НӨАТ-ын урамшууллын сугалаагаанаас цөөн хүн азтан болж байна гэх олон нийтийн шүүмжлэлээс үүдэж энэ оны дөрөвдүгээр сарын 18-наас сугалааг зогсоосон. Сугалааг зогсоож, НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт үргэлжилж байгаа хэдий ч дөрөвдүгээр сараас хойш төлбөрийн баримтын баталгаажуулалт буурчээ. Иймээс сугалаат урамшууллыг эргэн сэргээж, иргэдэд илүү ил тод, хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг болохоор Сангийн яамнаас системийн шинэчлэлийг эхлүүлжээ.
2015 онд НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн, урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш сард дунджаар баримт баталгаажуулалт 64 хувьтай байдаг байсан бол сугалааг зогсоосон үе буюу энэ оны долоодугаар сард энэ үзүүлэлт 50 хувьтай гарчээ. Тэр дундаа бага буюу 10 мянган төгрөг хүртэлх үнийн дүн бүхий НӨАТ-тай баримт баталгаажуулалт энэ оны гуравдугаар сард 61 хувь байдаг байсан бол сугалааг зогсоосон үе буюу энэ оны долоодугаар сард 32 хувь болж бараг 50 хувиар буурчээ. Иймээс нөат-ын сугалаат урамшууллыг дахин эхлүүлэх, ингэхдээ иргэдэд сугалааны үйл явц, шалгаруулалтыг ил тод нээлттэй байдлаар хүргэх, олон баримт шивэх тусам сонгогдох магадлалыг нэмэгдүүлэхээр системийн шинэчлэлийг хийж байгаа гэлээ.
Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн "Өмнө нь зарим сард зарим хонжвор таардаггүй байсан. Бид сар бүр шагналын сан бүрэн тараагддаг байх байдлаар төлөвлөж байна. Мөн иргэд илүү их баримт бүртгүүлэх тусам хонжворын тоо нэмэгддэг байхыг бид судалж байгаа. Сугалааны тохирол явагдах үед иргэдэд тохирол харагддаг байх боломжийг үүсгэхээр судалж байна" гэв.
Үүнээс гадна орон нутгийн идэвхжилийг нэмэгдүүлэхээр иргэний сугалааны тохирлын дүн дээр тухай харьяа аймгийн баримт баталгаажуулалтын өсөлтийн хувийг нэмж олгох асуудлыг шинэчлэлийн хүрээнд судлаж байгаа юм байна. Иргэдийн хувьд НӨАТ-ын сугалааг дахин явуулах хүсэлтийг засгийн газрын 1111 төвд ихээр ирүүлж байгаа учраас системийн шинэчлэлийг есдүгээр сард баталгаажуулсан баримтад үндэслэн 10 дугаар сараас эхлүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ сангийн яамны зүгээс хэлж байна. Сугалааг дахин эхлүүлэх хүсэлтэй хэсэг байхад, НӨАТ-ын буцаалтын хоёр хувийг нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд ч байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед буцаан олголтын хувийг нэмэх нь өндөр хэрэглээгээ дэмжсэн бодлого болно гэж Сангийн яам үзэж байгаа гэлээ.
Жилдээ НӨАТ-ын сугалаанд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг бол хоёр хувийн буцаан олголтод 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Тэгэхээр одоогийн төсөв, эдийн засгийн нөхцөл байдалд буцаан олголтын хувийг нэмэх боломжгүй гэж албаны хүмүүс хэлж буй. Сугалаат урамшуулалт хөтөлбөрийг дэлхийн 20 гаруй улс хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсуудад төсөвт төвлөрөх НӨАТ-ын орлого 10-75 хувиар өсөж, аж ахуй нэгжүүдийг орлого нуун дарагдуулахаас урьдчилан сэргийлж, эцсийн хэрэглээний бүртгэл сайжирсан зэрэг олон эерэг нөлөө үзүүлсэн байна.