ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхбаяр: Монгол Улсын экспортын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-13

Эдийн засагч Н.Энхбаяраас Оюутолгойн гүний уурхайн нээлттэй холбоотой Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар байр суурийг нь сонирхлоо.

-Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Одоогоос 45 жилийн өмнө Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, арав гаруй жилийн өмнө Оюутолгойн ил уурхай, харин өнөөдөр гүний уурхай ашиглалтад орж байна. Энэ бол монголчуудын хувьд түүхэн болон баяртай үйл явдал.  

-Гүний уурхайн олборлолт эхэлснээр эдийн засагт ирэх үр өгөөж нь хэр байх вэ?

-2012 оноос хойш Оюутолгойн ил уурхайн олборлолт үргэлжилж байна. Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалт, татварын үйл явц өрнөлөө. Өнөөдрөөс далд уурхайгаас хүдрээ аваад эхлэхээр баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ашиглах боломж бүрдэж байна.

Нийтдээ Монгол Улсын экспортын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ. Валютын нөөц нэмэгдэнэ. Зах зээлд ам.долларын ханш тогтворжиход хамгийн их өндөр нөлөө үзүүлнэ.Монгол Улсын эдийн засаг жижиг. Ихэвчлэн уул уурхай давамгайлсан байдаг шүү дээ. Өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн онцлох зүйл нь уул уурхай дагасан бүтээн байгуулалт, эдийн засаг урт удаан хугацаанд үргэлжилдэг гэдгийг харлаа. 1990 онд геологичид Оюутолгойн ордыг илрүүлж байсан.

30 гаруй жилийн өмнө тогтоосон геологичдын бүтээн байгуулалт өнөөдөр яг байрандаа байна шүү дээ. Монголчууд өнгөрсөн хугацаанд тодорхой бус  амаргүй цаг хугацааг туулсан ч төслөө амжилттай үргэлжлүүлж чадлаа. Мөн олон улсын зах зээлд Монгол Улсад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ. Тэр хэрээр ханш нь өснө. Цаашид гадны зах зээлд үнэт цаас гаргахад амжилттай байна гэх зэргээр эдийн засагт эерэг нөлөөтэй.

 -Оюутолгойн орд  өнгөрсөн 10 гаруй жилд 34 их наяд төгрөгийг Монголын зах зээлд нийлүүлсэн гэх мэдээлэл байгаа шүү дээ?

-Монгол Улсын экспорт 12 тэрбум ам.долларт хүрч байгаа. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний эзэлж буй жин өндөр буюу 94 хувьтай байна. Зөвхөн үүний 30 гаруй хувь нь нүүрсний экспорт дангаараа эзэлдэг. Зах зээлийн онцлогоос харахад нүүрсний ханш унахад зэсийн баяжмалын үнэ өсдөг. Эдийн засагт маш том тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орд нь банк санхүү, аж үйлдвэрийн салбарт өндөр ач холбогдол үзүүлнэ.

-Уул уурхайн салбар төдийгүй техник, технологийн хувьд өндөр ач холбогдолтой хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэж байна?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн талаар Дэлхийн банкны уулзалтад танилцуулж байсан. Тэгэхэд зочид төлөөлөгчид маш нааштай хүлээж авч байсан. Тэр үед Монгол Улсын эдийн засгийг бүхлээр өөрчлөх том төсөл юм байна гэсэн. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч үүргээ гүйцэтгэж байна. Уул уурхай төдийгүй техник, технологийн хувьд дэвшил авчирч чадна.

-Зэсийн эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд хэр байх вэ?

-Эерэг, сайн мэдээллүүд их байна. Мэдээж дэлхийн зах зээлд байгаль орчинд хор хөнөөл багатай технологийг хэрэглэж байна. Тухайлбал, цахилгаан автомашиныг нэрлэж болно. Үүний гол бүтээгдэхүүн Монгол Улсаас гарч байна шүү дээ. Цаашид эрэлт их байх чухал нөлөөг үзүүлж байна. Мөн газрын үнэт металь, ховор элементийн хэрэглээ ч их бий.