай байж ямар ч үед олон нийтийн сүлжээнд бусадтай сөргөлдөх, хэрэлдэх зэрэг үйлдэл гаргахгүй л байх хэрэгтэй.

Цахим орчин дахь хэрүүлд ялагч гэж үгүй. Хүн өөрийн бухимдлаа цахим орчинд нийтлэх нь тухайн хүний эрх ч гэлээ хэт нэг талыг барьсан, олон нийтийг айдаст автуулсан мэдээ нийтлэх, хүнийг доромжлох зэрэг үйлдэл гаргах нь буруу. Эцэг эхийн хараа хяналтгүйгээр маш олон хүүхдүүд цахим орчинд томчууд бидний үг, үйлдлийг хараад байж байгааг бас бодолцох хэрэгтэй болов уу. Энэ үед л мэргэжил нэгт сэтгэл зүйч нар болон бусад хувь хүний хөгжлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг газрууд идэвхтэйгээр эерэг байх талын сургалтууд олноор хийх хэрэгтэй гэж бодож байна.

Мөн төрийн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон нийтийг соён гэгээрүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чиглэсэн теле хичээл, сургалт сурталчилгааг тасралтгүй хийж  байх хэрэгтэй л дээ.

-Энэ хугацаанд танд хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь ямар асуудлаар холбогдож,  зөвлөгөө авч байгаа вэ?

-Хөл хорионоос өмнө ажлын ачаалал, стресс, асуудалтай хүмүүс ихэвчлэн хандаж байсан бол одоо гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хосын зөвөлгөө их авч байна. Мөн аав ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа өсвөр насны хүүхдүүд болон залуу хосууд их хандаж байна.

 -Гэр бүлийн сэтгэл зүйн боловсролд манай монголчууд хэр их анхаардаг вэ. Энэ  нийгэмд байх ёстой юу. Эсвэл нийгмээ дагаад  урсгалаараа байх ёстой юу?

-Монголчууд бид гэр бүлийн харилцааны өв уламжлан ирсэн соёл, арга барилаас гадна орчин үеийн гэр бүлийн онцлог харилцааны шинэлэг арга барил аль алиныг нь хослуулж харьцангуй анхааран авч үздэг гэж бодож байна. Өнгөрсөн 11 дүгээр сард “ Хувь хүний хөгжлийн институт” болон мэргэжил нэгт багш нартайгаа хамтраад “LOVE MAKES A FAMILY цогц сургалтын хүрээнд “Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх вэ” сэдэвт сургалтыг 5 өдрийн турш онлайнаар үнэ төлбөргүй явуулсан юм. Манай эцэг, эхчүүд маш идэвхтэй оролцож, гэр бүлийн харилцаандаа анхаарч сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайхан санагдсан. Сургалт маань амжилттай болж 5000 гаруй хүн хамрагдсан.

Сургалтын турш эцэг, эхчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа нь харагдсан.  Цаашдаа ч нийгэмд хэрэгцээтэй эерэг нөлөө үзүүлэх сургалтуудыг тасралтгүй хийх төлөвлөгөөтэй байна.   Айл бүр өөрийн гэсэн харилцааны онцлог, гэр бүлийн гишүүдийн нэгэндээ хандах хандлага өөр өөр байдаг ч бүх өрх айлд хамаатай харилцааны чухал зүйл бол гэр бүлийн гишүүн бүр нэгэндээ хүндэтгэлтэй хандах хандлагаас л гэр бүлийн харилцаа эхэлдэг. Хүүхдүүд нь аав ээжээ хүндлэх,  буцаагаад аав ээж нь хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал үзүүлж, хүүхдийнхээ сайныг нь урамшуулж, дутагталтай талыг нь зааж зөвлөж сургаж харилцан сэтгэлээсээ ярилцдаг байх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын үндэс юм.

-Хөл  хорионд орох нь нэг талаас гэр бүлээрээ хамт байх боломж олгож байна. Энэ хугацааг  гэр бүлээрээ хэрхэн өнгөрүүлэх вэ. Эцэг,  эхчүүд хүүхэддээ цаг гаргах маш том боломж шүү дээ? 

-Яг тийм. Энэ хөл хорионы үе бол тэр болгон олдоод байдаггүй боломж гэж харах хэрэгтэй. Учир нь ихэнх гэр бүлүүд хамтдаа 24 цагийг өнгөрөөж байна. Энэ өдрүүдийг хамтдаа хөгжилтэй, аз жаргалтай өнгөрүүлж нэг нэгнийгээ бүр илүү дотно ойлгож, мэдэрч чадвал сайхан.  Үр дүнтэй аз жаргалтай өнгөрүүлэх удирдан чиглүүлэх нь зөвхөн аав ээжийн гарт байна гэж ойлгож байна.  Үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулж, хамтдаа хийж хэрэгжүүлэх зүйлсийн тоог нэмэх хэрэгтэй. 

Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд дараах энгийн бяцхан аргуудыг хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Нэгдүгээрт, хүүхдийг нас нь жаахан гэлтгүй гэр орны жижиг сажиг ажил хийлгэж зааж өгч, чадаж байгааг нь урамшуулж байх. Эхлээд хүүхдүүд залхуу нь хүрээд хойрго хандаж болох ч хүүхдүүд өөрөө хийж чадаад магтуулаад ирэхээрээ онгирч баярлаад хийх дуртай болдог. Жишээ нь, өглөө оройдоо ороо засах, хураах, хоол хийхэд туслах, угаасан хувцас тээлгүүр дээр тавих, тоос сорох гэх мэт. Гол нь хүүхдээ хийх болгонд нь магтах хэрэгтэйг санаарай.

Хоёрдугаарт, орчин үеийн бүжгийн хөдөлгөөн хамтдаа хийж сурах. Тэр нь хэсэгхэн ч байсан болно шүү дээ. Гуравдугаарт, гэрийнхээ зургийн цомогт салхи оруулж гэр бүлээрээ суугаад удаан гэгч нь нэгбүрчлэн үзээрэй. Ингэхдээ хүүхдүүддээ зураг авахуулсан үеийнхээ талаар ярьж өгсөн ч болно. Дөрөвдүгээрт, хүүхдийнхээ гар утсаар тоглодог тоглоом, үздэг зүйлийнх нь талаар үнэн сэтгэлээсээ сонирхож асууж хамтдаа нэг тоглоод үзээрэй. Хүүхэд тань дуртай зүйлийг нь аав ээж нь тоож анхаарч байгааг хараад баярлах нь лавтай.

Тавдугаарт, хааяа зочны өрөөнийхөө газар том  ор засаад хамтдаа унтаарай. Гэрлээ унтраагаад унтахаар хэвтээд жаал юм ярьсан ч болно шүү дээ. Зургадугаарт, гэрийнхээ тавилгын байрлалыг хамтдаа солиод үзээрэй. Долдугаарт, хоолоо идэхдээ энд тэнд тусдаа суулгүй бүгдээрээ хамтдаа суугаад хооллож байгаарай. Хамтдаа хооллох нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.

-Хөл хориог зөвөөр ашиглаж чадахгүй гэр бүлд зарим талаар сөрөг  байдлыг үүсгээд байх шиг. Хятадад хөл хорионоос болж олон гэр бүл салж байсан  гэсэн судалгаа бий. Манайд  хүчирхийлэл их гарч байна гэж мэргэжлийн байгууллага хэлж байна.  Энэ асуудлыг  гэр бүл хэрхэн давж гарах ёстой вэ? 

-Тийм ээ, сонссон юм байна. Ер нь бол хөл хорио байхгүй үед эхнэр нөхөр хоёр өдөр нь ажлаа хийгээд оройдоо л нэг уулзаж ядарсан болохоор хоол ундаа идээд унтана. Маргааш нь дахиад давтагдана. Гэтэл одоо бол хоногийн 24 цаг бие биенээ харж, харилцаж байгаа болохоор хүн болсон хойно уйдна, санал нийлэхгүй зүйл маш олон гарна. Урьд нь анзаарч харж байгаагүй дутагдалтай зан, чанар нь ил гарна тэрнийг нь мэддэг болно. Бас өдөр бүр давтагддаг гэр орны дуусдаггүй ажлаас болоод чи хийсэнгүй, би хийсэн гэж маргалдах гэх мэт харилцааны таагүй байдал үүсгэж байгаа шалтгаанууд байна.

Үүнийг хэрхэн даван туулах ёстой вэ гэвэл сэтгэл зүйн үүднээс бол нэгэндээ буулт хийж ярилцахаас л эхлэнэ гэсэн үг. Хосуудын маргааны ихэнх  хувь нь ялихгүй жаахан зүйлээс л болсон байдаг. Гэвч уг шалтгааныг нь ухаад үзвэл тэр жижиг шалтгаан биш урд  нь олон давтагдсан тэрийгээ ярилцаж ойлголцож чадаагүйгээсээ болоод хуримтлагдаж нэг л өдөр тэсэрдэг. Бүр их хэрүүл маргаан болно гэсэн үг юм. Тэгэхээр хосууд хамгийн түрүүнд үл ойлголцох асуудлаа шийдвэрлэхэд нэн тэргүүнд  буулт хийж сурах хэрэгтэй. Мөн асуудал гарвал жижиг гэлтгүй тухай бүрд нь ярилцаж ойлголцох юм. Гэхдээ зарим хосууд “бид хоёр зөндөө ярилцсан тэр нь үр дүнгүй өөрийгөө өмөөрөөд дуусдаг” гэж ярьдаг.  Яг цааш нь асуугаад үзвэл ярилцаагүй дахиад л хэрэлдсэн байдаг.  Ярилцахад тухайн үеийн орчин бас дууны өнгө маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөөлөн дотно дуу хоолойгоор ярьж нэгнийгээ ярьж байхад нь таслалгүй яг юу хүсч байгааг нь тэвчээртэй сонсож ойлгож  байх нь зөв. Чи л зөвхөн яриад байх биш харилцан ярилцана гэсэн үг юм. Эдгээрийн дараа хосуудын харилцаанд хамгийн чухал зүйл бол тэвчээр юм. Нэг нь жаахан уурлах, сэтгэл санаа тавгүй байх үед нь тэврээд үнсэх, үгээр аргадах, зарим үед тэрхэн үеийг тэвчээд дуугүй өнгөрчихвөл тэгээд л тэр асуудал намжчихдаг. Цаашаа даамжирч асуудал томрохгүй гэсэн үг л дээ. 

-Гэр бүлийн хэн нэгэн нь хөдөө ажиллаад ирэх боломжгүй хөл хорионд орсон  хосууд ч их байна. Хол байхаар  бас л  уурлаж бухимдах,  хүүхэддээ тэр уураа гаргах асуудал ч бий. Үүнд  та зөвлөгөө өгөөч?

-Хөл хорио дуусна. Эргээд энх тунх уулзана гэдэгтээ л итгэж оюун бодлоо өөрөө удирдах хэрэгтэй. Тэгэхийн тулд тухайн үеийн мэдрэмждээ төвлөрөх бус хийж байгаа зүйлдээ төвлөрөх эсвэл ирээдүйд хайртай хүнтэйгээ удахгүй уулзах тэр сайхан өдөрт төвлөрсөн ч болно. Бас өөрийгөө завгүй байлгаж идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Хийх дуртай зүйлсээ бүгдийг жагсааж бичээд нэг, нэгээр нь хийсэн ч болно. Улмаар хоорондоо өдөр бүр ярьж, бичиж бие нь хол байгаа ч гэсэн сэтгэлээрээ хамт байгаагаа мэдэрч болно шүүдээ.

-Ганц бие хүмүүс хорионд сэтгэлзүйн хувьд хэцүү байна гэж цахим орчимд тоглоом шоглоом болгож байгаа ч,  бодит байдал дээр үнэн шүү дээ. Тэдэнд та юу гэж зөвлөх вэ?

-Тийм ээ. Ганц бие хүмүүс бас сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их холбогдож байгаа шүү. Тэгэхээр  дээр бас дурьдсанчлан одоо байгаа мэдрэмжинд төвлөрөх бус ирээдүйд юу хүсч, зорьж тэмүүлж байгаа тэр зүйлдээ төвлөрч, одоо байгаа цаг хугацаагаа тэр зорилгоо биелүүлэхэд зарцуулах хэрэгтэй. Энэ нь ирээдүйг сайн сайхнаар төсөөлж хайртай хүнтэйгээ учрах тэр сайхан өдөр нэг л өдөр ирж таарна, тэр болтол өөрөө эрүүл саруул байж, хийж буй ажилдаа амжилт гаргаж зорилгодоо хүрэхэд л анхаарлаа хандуулаарай гэсэн санаа юм. Энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьж болох  өргөн  асуудал учраас ийм асуудал тулгарч, сэтгэл зүйн зөвөлгөө авахыг хүсч байгаа хүн байвал надтай шууд холбогдож болно.

-Цахим сургалтынхаа талаар мэдээлэл өгөөч. Сургалт авахыг хүссэн хэн бүхэн таньтай холбогдож болох уу. Ямар чиглэлээр сургалт өгч байгаа вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө авах болон сургалт семинарт оролцохыг хүссэн хэн бүхэн надтай холбогдоход нээлттэй байгаа гэдгийг энэ дашрамд хэлье. Надтай холбогдохыг хүсвэл “Сэтгэл зүйч Б.Ганхөлөг” гэсэн фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой.