ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жирэмсэн эмэгтэйг 100 мянган төгрөгөөр цохиж болно”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Д-г  /27 настай эмэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 20:50 цагийн үед  гэртээ бага насны охинтойгоо хамт байхад нь мөн хорооны иргэн  Г  хаалгыг нь тогшиж, гэр рүү нь ямар нэг шалтгаангүйгээр нэвтрэхийг завдаад зогсохгүй, хөршүүдээсээ тусламж гуйн хашгирахад нь  толгойн тус газарт нь нэг удаа хүчтэй цохиж,  хөнгөн гэмтэл учруулжээ.

Тухайн үед Г нь архидан согтуурсан байсан бөгөөд иргэн Д-г  төрөх дөхсөн жирэмсэн, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсэн, харсан атлаа үүгээр нь далимдуулан зүй бус авирласан байгаа юм. Хохирогч уг этгээдийг танихгүй. Мөн холбогдогч этгээд тухайн хэргийг бичсэн хяналтын дүрс бичлэгийн камерыг эвдэж, нотлох баримтыг устгахыг завджээ. Түүнчлэн, хорооны цагдаад өгсөн мэдүүлэгтээ холбогдогч нэг удаа цохисон гэдгээ хүлээсэн байна.

Гэтэл энэ хэрэгт Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрөх гэнэ.  Өөрөөр хэлбэл, нэг удаа цохиулахад хохирогчийн биед харагдах ноцтой гэмтэл учраагүй бол хэргийг Зөрчлийн хуулиар зохицуулдаг аж.

Ингэснээр дээр дурьдсан хэргийг Зөрчлийн хуулийн 5.3.1-ийн “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэнэ хэмээн хорооны цагдаа хохирогчид танилцуулжээ.

Гэтэл хэргийн сэжигтэн хохирогчийг гэртээ байхад нь буюу оройн цагаар халдашгүй байдалд нь халдаж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан. Түүнчлэн, хөдөлмөрийн чадвараа түр алдсан байх хугацаанд нь буюу  жирэмсний амралттай байхад нь биеэ хамгаалах чадваргүй гэдгийг нь мэдсээр байж толгойн тус газарт нь цохиж гэмтээсэн нь Зөрчлийн хуульд огт хамаардаггүй гэнэ.

 Учир нь Зөрчлийн хуульд “Хүн” гэж зааснаас бус тухайн хүн буюу хохирогч нь  ямар нөхцөл байдалтай, биеэ хамгаалах чадвартай байсан эсэх нь хамаагүй юм байна.

Дэгсдүүлж хэлбэл, төр хуулийн дагуу 100 мянган төгрөг “хожиж”, зодуулсан хохирогч ямар нөхцөл байдалд байсан гэдгээсээ үл хамааран давхар хохирох хачирхалтай хууль Монголд үйлчилдэг ажээ.  Мөнгөтэй, торгууль төлөх чадвартай хүн бол хэний ч хаалгыг хэдэн цагт ч хамаагүй тогшиж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, бүр айлгаж ичээн, ганц нэг удаа гар хүрэхэд Монголын хууль хохирогчийн бус, холбогдогчийн талд үйлчлэх болж байна.

Дээр дурдсан хэргийн улмаас хохирогч эмэгтэйн зүүн хацар хавдаж, хөхөрснөөс гадна толгой нь доргиж, хэдэн өдрийн турш өвдсөн гэдгийг бидэнд ярьсан юм. Зөрчлийн гэх “Зөрчилтэй” хууль хэнийг хамгаалж байна вэ. Одоо мөрдөгдөж буй заалтаар бол  “Жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, биеэ хамгаалах чадваргүй хэнийг ч  100 мянган төгрөгөөр цохиж болох нь”.