ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дотуур байрны хүрэлцээгүйгээс сэхээтэн бус “тэнүүлчид” бэлтгэгдэх болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-07

Жил жилийн намарт олон мянган оюутан эрдмийн мөр хөөж нийслэл хотыг зорьдог билээ. Тэд Монгол орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган бээрийг туулсаар их хотод ирэхдээ паартай байшинд амьдарч, паалантай жорлон хэрэглэж, сурах үйлсдээ шамдахаас өөр санаа зовох зүйлгүй гэсэн гэгээн төсөөлөл тээсээр ирдэг нь нууц биш. Гэтэл хөдөөнөөс ирсэн оюутнуудын хүсэмжит энэ хотод тэдний төсөөлсөн шиг амьдрал угтах нь ховор. Утаа униар, үнэр танарыг яриад ч хэрэггүй. Хамгийн түрүүнд тэд амьдрах газраа олох хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Их дээд сургуулиудын дотуур байр хаанаа ч хүрэлцдэггүй учраас дотуур байранд орно гэдэг нь аз, эзийн асуудал байдаг гэхэд болно. Сургуулиудын дотуур байр хүрэлцээгүй байна гэсэн асуудал ярьсаар олон намрыг үдсэн ч өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөн зүйлгүй байгаа нь нууц биш.

Жил бүр уламжлал мэт хэсэгхэн шуугиад өнгөрдөг энэ асуудлын талаар бодит байдлыг сурвалжлахаар хэд хэдэн их, дээд сургуулиар орлоо. Бид хамгийн түрүүнд МУБИС-ийг зорив. Олны нэрлэж заншсанаар “Их сургуулийн гудамж” оюутны хөлд дарагдан, нааш цааш хөлхөх хүмүүсийн урсгал үл тасрах ажээ. Зуны гурван сараас бусад үед бужигнан байх гудамж, энэ дүр зураг хэзээний танил, дотно санагдаж, нэгэн цагт энэ замаар хичээлдээ яаран гүйдэг байсан оюутан үе өөрийн эрхгүй санагдана. Олны дунд уяран алхсаар МУБИС-ийн төв байрны гадаа иржээ. Дотогш орж, үүдний жижүүрээр заалган “Оюутны хөгжлийн алба”-нд очлоо. Ирсэн хэргээ учирлаж хэнтэй уулзахаа хэлэхэд Нийтлэг үйлчилгээний албаны мэргэжилтэн Б.Оюунцэцэгтэй уулз гэв. Түүнээс дотуур байрны хүрэлцээ хэр байдаг, хичнээн оюутан дотуур байранд орох хүсэлт гаргасан, хэд нь байранд орсон талаар тодрууллаа.

Тэрбээр “МУБИС-ийн харьяа долоон салбар сургуулийн нийт 8000 орчим оюутны 1520 нь дотуур байранд хамрагддаг” гэв. Өөрөөр хэлбэл, нийт оюутны 20 хүрэхгүй хувь нь хамрагдаж байна гэсэн үг. “Харин нэгдсэн дүн гараагүй учраас дотуур байранд орох хүсэлт гаргасан хэчнээн оюутан байгаа талаар мэдээлэх боломжгүй байна” гэлээ. Оюутнуудыг ямар зохион байгуулалтаар дотуур байранд оруулдаг талаар сонирхоход “Эхний ээлжинд нэгдүгээр курсын оюутнуудыг авч дууссаны дараа өрөө үлдсэн байвал хоёр, гуравдугаар курсын оюутнуудыг сугалаагаар сонгодог” гэсэн юм. Учир нь шинэ оюутнууд их хотын амьдралд дасаагүй, газар сайн мэдэхгүй учраас ногоон гэрлээр ордог зарчимтай аж. Харин “хууччууд” бол хоёрдугаар ээлжнийх. Энэ зарчим биднийг оюутан үед ч байж л байсан. Учир нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд хамгийн сайн тохирох, сонгодог арга болохоор боловсролын салбарт нэгэнт “нутагшсан” нь энэ аж.

 

Оюутны байранд орох дараалалд зогсохын тулд хичээлээсээ чөлөө авдаг

 Бид хичээлийн байрнаас гарч МУБИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байранд очлоо. Өргөдөл барьсан оюутнууд байрны үүдэнд урт дараалал үүсгэн бужигнаж байв. Тэдний зарим нь өдрийн хурц наранд халж ядахдаа хүсэлт гаргах өргөдлөө хаалт болгон ашиглажээ. Харин нэг хэсэг нь явган суусан нь энд багагүй хугацаанд зогссоныг илтгэх аж. Дотогш орж байрны багштай уулзах гэтэл дугаар дайрлаа хэмээн энд тэндээс сандран орилолдов. Ирсэн хэргээ тайлбарлаад “үүдэнд байрлах хоёр ч шалган нэвтрүүлэх”-ээр амжилттай орж тус байрны зохион байгуулагч н.Оюунтунгалагтай уулзлаа. Тэрбээр “Оюутнуудаа бүртгэж байгаа. Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Өмнө нь өөр хүн ажиллаж байсан учраас сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

Дугаарлан зогссон оюутнуудтай уулзахад тэдний дунд хичээлээсээ чөлөө аваад дугаарлаж байгаа оюутан хэд хэд байлаа. Учрыг асуувал бүртгэлд хугацаа заасан тул тэд амжиж бүртгүүлэх гэж ийнхүү чөлөө авсан хэмээн тайлбарлаж байна. Мэдээж 8000 орчим оюутнаас байранд орох 1720 гэсэн тоонд орно гэдэг азийн хэрэг. Тиймээс тэд байрны асуудлаа нэгдүгээрт тавих нь ч зүйн хэрэг. МУБИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр 430 мянган төгрөг байдаг. Төлбөр төлсний дараа бүртгэлд ордог тул заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй бол байргүй үлдэхийг оюутнууд ярилаа. Урт дарааллаас гарч Оюутны өргөөний зүг явахдаа зам нийлсэн охиныг Б.Итгэлжаргал гэдэг аж. Тэрбээр тус сургуулийн Англи, япон хэлний хоёрдугаар ангийн оюутан гэнэ.

Байранд орох сугалаанд аз дайрсан ч гэнэтийн байдлаар ээж нь хотод суух болсны учир жилийн төлбөр гэж төлсөн 430 мянган төгрөгөө буцаан авахаар хөөцөлдөж байгаа хэмээн ярилаа. Төлбөрөө буцаан авахад тодорхой хувийг нь шимтгэлд авдаг талаар ч хуучлав. Бид Б.Итгэлжаргалын амьдардаг Оюутны өргөөнд очлоо. Энэ байранд 900 оюутан амьдрах боломжтой аж. Анх “Оюутны өргөө”-г барихад хандив өгсөн хувийн хэвшлийн болон улсын сургуулиудын оюутнууд амьдардаг юм байна. Ихэнх нь хувийн хэвшлийн сургуулийн оюутнууд байдаг хэмээн дотуур байрны багш нь ярив. Энэ байрны нэг сарын төлбөр 85 мянга гэж тооцоод оюутнууд 850 мянган төгрөг төлөөд орох боломжтой аж. Нэг дор 850 мянган төгрөг төлөх боломжгүй оюутнууд ч цөөнгүй бий гэдгийг мартаж болохгүй. 

 

МУИС-ийн оюутныг “Оюутны өргөө”-нд хүлээж авдаггүй

Манай сурвалжлах баг МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд очлоо. Хичээл сонголт, дотуур байрны бүртгэл гээд мөн л оволзож байна. Сургалтын албанаас мэдээлэл авах гэтэл, “Бүртгэл явагдаж байгаа тул тодорхой юм байхгүй. Дотуур байрны хүрэлцээ хаана ч хүрэхгүй байгаа нь мэдээж” гэв. Тус сургуулийн хувьд дотуур байрны төлбөр 400 мянга аж.  Сонгон шалгаруулалтын хувьд мөн дээр дурдсан шинэ оюутнаас эхэлдэг зарчим үйлчилдэг байна. Харин аз дутсан хоёр, гуравдугаар ангийнхан нийтийн байр болон хажуу өрөө хөлслөхөөс өөр аргагүй байдалд ордог тухай ярьж байлаа. Сургалтын албанд өргөдлөө өгөх гэж дугаарлан зогссон охинтой ярилцахад тэрбээр гуравдугаар курсын оюутан гэв.

Тэрбээр МУИС-ийн оюутнуудыг “Оюутны өргөө”-нд оруулдаггүй гэсэн юм. Учрыг асуувал тус байр баригдахад МУИС хандив өгөөгүйн улмаас үе үеийн МУИС-ийн оюутнуудыг ийн “цээрлүүлэх” болсон аж. Тиймээс дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутанд нийтийн байр болон, хажуу өрөө түрээслэхээс өөр сонголт байдаггүй аж. Гэтэл мөнөөх нийтийн байрны амьдрал бас л бүрхэг. Архидалт, завхайрал, эмх замбараагүй байдал, элдэв дарамт энд л үүрлэдэг. Ялангуяа эмэгтэй оюутны хувьд энэ нь хүндхэн асуудал болох нь мэдээж. Үнэ төлбөрийн хувьд сарын 100 мянгаас эхэлдэг ч хотын төвд ойрхон бол 150 мянгаас хямд газар байдаггүй. Арай дөмөгхөн, харуул хяналттай байрууд нь 200 мянгаас эхэлдэг байна. Энэ нь оюутнуудын хувьд багагүй мөнгө. Сар бүр заасан хугацаанд мөнгөө төлж чадахгүй бол идэр есийн хүйтэн ч хөөгдөөд л гардаг тухай тэд учирлаж байв. Ихийн газрыг зорьж, эрдэм сурахаар ирсэн оюутнууд ийнхүү нийтийн байр дамжсан “тэнүүлчид” болон хувирч байна. 

 

МҮИС дотуур байрны хүрэлцээ сайтай ганц сургууль

 Манай сурвалжлах баг Монголдоо хамгийн том гэх тодотголтой МҮИС-ийн дотуур байрны нөхцөл байдлыг сонирхон тус сургуулийн байранд очив. Энд дугаар үймээн бужигнаан болж байгаа газар харагдсангүй. Учрыг сурвал оюутны байранд орох гэж урт дараалал үүсгэх шаардлага байдаггүй аж. Тус сургууль нийт 13 мянган оюутантай гэнэ. Хичээлийн байрны дэргэд байрлах 11 давхар оюутны орон сууц нь 1000 оюутны багтаамжтай юм байна. Энэ нь дотуур байранд суух хүсэлтэй оюутнуудын хэрэгцээг бүрэн хангадаг хэмээн ярилаа. Дотогш ороход үүдний хамгаалалтын ажилчид угтав. Ирсэн учраа хэлж үнэмлэхээ үзүүллээ.

Энэ байрны өрөө тус бүр гал тогооны болон угаалгын өрөөтэй. Шинэхэн байр болоод ч тэр үү маш цэвэрхэн, саруул юм. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр орцтой тул оюутны байруудад гардаг элдэв асуудал байхгүй аж. Байрны жилийн төлбөр 750-850 мянган төгрөг байдаг байна. Нэг улсын нэг салбарын дүр төрх гэхэд өдөр шөнө шиг ялгаатай нөхцөлд оюутнууд амьдарч байлаа. Жилээс жилд хэдэн арван мянгаар ирэх оюутан залуусын бодит нөхцөл ийм байна. Дотуур байрны хүрэлцээгүйгээс болж орох газар, очих хаяггүй тэнүүчлүүлсээр байх уу...