Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын ажилчин, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр автотээврийн салбарт нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай, тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Б.Энх-Амгалан сайд Тээврийн салбарт гарч буй гажуудал, дутагдлуудыг онцлохдоо “Тээврийн салбарт гарч байгаа дутагдлуудын ихэнх нь ажилчдын хариуцлагатай холбоотой. Ялангуяа жолооч нарын хариуцлага сул байна. Тиймээс нэн тэргүүнд хийх ажил бол жолооч нарын мэргэжлийн ур чадвар, мэргэшсэн байдалд анхаарах хэрэгтэй. Чанартай жолооч бэлтгэхэд чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байна. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үзлэг оношилгоонд анхаарч, хяналтаа сайжруулах хэрэгтэй.
Түүнээс гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, такси үйлчилгээний нөхцөл байдал, улсын дугаарын үйлдвэрүүдэд анхаарахгүй бол эмх замбараагүй байдалтай ажиллаж байна” гэв. Такси үйлчилгээ тойрсон маш олон асуудал байгааг онцолж, тэднийг нэгдсэн системд оруулж, албажуулах нь хамгийн зөв, аюулгүй аргачлал гэлээ. Хувиараа такси үйлчилгээнд явж буй иргэд үйлчилгээний үнээ өөрчлөх, цахим болгох, аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд зөвшөөрөл олгодог системд шилжүүлнэ гэдгийг энэ үеэр мэдэгдлээ. Мөн автомашины улсын дугаарын үйлдвэрүүд хэт олон байгааг шүүмжилж, “С” зөвшөөрлийг цэгцлэх ёстойг анхааруулсан юм.
“С” зөвшөөрлийн асуудалд хэрхэн зохицуулалт хийх талаар Б.Энх-Амгалан сайдаас тодруулахад “Одоогоор “С” зөвшөөрлийг түр зогсоосон байгаа. Улсын дугаарыг өнгөтэй олгох зохицуулалт хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, хүнд даацын автомашины дугаарыг хар өнгөтэйгөөр олгоно. Ингэснээр энэ машин тусгай зориулалтын замаар явах ёстой машин гэдгийг дугаарын өнгөнөөс хараад ялгах боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, хар өнгийн дугаартай, тусгай зөвшөөрөлтэй машинууд тээвэрлэлтэд явах ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол Тавантолгойд л гэхэд 3-4 машин нэг дугаартай байх зэрэг замбараагүй байдал бүрдсэн. Тиймээс тусгай зөвшөөрлийг нарийн журмаар цэгцлэх ёстой юм. Энэ ажлыг дэд сайдын ажлын хэсэгт хуваарилж өгсөн. Дэд сайд шууд удирдлагадаа авч, журмыг шинэчлэх ажлыг хийж байна. Түүнээс гадна улсын дугаарын 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүдийн хүчин чадал боломжийн түвшинд байгаа. 90 мянган машинтай улсад дугаарын 30 үйлдвэр байх шаардлагагүй.
Тиймээс эдгээр үйлдвэрүүдийг атестатчилж, стандарт шаардлага хангасан үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах талаар анхаарах хэрэгтэй” гэв. Тээврийн салбарт тулгамдаж байгаа эдгээр дутагдлуудаас гадна ажилчин, албан хаагчдын ёс зүйн асуудлыг хөндөж, үйл ажиллагаагаа ил тод байлгахыг үүрэг болгосон юм. Автотээврийн үндэсний төвийн ажилчидтай уулзсаны дараа тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хэлтэст хот, хоорондын болон нийслэл дэх нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусуудыг нэгдсэн журмаар хянадаг төв сервер ажилладаг аж. Хяналтын серверт ямар улсын дугаартай автобус хаанаас, хэдэн цагт хөдөлж, хэдэн километрийн хурдтай, хаана явж байна вэ гэдэг нь нэг бүрчлэн тодорхой харагддаг байна. Хурд хэтрүүлсэн буюу орон нутгийн замд цагт 70 километрээс их хурдтай явбал, төв серверийн хяналтын самбарт дохиолол ирдэг аж. Бүр тухайн автобусанд хэдэн хүн зорчиж явааг хүртэл хянадаг гэдгийг Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран танилцууллаа.
Энэхүү хяналтын системийг Б.Энх-Амгалан сайд сайшааж, цаашид улам сайжруулахыг үүрэг болголоо. Автотээврийн Үндэсний төвийн алба, хэлтсүүдтэй нэг бүрчлэн танилцаж, үүрэг чиглэл өгснийхөө дараа тус газрын үйл ажиллагаа цахимжиж байгааг сайшаан, цаашид тээврийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, цаг хэмнэсэн байх үүднээс цахим үйлчилгээний бодлогыг улам боловсронгуй болгохыг анхааруулсан юм.