ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцийн дарга Д.Одбаярыг огцруулах үндэслэл бүрджээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-04-30

Одоогоос хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг Цэцэд маргаан үүссэн асуудлаар урьчилан байр сууриа илэрхийлсэн, Д.Сугар гишүүнд хууль бус сахилгын шийтгэл ногдуулсан, албан ёсоор нийтлэгдээгүй хуулиар маргаан үүсгэж хуулийг ноцтойгоор зөрчсөн хэмээн УИХ-аас огцруулж байв.

Ж.Амарсанааг Цэцийн даргаар ажиллаж байх үед тус байгууллагын нэр хүнд шавар шавхайтай хутгалдах хүртлээ унаж байлаа. Тухайлбал, жилийн орлогоосоо 40.5 дахин өндөр дүнтэй хөрөнгөө ХОМ-тээ тусгахгүй гурван жил гүрийсэн Д.Сугар гишүүнийг авч үлдэхийн тулд цалинг нь 30 хувиар бууруулах тухай хууль бус сахилгын шийтгэл оногдуулсан, Үндсэн хуулиа “зарж” “Лексус-570” машин авч унасан хэмээн хэвлэлээр баалуулж байв.

Үүгээр ч зогсохгүй, Цэцэд маргаан үүсгэсэн асуудлаар “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа “Сонгуулийн хууль Үндсэн хуулийг зөрчсөн байна билээ” хэмээн байр сууриа урьдчилан илэрхийлж, нийтлэгдээгүй хуулиар маргаан үүсгэж, олон жилийн турш хуулийн салбарт ажиллаж, академич болтлоо дэвшсэн хүнээс гарамгүй бүдүүлэг алдаа гаргаснаас болж огцорсон юм. Хэдийгээр Ж.Амарсанааг огцруулах процесс нь хуулийн хувьд алдаа мадагтай болсон байж болох ч хууль зөрчсөн үйлдэлд нь зохих хариуцлагыг ногдуулсан нь маш зөв хэмээн тухайн үед хуульчид байр сууриа илэрхийлж байлаа.

Ж.Амарсанаа академичид УИХ-аас хариуцлага ногдуулсны дараагаас Цэцийн гишүүд хэлж буй үг, хийж буй үйлдэлдээ хянуур няхуур ханддаг болсон гэж бодтол буруу байжээ.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард Үндсэн хуулийн цэцийн даргаар нөхөн сонгогдсон Д.Одбаяр Ж.Амарсанаагаас илүү байж чадсангүй. Цэцийн даргыг тамгыг атгаад ердөө нэг жил ч хүрээгүй байхдаа өмнөх даргыгаа огцруулахад хүргэсэн бүх ноцтой алдааг давтаад байна.

Тухайлбал, иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг асуудлыг Цэцэд гаргасан байдаг юм. Уг асуудлыг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нэр нь байнга дурьдагдсаар байгаа цэцийн гишүүн Д.Сугар хянан үзэж, маргаан үүсгэх шийдвэрийг гаргасан байдаг юм. Түүгээр ч зогсохгүй Цэцийн дунд суудлын хуралдаанд Д.Сугар биечлэн оролцсон ноцтой зөрчлийг гаргажээ.

Монгол Улсын шүүгч нар өөрийнхөө ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудалд таслах эрхтэйгээр огт оролцдоггүй. Оролцсон нь тогтоогдвол түүнд сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээг авдаг байна. Харин Д.Одбаяр дарга энэ бүхнийг мэдсээр байж Д.Сугарыг тус хуралд оролцуулсан ноцтой зөрчил гаргасан юм.

Мөн Д.Одбаяр дарга УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод 2018 оны дөрөвдүгээр сарын 02 өдөр явуулсан 1/142 дугаарт албан бичигтээ “Захиргааны хэргийн шүүх нь Засгийн газрын шийдвэрийг хянах эрхгүйг Цэцийн дүгнэлтээр тогтоосон байхад маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн энэхүү буруу практикийг залруулж, холбогдох шийдвэрийг хянан үзэх шаардлагатай” байна гэсэн маш ноцтой албан бичиг хүргүүлсэн байх юм.

Д.Одбаяр даргын энэхүү үйлдэл нь шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтойгоор зөрчсөн, Цэцээр хэлэлцээгүй маргааны асуудлаар урьдчилан байр сууриа илэрхийлсэн, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон, шүүгчийн хараат бус байдалд шууд халдсан зэрэг ноцтой зөрчил болжээ.

Тэрбээр УДШ-д илгээсэн ганцхан албан бичигтээ, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.4 хэсэг, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.2 дахь заалт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 15.4.1 дэх хэсгийг ноцтойгоор зөрчсөн байв.

Дэлхийн улс орнууд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр Б.Чимид агсан шиг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг, шилээвэр хуульчийг сонгон шалгаруулж томилдог байна. Харин тэгэхэд манай улс өөрсдийнхөө үгнээс гардаггүй, өгсөн үүрэг даалгаврыг нь ёсчлон гүйцэтгэгдэг, улстөрч, түүхч, инженер, эм зүйч зэрэг эрх зүйн мэдлэг ойлголт дутмаг нэгнийг Цэцийн гишүүнээр томилж буйгаас ийнхүү алдаа завхрал гардаг болоод байна.

“Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр бус “Лексус-570” байдаг юм байна” хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд шүүмжилж, хуулийг ноцтойгоор зөрчсөн Ж.Амарсанаа даргыг огцруулж байсан юм. Харин түүнтэй яг ижил зөрчил гаргасан Д.Одбаярыг огцруулах үндэслэл бүрэн бүрдсэн бөгөөд түүнийг Цэцээс явуулах эсэх нь М.Энхболд даргын тааллаас шалтгаалах нь.