ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Тэлмүүн: Их баримт уншуулах тусмаа сугалаанд хожих магадлал ихэснэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-25

Татварын ерөнхий газрыг НӨАТ-ын буцаан олголтоо ядахдаа 5 хувьд хүргэх ёстой гэсэн эсэргүүцлийг иргэд тавьж, УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн барьсны дараа урамшууллын систем буюу сугалааг Сангийн яамнаас зогсоогоод байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд сугалаанд хожих гэж баримтаа бүртгүүлж байсан иргэд баримтаа бүртгүүлэхээ больж, дэлгүүр аж ахуйн нэгжүүдээс нэхэж авахаа больсон төдийгүй баримт бүртгүүлэлт 50 хувиар буурчээ. Тиймээс сугалааны системийг эргээд сэргээж, илүү боловсронгуй болгохоор шийдсэнээ өнөөдөр Сангийн яамнаас танилцуулсан. Тэгвэл Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Сугалааны тохирлыг иргэд мэдэж байгаа байх. Зарим саруудад супер хонжвор тохирдоггүй. Математик магадлалаараа зарим саруудад тохирохгүй байх магадлал байсан. Одоо бол яг тухайн сард хэвлэгдсэн, иргэд баталгаажуулсан баримт дунд сугалаа явуулна. Иргэд их баримт уншуулах тусмаа хожих магадлал ихэснэ. Зөвхөн тухайн сард уншуулсан бүх баримт дунд сугалаа явуулна. Зургадугаар сараас хойш сугалааны тохирлоор урамшуулал олгох ажлыг түр зогсоосон.

\Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ямар алдаа оноо байв, энэхүү систем нь өөрөө татварын бүртгэл, далд эдийн засгийг бууруулах зорилгод ямар үр нөлөөтэй байсан талаар дүн шинжилгээ хийлээ. Мөн эргэж сэргээх бэлтгэлээ ч хангалаа. Гурван зүйлийг анхаарлаа. Иргэдийн идэвхид үндэслэсэн байх, сугалааны тохирол яаж явагддаг талаар ил тод байх, Орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зэрэг гурван асуудалд анхаарлаа.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь төсөв талдаа маш их дарамт болно. Жилд НӨАТ-ын орлогоор гурван их наяд төгрөг цуглардаг. Нөгөө талдаа НӨАТ хамгийн шударга татвар болдог. Орлого, хэрэглээ ихтэй иргэд их НӨАТ төлдөг. НӨАТ-ын буцаалтыг нэмэх нь өндөр орлоготой иргэдэд л ашигтай юу гэхээс 1.1 сая гаруй иргэний 80 гаруй хувьд нөлөөлөхгүй. Сард 1000-2000 төгрөг нэмэгдэх л асуудал юм. Тэрний оронд сугалаа нь илүү үр дүнтэй” хэмээжээ.