Манай сонинд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Элит” хотхоны таван давхар орон сууцанд шинээр хоёр давхар барилгыг зөвшөөрөлгүй барьж, оршин суугчдын аюулгүй байдал болоод амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулаад байгаа тухай мэдээллийг оршин суугчдын зүгээс ирүүлсэн юм. Бид мэдээллийн дагуу бодит нөхцөл байдлыг сурвалжилхаар “Элит” хотхоныг зорилоо. Биднийг очиход “Элит-2” гэх шар өнгийн таван давхар орон сууцны дээр догол үүсгэн барьсан зургаа дахь давхар дээр нэмж долоо дахь давхарыг барих ажил явагдаж байв.
Хууль бус барилгын ажлыг эсэргүүцсэн оршин суугчийг зоддог болсон гэв
Тус байрны оршин суугч н.Амарсайхантай уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахад “Бид бүр цөхөрч гүйцээд байна. н.Нямбаяр гэдэг хүн манай орон сууцны дээр ямар ч зөвшөөрөлгүйгээр хоёр давхар барилга барилаа. Одоо долоо дахь давхарыг нь барьж байна. Бид олон удаа эсэргүүцсэн. Хууль хяналтын байгууллагад оршин суугчдын гарын үсэгтэй өргөдөл гомдол өгсөн байгаа. МХЕГ-ын Г.Вандандэмид гэдэг байцаагч саяхан ирж үзээд өдий болтол баригдчихсан юмыг яаж нураах юм бэ гэсэн юм яриад байна билээ. н.Нямбаярт өөрт нь хэлэхэд “Би энэ байрыг худалдаж авахдаа дээр нь нэмж давхар барина гэсэн албан ёсны гэрээг “Номноо” ХХК-тай хийсэн. Гэрээнийхээ дагуу л ажил хийж байгаа” гэдэг. Гэтэл албан ёсны ямар ч зөвшөөрөл, бичиг баримт байхгүй. Эхэндээ бидэнд энэ тухайгаа тайлбарлахдаа “Анх улсын бүртгэлд орохдоо таван давхар гэж орсон учраас зургаа, долоо дахь давхар барих зөвшөөрөл олдохгүй байгаа. Бүртгэлд байхгүй учраас олгодоггүй юм байна. Гэтэл би худалдаж авахдаа нэмж давхар барихаар гэрээ хийсэн” гэж учирладаг байснаа одоо биднийг үл тоож, нохой хуцсан чинээ тоохгүй байна. Бүр эхнээс нь зодоод эхэллээ. Өчигдөр намайг яг энд н.Нямбаяр цохисон.
Яахав жижигхэн биетэй болоод ч тэр үү нэг их өвдсөн юм байхгүй болохоор дуугүй орхисон. Юм хэлсэн оршин суугчдыг зодоод эхэллээ. Арай л хэрээс хэтэрсэн юм болоод байна” хэмээн учирлалаа. Биднийг тус байрны гадаа оршин суугчтай уулзаж байхад барилгын ажилчид баригдаж байгаа долоо дахь давхар дээрээс байн байн тонгойн харж байснаа нэг хүн харагдахгүй болов. Бид тус байрны таван давхрын оршин суугчтай уулзав. Тэрбээр “н.Нямбаяр гэж хүн амар заяа үзүүлэхээ байлаа. Гэр орондоо ч амарч, сууж чадахгүй байна. Ямар ч албан ёсны зөвшөөрөлгүй, дур зоргоороо барилгын ажил явуулж байгаа. Манай байрны дээврээс ус алдаад байхаар нь СӨХ-д хэлсэн юм.
Дээвэр янзлаад байгаа юм байна гээд дуугүй байгаад байсан чинь давхар нэмж барьж байсан юм билээ. Хэд хоног хөдөө яваад ирэхэд ингээд шинэ давхар нэмчихсэн барилгын ажил хийгдээд байж байна. Өргөдөл, гомдол барьж бишгүй гүйлээ. Чимээ сураг ч алга. Мэргэжлийн хяналтын байцаагч дээр очоод хэрэлдээд ирсэн. н.Нямбаярыг илт өмгөөлөөд байна билээ. Намайг очиход өөдөөс, “Та яагаад баригдаад дуусч байгаа барилгыг нураалгах гээд байгаа юм бэ. Танд ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш үү” гэж байсан. Би мөнгө хөрөнгө зарж, худалдаж авсан байрандаа амар тайван байх эрхээ л хамгаалах гэж явж байгаа болохоос биш юун ашиг сонирхлын зөрчил байх вэ дээ. МХЕГ-ын байцаагч нь өөрөө хууль зөрчөөд байгаа мөнгөтэй хүнийг өмгөөлж, хаацайлаад байхад бид яах юм бэ” хэмээн ярилаа.
Манай сурвалжлах баг оршин суугчдаар заалган тус байрны зургаан давхрын 13 тоотод амьдардаг гэх н.Нямбаярын үүдэнд очлоо. Хаалгыг удаан тогшсоны эцэст халимаг үстэй хижээл насны эмэгтэй хаалга тайлав. Бид н.Нямбаяр гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэтэл, “Байхгүй байна. Манайхыг МХЕГ-т өгчихсөн шүү дээ. Тэр газар нь л асуудлыг шийднэ биз” гээд үг хэлэхийн завдалгүй хаалгаа хааж орхив. Тэндээс явж амжаагүй байхад 40 орчим насны эрэгтэй хүн ирж, тэдний хаалгыг тогшлоо. Залуухан бүсгүй хаалга тайлангуут, мөнөөх ахад хандан “Та энэ охинд юу ч яриагүй биз дээ” хэмээн лавлахад “Үгүй юу ч яриагүй. Дөнгөж ирээд л хаалга цохилоо” гэсээр дотогш оров. “Элит” хотхонд үүсээд байгаа нөхцөл байдлыг ерөнхийд нь ойлгосон манай сурвалжлах баг уг асуудлыг МХЕГ-аас тодруулахаар очлоо. Энэ асуудлыг хариуцан ажиллаж байгаа МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмидтэй уулзахаар өрөөнд ороод ирсэн хэргээ учирлатал, “Чи аль талын хүн бэ.
Хэнийх нь талд нийтлэл бичих юм бэ” хэмээн асууж гайхшруулав. Зөвшөөрөлгүй барилга бариад байна гэсэн мэдээллийн дагуу явж байгаагаа хэлтэл, “Зөрчлийг шалган шийдвэрлэх шатандаа явж байгаа. Тийм учраас шалгаж дуусаагүй байхад мэдээлэл өгөхгүй” хэмээн эрс цааргалав. Бид Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан тухай сонссоноо хэлэхэд, “Уг нь н.Нямбаяр анх оршин суугчдаас санал асуулга авсан юм билээ. Тэгэхэд оршин суугчид давхар барихыг зөвшөөрсөн бичиг нь надад одоо байна. Анх БХБЯ-ны сайд асан Ц.Цолмон гуайгаас худалдаж авахдаа нэмж давхар барина гэсэн гэрээ хийж авсан байсан. Тэгээд ч 70-80 сая төгрөг зарцуулаад, одоо барилгын ажил нь 70-80 хувьтай болчихсон байхад нураана гэдэг хэцүү биз дээ. Өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулсан тэр хүнд ч гэсэн хэцүү шүү дээ” гэв. н.Нямбаярын оршин суугчдаас зөвшөөрөл авсан гэх баримт бичгийг үзвэл, ус гоожоод байгаа орон сууцны дээврийг СӨХ засварлахгүй байгаа учраас айл тус бүр 699 мянган төгрөг гаргаад өөрсдөө засварлая. Эсвэл дээвэр засварлах бүх мөнгийг би гаргаад, оронд нь орон сууцны дээр нэмж монсарт барих зөвшөөрөл авъя гэсэн хоёр сонголт бүхий баримт байв. Тэндээс үзвэл, ихэнх айлууд хоёр дахь сонголт буюу мөнгийг н.Нямбаяр гаргаж засварлахыг сонгосон гарын үсэг бүхий баримт байлаа. Энэ баримт баттай байлаа гэхэд барилга барих зөвшөөрлийг оршин суугчид олгодоггүй гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Зогсоох шийдвэр гараад долоо хонож байхад барилгын ажил үргэлжилж байна
Барилгын ажлыг зогсоох шийдвэр өнгөрсөн баасан гарагт гарсан гэх оршин суугчийн мэдээллийн дагуу Нийслэлийн прокурорын газрыг бид зорив. Уг асуудлын талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Уртнасантай уулзаж тодрууллаа. Тэрбээр шалгаж үзээд, “Зөрчлийн тухай хуулийн дагуу, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр есдүгээр сарын 13-ны өдөр уг барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан байна” гэв. Зогсоох шийдвэр одоогоос долоон хоногийн өмнө буюу есдүгээр сарын 13-нд гарчихсан байхад барилгын ажил үргэлжилсээр байгаа нь хачирхалтай.
Түүнчлэн барилга барих зөвшөөрлийг олгох эрх бүхий байгууллага болох Нийслэлийн хот төлөвлөлтийн газрыг зорив. Ерөнхий төлөвлөгөөний газрын, хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулын мэдээлснээр “Орон сууцанд нэмж давхар барихыг хуулиар хориглосон байдаг. Харин “Элит” хотхоны хувьд Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт зургаан давхраар бүртгэлтэй байна. Үүн дээр долоо дахь давхрыг нэмж барих зөвшөөрөл гэж байхгүй. Хуулиар хориглосон” гэв. Тэгвэл Орон сууцны тухай хуулийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” хэмээн заажээ. Эндээс үзвэл “Элит-2” хотхоны таван давхар барилга дээр хоёр давхрыг нэмсэн нь хууль бус үйл ажиллагаа болох тодорхой. Оршин суугчдын мэдээлснээр зургаа дахь давхрыг 2007 онд барьж, одоо долоо дахь давхар баригдаж байгаа нь энэ аж.
Хууль бус, зөвшөөрөлгүй болохыг тогтоогоод эцсийн шийдвэр гарчихсан байхад уг асуудлыг хариуцсан МХЕГ-ын улсын байцаагч Г.Вандандэмид “Зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөхгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Хянасан, хянагдсан хоёрт ашиг сонирхлын ямар нэг холбоо байна уу.
Тэгвэл хэргийн эзэн н.Нямбаяр асуудалд ямар тайлбар өгөхийг сонирхож утсаар холбогдов. Тэрбээр, “Зөвшөөрөлгүй гэдэг нь үнэн. Гэхдээ хэвлэл мэдээллийн ажилтан та нар энэ мэт аар саархан авгайчуудын хов жив биш улс оронд болоод байгаа тэр 60 тэрбумынхаа асуудлыг ярь. Би өөрөө ч гэсэн хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Миний найзууд ч наана чинь өчнөөн байна. Би тэр барилгыг чинь барьсан, нэгэн цагт сайд хийж явсан Ц.Цолмонгоос монсарт дээвэр нэмж барих гэрээ хийж авсан юм. Оршин суугчид өөрсдөө намайг мөнгөө гаргаад дээврээ зас гэсэн. СӨХ-г засварлахыг хүлээж найм, есөн жил ус гоожуулж амьдарлаа. Угаасаа сард 20 мянган төгрөг авдаг СӨХ-нд дээвэр засварлах чадал байхгүй. Зүгээр нэг билгэдлийн чанартай юм байгаа. Саяхан болсон СӨХ-ны хурал дээр намайг Ц.Цолмондоо юу ч хэлж чаддаггүй гэсэн юм ярьж байна билээ. Энэ байранд амьдардаг УИХ-ын гишүүдийн авгай нарын Ц.Цолмон руу дайрах гэсэн л юм яваад байгаа юм. Бид ямар юманд амьдарч байсан зураг нь ч надад байна. МХЕГ-ынхан ирж үзээд “Энд амьдарч болж байсан юм уу” гээд гайхаж байсан” хэмээн ярив. Тэр ийм тайлбар өглөө. Тэгвэл хохироод байгаа оршин суугчид яах вэ. Тэднийг өмгөөлж хамгаалах, хууль бус барилгын ажлыг хянах үүрэгтэй МХЕГ-ын байцаагч мэдээлэл өгөхгүй гэсэн байр суурьтай байна. Одоо тэд хэнд хандах вэ. Цонхыг нь хааж, тагтаар нь олс унжуулан тоосго зөөж, амь нас эрүүл мэндийг нь эрсдэлд оруулсаар байх уу.