Монгол Улс эдийн засагт шинэ түүхийг бичиж буй түүхэн тэмдэглэлт өдрийн хамгийн том гэрч нь та бид болж байна. Тодруулбал, өнөөдөр Оюутолгой хэмээх дэлхийд танигдсан мега төсөл жинхэнэ утгаар гараанаас гарч, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлт авчрах томоохон бүтээн байгуулалтуудын шанг татуулан албан ёсоор нээлтээ хийж байна.
Тэр хэрээр, цар тахлын дараах туйлдсан эдийн засагт эерэг мессеж авчрахаас гадна, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын овоо хараанд Монгол Улс бүхлээрээ багтаж, тэднийг Монгол Улс руу урин дуудаж буй сайн үйл явдлыг магтахаас өөр яалтай. Тун удахгүй өмнийн говьд цан дуугарч, Оюутолгой гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг хийж буйгаа зарлах нь ээ.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор, Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох учиртай. Дагаад Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой юм. Оюутолгойгоос олборлох бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх нь ээ.
Гэхдээ оргил үеийг нь 2028-2036 он гэж тооцож буй. Харин 2023-2024 оны хооронд 25 орчим хувь, 2025 оноос эхлээд экспортын орлого нь тодорхой хэмжээгээр нэмэгдсээр, уурхай бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа нь 2028 он хэмээлээ. Оргил үедээ жилд дунджаар 500 мянган тонн зэс, 330 мянган унц алт үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол байгаа. Ингэснээр улсын төсөв дээр маш том татварын орлого буюу 1-1.5 тэрбум ам.долларын орлого орно гэж хүлээж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байгаа юм. Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгойн дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гаднаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх тооцоо гарч буйг ч уншигч танд дуулгая.
Түүгээрч зогсохгүй Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болж буй юм. Сайны хажуугаар саар нь ч мундахгүй байсныг ч энэхүү түүхэн өдөр эргэн санахад илүүдэхгүй биз.
Учир нь одоогоос 13 жилийн яг ингэж л хөөрцөглөж байв. Монголын эдийн засагт тэсрэлт хийх Оюутолгойн орд, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр эхэллээ хэмээн өнөөдрийнх шиг хөл хөөрцөг болж явснаа нуухгүй ээ. Харамсалтай нь Монгол Улсад ирэх үр ашиг тооцоо, судалгаа, гэрээ хэлэлцээрийг үл харгалзан зөвхөн Оюутолгой гэх орд ажиллаж эхэлсэн, дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэгт л нийтээрээ анхаарсан байлаа.
Гэтэл монголчуудын хүртэх хувь, хишгийн талаар маш хангалтгүй гэрээ хийснээс үүдэж Монгол Улс ашиг хүртэх бус эсрэгээрээ татварын өрөнд орж, Дубайн гэрээнээс үүдэн үр ашиггүй зардал, татварын өрөнд унасан харамсмаар гашуун түүх бидэнд бий. Маш их цаг хугацааг бид алдсан. Хэдийгээр энэ төслийг эхлүүлсэн С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг энэ өдөр дурсаж, гавьяаг нь магтмаар байвч гай нь түүнээс ч их байсныг нуух юун.
Оюутолгойн ордын тойрсон 10 гаруй жилийн хугацаанд өрнөсөн хэрүүл, маргаан, улстөржилтийг өнөөдрийн билэгт өдрөөр бичих нь илүүц ч гэлээ эргэн сануулахад гэмгүй санагдана. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдсан нь үнэн.
Үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарчхаад байсан нь бас үнэн.
Угтаа, олон улсын шүүхийн маргаан, дотоодын улстөржилт гэх мэтээр Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь ч бас бодит үнэн билээ.
Тэгвэл энэ бүх зүйлийг товч, тодорхой, эрэмбэтэй, дэс дараатай, нээлттэй, ойлгомжтой байдлаар цэгцэлж, Монгол Улсад ашигтай хувилбараар шийдээд зогсохгүй эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулж чадсан хүн бол өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг нь ч бас үнэн.
Тэрбээр, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа энэхүү мухардмал нөхцөл байдлаас гарахын тулд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолыг батлахын төлөө ажиллаж, түр хороо, Засгийн газрын ажлын хэсгийг ахалж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээрийг нэн амаргүй нөхцөлд үргэлжлүүлсэн.
Тиймдээ ч удтал яригдаж, хаалттай, нээлттэй ширээний цаана яригдсан энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өрийг үүсгэхгүй болсон сайн мэдээг дуулгаж байв. Өнөөдөр харин Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна.